Эмх цэгцгүй хаягжилтыг цэгцэнд оруулая
замчлалын зэрэг олон зориулалтаар ашигладаг. Гэтэл хүмүүс өдөр тутмын амьдралдаа хаягийг хэрэглэдэг мөртлөө хэрэгцээг нь тэр болгон мэддэггүй бололтой юм
Стандартын дагуу хийгдсэн хаягийн самбарууд нийслэл хотод маань хангалттай хэмжээнд байдгүйгээс үүдэж гудамж, талбайн нэршлийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой сайн мэддэггүй. Үүнээс үүдэн барилга байгууламжийн хаяг дугаарыг стандартын дагуу хийж байрлуулах шаардлага тавигдаж байгаа юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, нягтрал ихсэж, эдийн засгийн хөгжил, зах зээлийн үйл ажиллагаатай холбогдуулан барилга байгууламжийн тоо, гудамж талбай, зам тээврийн үйл ажиллагаа өргөжиж байгаа бөгөөд эдгээрийг зөв зохион байгуулалтанд оруулах нь зүйтэй санагдана.
Хаягийн эмх замбараагүй, тодорхой бус байдлаас болж олон хүндрэл бэрхшээлүүд гардаг. Эдгээрээс жишээ дурдвал, яаралтай эмнэлгийн түргэн тусламж дуудсан тохиолдолд яаралтай очиж чадаагүйгээс эмнэлгийн тусламж оройтож авах, хүний амь нас эрсдэх, мөн гал команд, цагдаагийн тусламж дуудсан тохиолдолд хоцорч очсоноос их хэмжээний хохирол учрах зэрэг бэрхшээлтэй асуудалтай байнга тулгарсаар байна. Мөн сонгууль болоход будилаан үүсэх нэг шалтгаан нь хаяг тодорхойгүй айлууд болдог. Задгай хэмээх бүртгэл сонгууль будлиантуулах гол хэрэгсэл болсоор ирсэн. Ямар нэг сонгуулийн өмнөхөн сонгуульд зориулж хаягийн бүртгэл, хаягжилтын асуудлыг ярьж эхэлдэг. Хаягийн давхардал их байдгаас сонгогчдийн тоог үнэн зөв гаргахад ч хүндрэлтэй. Гадаад ба дотоодын иргэд хаягийн талаарх мэдлэг, мэдээлэл муутайгаас очих газраа олохгүй төөрч будилах тохиолдол их гардаг. Манай оронд ирсэн жуулчид улсын маань нийслэл Улаанбаатарт ганцаараа явах нь бүү хэл газрын зураг бариад ч олохгүй газар олон байдаг бололтой.
Энэ мэт олон хүндрэлүүд зөвхөн хаягжилтаас үүсэж гардагийг бид дээрх жишээнүүдээс харж болох юм. Цаашид гудамж талбай, замын хашлагын урсгал засвард нэг сарын насгүй хайс хашлага, шон мэтийн зүйл босгож татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байхын оронд нийслэл хотынхоо хаягжилтыг анхаарч үзээд энэ талаар дорвитой ажил эхлүүлэх нь хаана хаанаа хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй болов уу
С.Саранзаяа
Оллоо.мн