Б.Алтанцэцэг Энэ хууль ёстой л нийгмийн захиалгаар гарсан хууль мөн
бөгөөд нөгөөдөр буюу наймдугаар сарын 1-нээр дуусч байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэрээр нийгмийн шилжилтийн үед ажилгүй болсон ард иргэдийнхээ ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн олгох, үнэхээр цагаа олсон энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтанцэцэгээс дараах тодруулгыг авсан юм.
-Хоёр хоногийн дараа хэрэгжиж дуусах энэ хууль Баянзүрх дүүрэгт ямархуу явцтай байна. Ер нь тооцоолж байсан хүмүүсийнхээ тоонд хүрсэн үү. Манай иргэдийн оролцоо, идэвх ямархуу байв?
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтэд төлөвлөгөө ёсоор манай Баянзүрх дүүргийн 20 мянган хүн хамрагдах тооцоо гарч байсан ч өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган хүн бүртгэж, баталгаажуулалтад явуулахад бэлтгээд байна. Эндээс харахад ард иргэдээ тэтгэврийн даатгалд бүрэн хамруулах зорилготой энэ чухал хуулийн хэрэгжилтэд манай иргэд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь мэдрэгдэж байна.
-Тооцоолж байснаас 10 мянга гаруй хүмүүсийн материал илүү хүлээж аваад байгаа нь юутай холбоотой вэ?
-Баянзүрх дүүрэг нь иргэдийн хөдөлгөөн хамгийн ихтэй газар. Нөгөөтэйгүүр энэ хуулийн хэрэгжилтэд зөвхөн Баянзүрх дүүргийн иргэдийг хамруулаагүй. Нөхөн даатгалын ажиллагааг шуурхайлахын тулд дүүрэг харгалзахгүй бичилт хийж байгаа нь тооцоолсноос илүү 10 гаруй мянган хүнд үйлчлэх нөхцлийг бүрдүүллээ. Тэгээд ч Нарантуул, Да хүрээ, Цайз, Өгөөмөр гээд том захуудад худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг дүүрэг, хороо харгалзалгүй үйлчил гэсэн НДЕГ-ын тушаалын дагуу ард иргэддээ үйлчилж байгаа учир ийм өндөр үзүүлэлттэй гарч байна.
-Ер нь улсын хэмжээгээр нийгмийн даатгал нөхөн тооцох хуульд хэдэн мянган хүн хамрагдах тооцоотой байсан юм бол?
-Ойролцоогоор 500 мянга гаруй хүний асуудал яригдах тооцоотой байсан. Ер нь энэ тоондоо ойртож байгаа байх гэж бодож байна.
-2012 оны 10 дугаар сараас хэрэгжсэн хуулийг манай иргэд эхэндээ жаахан ойлгохгүй байснаас ч юм уу, хэрэгжих хугацаа нь дуусах дөхөөд ирэхээр хаа сайгүй энэ хуулинд хамрагдах гэсэн иргэдийн дараалал их байна шүү?
-Монгол хүний жаахан хэнэггүй, цагийг нь тулгаж байгаад гэнэтхэн ухаа ордог байдал л энд нөлөөлж байгаа юм. Бүх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд өнгөрсөн 10 сарын турш бүх л хүч чадлаараа ажиллалаа. Сүүлийн хоёр, гурван сарын турш нэг ч хагас сайн өдөр амралгүй ажилласан. Манай ажилтнуудад ингэж ажиллалаа гээд илүү цагийн мөнгө бодогдоогүй. Гэхдээ хамгийн гол нь төрд тангараг өргөсөн нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын энэ их хүч, хөдөлмөр УИХ, Засгийн газраас баталсан ард иргэдийнхээ амьдралын баталгааг сайжруулах энэ маш чухал хуулийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж байгаа нь л бидний ажлын гол үзүүлэлт, амжилт мөн.
-Бүртгэлд хамрагдсан иргэдийн бичиг баримтыг баталгаажуулах гээд ихээхэн хүч, хөдөлмөр шаардсан ажил хүлээж байгаа нь тодорхой?
-Тэгэлгүй яах вэ. Материал бүрдүүлэлтээсээ илүү хариуцлагатай, хүч, хөдөлмөр, нямбай ажиллагаа шаардсан ажил нийгмийн даатгалын салбарынхныг хүлээж байгаа. 2014 оны улсын төсвөөс нийгмийн даатгалын салбарт хэчнээн хэмжээний мөнгө хуваарилахыг бид бүхний бүрдүүлэх энэ олон мянган иргэдийн материал шийдэх юм. Нийгмийн даатгалын салбарын бүх тооцоо есдүгээр сарын 15 гэхэд бэлэн болсон байх ёстой. Тэгж байж дараа оны төсөвт сууна шүү дээ. Ингэхийн тулд энэ ажил наймдугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа юм. Одоо бид бүх тооцоогоо хийх ёстой. Энэ хууль хэрэгжсэнээр 1990-2000 онд улсад нэг ч өдөр ажил хийгээгүй иргэд 11 жил тэтгэврийн даатгалд хамрагдах эрхтэй болж байгаагаараа ард иргэдийнхээ төлөө чиглэсэн маш чухал, нигүүлсэнгүй хууль гэж дүгнэж болно.
Нөгөтэйгүүр дээрх хугацаанд ажилгүй болж, сургууль завсардсан энэ олон зуун мянган иргэдийнхээ талаар маш нарийвчлалтай тооцоо судалгаатай болж байгаагаараа монголын төрд ч гэсэн чухал ач холбогдолтой хууль хэрэгжээд дуусч байна гэж дүгнэж байгаа.
Товчхондоо 1990-2000 он дуустал буюу нийгмийн шилжилтийн үед хохирч үлдсэн ард иргэддээ Монголын төр өгөөмөр гараа сунгаж, тэдний амьдралын баталгааг 11 жилээр шинэчлэн тогтоосон хууль хэрэгжээд дуусч байна гэж дүгнэх хэрэгтэй юм.