МАН-ыг залуус нь шинэчилж чадах уу
намаа шинэчлэх ажилдаа жижигдэв үү гэж харагдаж байна. Ялагдал гэдгийг мэдэхгүй МАН-д тав дараалсан сонгуулийн ялагдал нь гутамшиг байх нь мэдээж. Тэгээд ч цагтаа босоо явсан намын лидерүүд нь элдэв хэл ам, хээл хахуульд орооцолдож ард түмний дунд намын нэр хүнд шаварт хутгалдаж байгаад шар хортой залууст аятайхан санагдахгүй нь тодорхой. Тиймдээ л Шинэчилье хөдөлгөөнийг санаачлагчид олон ялагдлынхаа хариуцлагыг одоогийн намын удирдлагууд хүлээх ёстой хэмээн үзэж буйгаа ил тодоор хэлээд байгаа хэрэг.
Шинэчлэгч залуус
1. Хуйвалдаанаас татгалзаж, бүлэглэлүүдийг ил болгоё.
2. Намын даргыг дарга нар бус гишүүд сонгодог болгоё.
3. Гишүүнчлэлийг шинэчлэн бүртгэж, чанартай нам болцгооё.
4. Санхүүжилтийг ил болгож, зарцуулсан зардал, хөрөнгөө зарлая.
5. Авлига, гэмтхэрэгт өртсөн гишүүдээ зарлаж, хариуцлага тооцъё.
6. Сонгуульд ялагдсан намын бүх шатны удярдлагад хариуцлага тооцъё.
7. Гишүүдийн оролцоог бүх шатанд хангаж, нээлттэй нам болъё.
8. Намын боловсон хүчнийг татагдаж дээшилдэг бус, хөдөлмөрлөж дэвщдэг болгоё гэсэн хөтөлбөр, нөгөө талаараа ийм шаардлагуудыг тавьж байгаа.
Гэвч ах нар нь намын шинэчлэлд тийм ч ач холбогдол өгөхгүй нь. Энэ нь уржигдар хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр нарийн бичгийн дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс харж болохоор байна. Түүний хэлсэнчлэн хэсэг бүлэг хүмүүсийн телөө нам шинэчлэгдэх ёсгүй гэнэ. Үүссэн нөхцел байдлуудаас хараад байхад МАН-ыг шинэчлэхээр зорилго нэгдсэн залуус дотроо хагаралдсан гэх нь дуулдав. Энэ нь үнэхээр ортой бол сонгуульд ялагдсаны дараа МАН-ыг шинэчлэнэ хэмээн хэсэг давхилдаж байгаад таг болдог өмнөх процесс давтагдана гэсэн үг. Ямартаа ч олны үгээр шинэчлэлийн залуус У.Хүрэлсүхийн, М.Энхболдын, гадаадад суралцагсдын, бие даагчдын бүлэглэлд хуваагдсан аж.
Ямар ч байсан Шинэчилье хөдөлгөөнийнхөн санасандаа хүрч Бага хурлыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдүүлж чадлаа. Харин хурлаар хүссэн өөрчлөлтөө хийж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Шинэчлэл хүсэгчид Бага хурлаар ямар жүжиг дэглэж тоглохыг таахад бэрх. Ашиг сонирхлоороо нэгдэгсэд үү, үнэхээр намаа аврахыг хүсэгчид үү гэдгийг Бага хурал харуулна. Олны хүлээлтийг үүсгээд байсан бага хурлын тов гарлаа. Уг хурал нэлээд ширүүхэн болох байх. Энэ хуралд намын дар¬га улстөрийн илтгэл тавина. Өнгөрсөн сонгуулиудад хэрхэн оролцсон алдаа, оноогоо ярилцана.
Одоогоос яг жилийн өмнө Ө.Энхтүвшин МАН-ын даргаар томилогдож, тамга тэмдгээ гардаж байв. С.Батболдыг намаа сонгуульд ялуулж чадаагүйн төлөө түүний орыг залгахаар болсон ч өдгөө өөрийн биеэр өмнөх түүхийг дэндүү хурдан давтах болж байх шиг. С.Батболдоос хүлээж авсан нам нь Ө.Энхтүвшинг дарга болсноос хойш хоёр удаагийн сонгуульд өвдөг шороодож, гишүүд нь том жижиг гэлтгүй авлигын хэрэгт холбогдох болсноор нэр нүүрээ барж, өөдлөж өгөхгүй байгаа нь өөрчлөгдөх ёстойг харуулж буй.
Тиймдээ ч нэг л эвэндээ орж чадахгүй явсаар эдүгээтэй золгож, шинэ жигүүр, фракц үүсэх нөхцөл бүрдсэн. Бага хурлын гишүүдийн 89 хувь буюу 178 -ынх нь дэмжлэгийг авч МАН-ын дарга болсон Ө.Энхтүвшин хамгийн богино настай дарга болж халаагаа дараагийн хүндээ өгөх нь ээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Шинэхэн парламентын анхдугаар хуралдааныг гацаан байж гурав хоног ярилцсан МАН-ынхны шийдвэр алдаа болж таарлаа. Тэд алдаагаа засч МАН-ын даргаас Ө.Энхтүвшинг удахгүй болох Бага хурлаар суудлаас нь авч хаях нь. Нэгэнт намын даргын албан тушаалаас мултрах нь тодорхой болсон учир дараагийн удирдагч хэн байх талаар таамаг, таавар ч яваа нь мэдээж. Фракцууд дотооддоо хэнийгээ сойх талаар ярилцах зуур Бага хурал болтол далдхан өрсөлдөөн ч нэлээн ширүүсэх нь.
Б.Бат- Эрдэнэ, М.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэр намын даргад өрсөлдөхөөр дуулдав. Энэ дундаа хотын фракц М.Энхболдын талынхныг нэлээн нөлөөтэй байгааг гишүүд нь ярьж байна. Одоогоор Хөвсгөл аймагт амарч яваа экс дарга С.Баярыг дагалдагчид ч бас хотынх фракцид талтай буй гэнэ. Бага хурлын өмнөх фракцуудын нууц өрсөлдөөнд хэн ялахыг тааварлах аргагүй. Магадгүй Шинэчилье хөдөлгөөний залуучуудыг нам дарж чадах том тохироо яригдахыг ч үгүйсгэсэнгүй. Эцсийн дүнд нь энэ нам шинэчлэгдэж чадах уу, эсвэл гишүүдийнх нь хагарал намыг дахин хувааж, 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин түүхийн хуудсанд шарлаж үлдэх үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой харагдана.