Таван толгой аль хэдийнэ дампуурсан
өчигдөр боллоо.
Ерөнхий сайд амралтын 14 хоногийнхоо хугацаанд баруун болон зүүн бүсийг нийслэл хоттой холбох авто замын ажилтай танилцжээ. Тэрбээр 2000 гаруй км зам туулсан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад оруулах учраас зүүн чиглэлийн замд илүү анхаарал хандуулсан тухайгаа хэлж байв.
Саатаад байсан зарим ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломж олгохоор болжээ. Үүний тулд урт зам тавихаар ажил авсан компани замаа тавьж чадахгүй бол эртхэн өөр компаниудад хувааж өгөх ажлыг судална гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Түүнчлэн орон сууцны өндөр хувийн хүүтэй зээлээ найман хувийн хүүтэй зээлд 14 мянга гаруй иргэн шилжүүлсэн бол шинээр 3000 орчим хүн хөнгөлөлттэй зээлд хамрагдсаныг дуулгалаа.
Сүүлийн өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцастай холбоотой шүүмжлэл их гарсан учраас Ерөнхий сайд холбогдох хүмүүстэй уулзжээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадаад руу урсах 50 орчим тэрбум төгрөгийг дотооддоо үлдээж, 5000 орчим оёдолчныг ажлын байртай болгож байгаа. Хамгийн гол нь сурагчийн дүрэмт хувцасны үнэ нь 90-100 мянган төгрөг болж нэмэгдээгүй гэдгийг ч хэлэв.
Сэтгүүлчдийн зүгээс гадны хөрөнгө оруулалт, долларын ханшны өсөлт, Хадгаламж банкийг Төрийн банк-нд шилжүүлсэн тухай болон Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас асуусан юм. Тэрбээр Таван толгойн асуудлыг тайлбарлахдаа Таван толгой дампуурахаа хүрвэл аль эрт дампуурсан. Нүүрсээ гаргаагүй байхдаа зараад, мөнгө авчихсан. Түүгээрээ Хүний хөгжил сан-гийн 21 мянган төгрөгийг тараасан. Харин одоо бол тэрхүү дампуурлыг багасгаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Анх 350 сая ам.долларын өртэй байсан компани. Одоо 180 орчим сая ам.долларын өртэй болсон.
Өнгөрсөн онд 2.5 сая тонн нүүрс гаргаж байсан. Энэ жилийн эхний долоон сарын байдлаар 2.5 сая тонн нүүрсээ бэлтгэчихсэн байгаа. Гэхдээ бүгдийг нь гаргаагүй гэсэн юм. Учир нь урьд нь Цагаан хад орчимд нүүрсээ буулгаж, Хятадын компанийн машинууд цааш нь тээвэрлэлт хийдэг байсан.
Тиймээс буулгалтын зарчмыг өөрчилж, уурхайгаас шууд хятадын талд зөөвөрлөн, хүргэж буулгахаар ярилцаж байгаа аж. Ингэснээр буулгалтын зардал багасаж, монгол жолооч нар өөрсдөө хил гарах юм байна.