Азийн хотуудын нөөцийн цогц менежмент /NEXUS/ төсөлтэй хамтран ажиллахаар боллоо
нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (UN ESCAP)-ноос 2013-2015 онд хэрэгжүүлэх Азийн хотуудын нөөцийн цогц менежмент хотын NEXUS төслөөс 2013.06.24-26 өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулсан олон улсын бага хурал, төслийн нээлтийн семинарт Улаанбаатар хотыг төлөөлөн Засаг даргын орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан 5 төлөөлөгчид оролцлоо.
Ази, Номхон Далайн бүсийн 6 орны (Хятад, Вьетнам, Индонези, Тайланд, Филлипин, Монгол) 10 хот хамрагдаж буй GIZ-ийн бүс нутгийн техникийн хамтын ажиллагааны төсөлд Нийслэл Улаанбаатар хот багтсан юм. Nexus буюу нэгдэл хэмээх утгыг илэрхийлсэн энэхүү төсөл нь Азид хурдацтайгаар явагдаж буй хотжих үйл явцад хамгийн ихээр тулгамдсан эрчим хүч – ус – хүнс гэсэн гол гурван нөөцийн хүрэлцээгүй байдлыг харилцан уялдаатайгаар цогцоор нь төлөвлөж удирдах аргачлалыг нэвтрүүлэх замаар шийдвэрлэж хотуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа юм.
Энэ нь Азийн хотуудын хүн амын хэт их өсөлт, хотжих үйд явцыг авч үзвэл Азийн улс орнуудын хот байгуулалт, нийтийн аж ахуйн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.
Бангкокт болсон олон улсын бага хурлын үеэр олон улсын болон бүс нутгийн экспертууд нөөцийг цогцоор нь үр ашигтайгаар төлөвлөх, ашиглах, хэмнэх сүүлийн үеийн чиг хандлага, арга технологийн талаар олон сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.
NEXUS төслийн алба нь Тайландын Бангкок хотод байрлах бөгөөд хот болгонд томилогдох Үндэсний зохицуулагчидаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулах юм.
Энэ хугацаанд NEXUS төслийн албанаас хүссэний дагуу Улаанбаатар хот нь NEXUS төсөлтэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж дараах 2 төслийн саналыг хүргүүлээд байна.
Үүнд
1. Гэр хороололд тохиромжтой бохир усыг дахин ашиглах технологи бүхий жижиг цэвэрлэх байгууламж.
2. Улаанбаатар хотын орон сууцны болон олон нийтийн зориулалттай хуучин барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй болгон шинэчлэн засварлах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах.
Загвар болох эдгээр төслүүд нь нийслэл Улаанбаатар хот, ялангуяа гэр хороололд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай бүрэн нийцэж байгаа юм. Мөн NEXUS төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ЗАА-аас тус төслийн Үндэсний зохицуулагчид ажлын байр гарган өгч төсөл хэрэгжүүлэх АЖЛЫН ХЭСЭГ байгуулахаар төлөвлөсөн байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн