Ганцхан зуны гангараанд үргүй зардал хийсээр байх уу
үнэхээр сайшаалтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр аливаа бүтээн байгуулалт болгонд хэл ам дагуулдаг хойно ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 315 сая төгрөгийг зарцуулж байгаа гэх нь арай л хэрээс хэтэрсэн зардал мэт.
Төв талбайгаас аваад есөн дүүрэг, нийтийн эзэмшлийн 64 гудамж талбайд хийгдэж буй цэцэгжүүлэх ажилд дээр дурдсан хөрөнгө мөнгийг бүхэлд нь зарцуулж байгаа. Уг нь нийслэл хотод машин тэрэг олон тоосжилт их учраас ногоон байгууламж байгуулах нь зүй ёсны хэрэг.Гэвч одоо суулгаж байгаа цэцэгс ганцхан зуны гангараа мэт. Нэг наст цэцэг хэмээн нэрийдэх цэцэгс зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс ирэх хавар дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг ба арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Яахав, гандуу бүүдгэр өнгө ноёлсон нийслэл маань ганцхан зуны гангараандаа дахиад л хэдэн саяар нь зарцуулах ажил өрнөх нь.
Нэгэнт хийчихсэн цэцгийн мандлын хайс, хөрс шороо, усалгааны систем гээд багагүй хөрөнгө мөнгөөр хийсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг дараа жил нь ашиглалгүй үлдээхгүйн тулд дахиад л цэцэг тарих нь мэдээж. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Хот тохижилтын газар болоод дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзахад ирэх жил талбайг нь ихэсгэн дахин тарина мэдээлж байсан нь дараа жил 315 саяаас илүү зардал гарна гэж байгааг тодотгох шиг. Өнгө өнгөөр алаглах цэцгийн мандлуудаар хот орчноо чимэглэх нь буруу биш л дээ. Наандаж л жуулчдын өмнө нүүр улайхааргүй болж дагаад хот орчны үзэмж сайжирна.
Гэхдээ ингэж их зардал мөнгө гаргаж байгаа юм чинь нийслэлдээ хэдэн жилийн настай цэцэгс ногоон байгууламж байгуулахад буруу гэх зүйлгүй. Ядаж л хэдэн жил цэцэг тарих мөнгөөрөө олон наст бут сөөг зэргийг тарьж ургуулбал багагүй хөрөнгө хэмнэж болмоор. Манай орны уур амьсгалд дасан зохицож ургах боломжтой өчнөөн төрлийн бут сөөг, цэцэгт ургамлууд байгаа нь мэдээж.
Зун намартаа цэцгэн дунд хөлбөрлөө ч бусад улиралдаа өнгө алдан гунддаг нийслэлд ганцхан зуны гангараа болсон нэг наст цэцэгнээс илүүтэй олон наст ургамал таривал ядаж л үргүй зардалд хэмнэлттэй мэт санагдах юм. Ганц зуны гангарааны цэцэг гандаж гундаж намартай золгоход өнгө алдсан цэцгийн дэлбээтэй өнөөх 315 сая салхинд хийснэ гэхээр харамсалтай биш гэж үү.
С.Саранзаяа
Оллоо.мн