Н.Энхбаяр суллагдаж, муурын махан боодог иргэдийг алмайруулав

МАХН-ын даргаН.Энхбаяр ялаас чөлөөлөгдөж, Ерөнхиийлөгчийн уучлалыг хүртсэн нь томоохон дуулиан тарьлаа.
Үүнээс гадна урьд хожид сонсогдож байгаагүй нэгэн муухай хэрэг гарсан нь муурын махаар боодог хийж тарваганых хэмээн зардаг тухай байв. Энэ хэрэгт иргэд ихээхэн жигшилтэйгээр хандаж байгаа бөгөөд манай улсад ийм зохион байгуулалттай хууран мэхлэлт урьд хожид гарч байгаагүй билээ. Ингээд энэ долоо хоногийн онцлохүйл явдлуудаас тоймлон хүргэе.
Н.Энхбаяр суллагдав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын нэгэнд ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх зарлиг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр сүр дуулиантайгаар баривчилж байсан. Улмаар анхан шатны шүүх хэд хэдэн удаагийн хойшилсны эцэст гурван өдрийн турш үргэлжилсэн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ял тус тус оноож байв.
Давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэж түүний яллах дүгнэлтээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгож хоёр жил зургаан сар хорих ял оноосон билээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр ял авснаас яг жилийн дараа ийнхүү суллагдлаа. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн шүүх жилийн өмнө буюу 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр түүнд дөрвөн жилийн ял оноож байжээ.
ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүг АТГ шалгаж эхэллээ
ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүү болон тус газрын техник хариуцсан ажилтан асан хурандаа Б.Мөнхбаяр нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Түүнийг хэлснээр М.Ганхүү, Б.Мөнхбаяр нарыг хорих ангиудад шаардлага хангахгүй хяналтын камер нийлүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа.
Хурандаа Б.Мөнхбаяр 2009 онд 100 орчим сая төгрөгийн өртөгтэй хяналтын камеруудыг Хятад улсаас авчирч хорих төвүүдэд нийлүүлсэн. Харин тус камеруудад ШШГЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийнхэн үзлэг хийж стандартын шаардлага хангахгүй болохыг нь тогтоожээ. Гэвч дарга нарын шахалтаар камеруудыг хорих төвүүдэд нийлэхээс аргагүй хүрчээ. Уг хэргийг Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжингийн хүсэлтийн дагуу АТГ-аас шалгаж байгаа юм.
Муурын махаар боодог хийж зардаг этгээдүүдийг баривчлав
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тоса худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрсэн байна. Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан аж.
Тэдгээр дөрвөн хүнийг баривчлан саатуулсан ч тэдний цаана хууль бус уг үйл ажиллагаанд оролцдог хэсэг бүлэг хүмүүс байгаа бөгөөд гэр бүлийн бизнес болтлоо өргөжсөн байж болзошгүй гэнэ. Саатуулагдсан дөрвөн хүний хоёр нь үеэл ах дүүс бөгөөд цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоосон байна.
Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байсан гэнэ. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээжээ.
Тоса худалдааны төвийн удирдлагууд ийм зүйл болж байгааг огт мэдээгүй гэсэн байна. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтийнхэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас агнахын хориглосон тарваганы мах идэхгүй байхыг сануулж байна. Энэ мэтээр тахлын аюул улам нууц далд хэлбэрт шилжсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Монголд анх удаа байт харвааны Азийн тэмцээн зохиогдлоо
Монгол Улсад анх удаа байт харвааны Азийн Гранпри тэмцээн зохион байгуулагдлаа.
Шар тивийн шилдэг харваачдын шигшээ тоглолт энэ долоо хоногт болж монголын баг тамирчид алт, мөнгөн медалийг хүртлээ. ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Б.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй харваачид эрэгтэй багийн төрөлд алтан медаль хүртлээ.
ОХУ-ын багтай финалд харвасан манай баг эхний хоёр ч харвааны дараахь байдлаар дөрвөн онооны зөрүүтэй явсаар төгсгөл рүү оноо тэнцэж шийдвэрлэх харваанд 210209 буюу ганцхан онооны зөрүүгээр аваргын алтан медалийг хүртлээ.
Холимог багийн төрөлд Лондонгийн олимпод цэц мэргэнээ сорьсон ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Б.Урантунгалаг нар БНСУ-ын багтай өрсөлдөж 149144 гэсэн онооны зөрүүтэй мөнгөн медаль хүртлээ.
Г.Уянга
оллоо.мн