Өрхийн орлого нэмэгдсэн ч зарлагаасаа бага хэвээр байна

Төрөлт нэмэгджээ
Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 12972 хүүхэд төржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 520-иор буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Хоёрдугаар сард гэхэд л 6485 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 597 хүүхэд буюу 10.1 хувиар нэмэгдсэн юм байна. Улсын хэмжээгээр 2014 оны эхний хоёр сард нялхсын эндэгдэл 201 гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс долоон хүүхдээр буюу 3.4 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Харин тав хүртэлх насандаа 252 хүүхэд эндсэн нь өмнөх оноос таван хүүхдээр их буюу хоёр хувиар нэмэгдсэн явдал аж. Харин шинэ он гарсаар эхний хоёр сард нийслэлийн хэмжээнд 6273 эх амаржсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 228 төрөлтөөр буюу 3.63 хувиар хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдгээр төрөлтийн 70.5 хувь нь НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд бол 29.8 хувь нь ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, Гурван гал хувийн эмнэлгүүдэд амаржжээ. Үүнээс амьд төрөлтийн 70.2 хувь нь НЭМГ-ын харьяа амаржих болон хувийн эмнэлэгт төрсөн байна. Амьд төрсөн нярайн 3.29 хувь нь 2500 граммаас бага жинтэй, 0.56 хувь нь төрөлхийн гажигтай төржээ. Эдгээр хүүхдүүдийн 51.84 хувь нь эрэгтэй, 48.16 хувь нь эмэгтэй аж. Түүнчлэн энэ хоёр сарын хугацаанд 28 эх гэртээ төрсөн байна. Энэ нь өмнөх оны түвшинтэй бараг адилхан байгаа юм. Гэртээ төрөх явдал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргүүдэд хотын дундаж үзүүлэлтээс өндөр гарсан гэнэ.
Дулааны улирал ирж байгаа тул агаарын чанар сайжирсан байна
Өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Баруун дөрвөн замын орчимд 27, 32-ын тойрог орчимд 23, XIII хороолол болон I хороолол орчимд тус бүр 18, Хархорин захын орчимд 16, Офицеруудын ордон орчим 14, Ургах наран хороолол орчим хоёр удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давжээ. Харин хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 28, Баруун дөрвөн зам болон I хороолол орчим тус бүр 24, Ургах наран хороолол орчимд 23, Офицеруудын ордон, Хархорин захын орчимд 21, XIII хороолол орчимд 19 удаа хүлцэх хэмжээнээс хэтэрчээ. 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 28, Хархорин захын орчим 26, Баруун дөрвөн замын орчим 25, XIII хороолол орчим 23, Ургах наран хороолол орчимд 17 удаа тус тус агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна. Нэгдүгээр сарынхтай харьцуулбал нэлээд хувиар буурсан байгаа нь дулаан орж байгаатай холбоотой юм.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил идэвхитэй хайгч иргэдийн тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 41.6 мянга болж байгаагийн 21.5 мянга нь эмэгтэйчүүд аж. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3,9 мянган хүнээр буюу 10.4 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар улсын хэмжээнд 15 буюу түүнээс дээш насны эдийн засгийн идэвхитэй хүн 1125.4 мянга байгаагаас 598.4 мянга нь эрэгтэй, 527.0 мянга нь эмэгтэй аж.
Ажиллах хүчний судалгааны 2013 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 87.2 мянга байгаагийн 46.5 мянга буюу 53.3 хувь нь эрэгтэйчүүд, 40.7 мянга буюу 46.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувь байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил идэвхитэй хайгч иргэдийн тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 41.6 мянга болж байгаагийн 21.5 мянга нь эмэгтэйчүүд аж. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.9 мянган хүнээр буюу 10.4 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Халдварт өвчин өмнөх оныхоос багасчээ
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо энэ оны эхний хоёрд сард 5035 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2104 хүн буюу 29.5 хувиар буурсан байна. Салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 86 хүн буюу 8.7 хувиар өссөн хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 1678 хүн буюу 93.4 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 499 хүн буюу 72.0 хувиар буурсан нь нийт өвчлөлийн тоо буурахад голлон нөлөөлсөн аж.
Гэмт хэрэг ихсэж, аюулт үзэгдэл ослын тоо өсөв
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 4452 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 157 хэрэг буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 163, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 119-өөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж мэдээллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 1454 хүн гэмтэж, 219 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 169 буюу 13,2 хувиар нэмэгдсэн. Нас барсан хүний тоо 107 буюу 32,8 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 276-гаар буурсан байна. Аюулт үзэгдэл, осол 2014 оны эхний хоёр сард 939 удаа гарсны улмаас 23 хүн амь насаа алдаж, шүлхий өвчнөөр 3011 толгой, мал амьтны халдварт галзуу өвчнөөр 186 толгой мал хорогджээ.
Энэ оны эхний хоёр сард объектын түймэр 887 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 29 удаа бүртгэгджээ. Объектын түймрийн улмаас 3.3 тэрбум төгрөг мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 28.4 сая төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 253.9 сая төгрөг зарцуулсан байна. Объектын түймрээр 19 хүн, гол нуурын усанд хүн унасан ослын улмаас хоёр хүн, хүчтэй салхи, шуурганы осол болон бичил уурхайн нурангины ослын улмаас тус бүр нэг хүн амь насаа алджээ. Харин хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 2922 толгойгоор илүү гарсан аж.
Орлого болон зарлагын хэмжээ өссөн байна
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.5 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 112.7 мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар нэмэгджээ. Үүнд, цалин хөлсний орлого 83.1 мянган төгрөг буюу 21.2 хувь, бусад орлого 33.5 мянган төгрөг буюу 51.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 902.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 162.8 мянган төгрөгөөр буюу 22.0 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.3 мянган төгрөгөөр буюу 25.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Экспорт сайжирчээ
Монгол Улс 2014 оны эхний хоёр сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.2 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 594.6 сая ам.доллар, импорт 613.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний хоёр сард 305.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний хоёр сард 19.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 285.8 сая ам.доллар буюу 93.7 хувиар буурчээ. Үүнд экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 88.5 сая ам.доллар буюу 17.5 хувиар нэмэгдэж, импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 197.4 сая ам.доллар буюу 24.3 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.
Олборлолт, үйлдвэрлэл өссөн байна
Малын зүй бус хорогдол 2014 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 39.7 мянган толгой болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 99.2 мянган толгой буюу 71.4 хувиар буурсан байна. Малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 2.4 мянга, үхэр 5.9 мянга, тэмээ 138, хонь 13.3 мянга, ямаа 18.0 мянга байна. Нийт хорогдлын 33.4 хувийг хонь, 45.3 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр, 2014 оны эхний хоёр сард нэг их наяд төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 208.1 тэрбум төг буюу 25.7 хувиар өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 194.6 тэрбум төг буюу 40 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, баяжмал, газрын тос, зэсийн баяжмал, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 4.7 хувиас 2.1 дахин өссөн аж. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт сонин, хэвлэмэл хуванцар картууд, хиаман төрлийн бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, жимсний компот, шингэн сүү, металл бэлдэц, сүлжмэл эдлэл, нэхий дээл, зүсмэл материал, цахилгааны утас зэрэг бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл 2.1 хувиас 4.7 дахин өссөн байна.
Тээвэрлэлт буурав
Төмөр замын тээврээр 2014 оны эхний хоёр сард 2.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 533.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 154.3 мянган тонн буюу 5.1 хувь, зорчигчдын тоо 76.7 мянган хүн буюу 12.6 хувиар буурчээ. Төмөр замын нийт ачаа тээвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс буурахад дотоод болон гадаадад тээвэрлэсэн төмрийн хүдэр 117.1 мянган тонн, нүүрс 110.0 мянган тонн, цементийн тээвэрлэлт 47.2 мянган тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. Харин агаарын тээврээр 2014 оны эхний хоёр сард 498.5 тонн ачаа, давхардсан тоогоор 101.2 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 37.0 тонн буюу 6.9 хувь, зорчигчдын тоо 6.9 мянган хүн буюу 6.4 хувиар буурчээ.
Ж.Энх