Уран бүтээлч хүн бүх төрөлд өөрийгөө сорьж чаддаг байх ёстой

-Дуучин Амархүүг уншигчид Улаан-Үдэд өссөн гэдгийг мэднэ. Харин багадаа хэр хөдөлгөөнтэй хүү байсан бол. Ярилцлагаа таны хүүхэд насны дурсамжаас эхэлье?
-Би Монголдоо жинхэнэ халх хүн. Булган аймгийн Орхон суманд төрсөн. Багадаа би их урт үстэй байлаа. Анх сургуульд орохдоо нийслэлийн 54-р сургуульд Одонцэцэг багшийнхаа ангид элсэн орж байлаа.
Харин намайг долоон настай байхад манай аавд Улаан-Үдэд Буриадын үндэсний циркт ажиллах санал ирсэн. Тэгээд л анх Улаан-Үд рүү нүүж байсан. 1996-2006 оны хооронд Улаан-Үдэд амьдарсан гээд бодохоор миний хүүхэд насны бараг бүх л дурсамж тэнд өнгөрсөн нь ойлгомжтой.
Тэндхийн 39-р сургуульд сурдаг байлаа. Нэлээд дэггүй хүү байсан даа. Манай сургуульд хоёрхон монгол хүүхэд сурч байсны нэг нь би байсан. Бас тухайн үедээ атаман байлаа /инээв/
-Дуу хөгжимд яагаад татагдах болов. Энэ зүйл рүү хөтөлсөн, хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн байв?
-Аав маань Улаан-Үдийн Байгаль театрт ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Яг дуу хөгжимд хөтөлсөн хүн гэж байхгүй л дээ. Анх Улаан-Үдэд очсоныхоо дараахан Төмөр замчдын соёлын төвийн Веселушки гээд ардын урлагийн хамтлагт орж байлаа. Одоо бодоход би тэнд юу ч хийж байсан юм. Гэхдээ энэ нь надад их туршлага болсон.
-Харин дуучин болох хүсэл хэзээнээс төрж эхэлсэн бол?
-Яахав багаасаа л дуулах сонирхолтой хүүхэд байсан. Сүүлд сургуулиа төгсөх үеэсээ поп хөгжимд татагдаж, эстрадын дуу дуулаачийн студид хичээллэж эхэлсэн.
-Оросын шилдэг дуучин шалгаруулах Народный артист уралдаанд оролцож байсан үеэ дурсаач. Маш их өрсөлдөөн, бас багагүй хэл ам дагуулсан уралдаан байсан?
-Анх энэ уралдаанд оролцохыг найзууд маань ятгасан. Уг нь бол түрүүлнэ энэ тэр гэж зүүдлээ ч үгүй. Зүгээр л энэ уралдаанд оролцох нь миний хувьд чухал байсан. Тэгсэн чинь шалгаруулалт болгондоо тэнцсээр төгсгөлийн шатанд шалгарсан.
Маш олон авъяаслаг өрсөлдөгчид оролцож байлаа. Би өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Сэтгэл ч их түгшиж байсан. Ялагч болсныг зарлахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Ялсандаа одоо хүртэл итгэдэггүй юм.
-Ингээд Премьер-министр хамтлагтайгаа холбогдсон байх нь. Тийм үү?
-Яг тухайн үед хуучин Примьер министр хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэднийх продьюсертэйгээ муудалцаж бүрэлдэхүүн нь солигдсон л доо. Тэгээд надад санал тавьсан. Би ч юуг нь бодох вэ дээ. Шууд л зөвшөөрсөн. Тэгсэн нь ч болсон. Эхний жил нь жаахан хэцүү байсан.
Яагаад гэвэл анх шинэ бүрэлдэхүүнтэй Примьер министр тайзан дээр гарахад хүмүүс гайхаад л, өөдөөс лааз шил хүртэл шидэж байсан шүү дээ. Тийм болохоор бид хуучин бүрэлдэхүүнээс хавь илүү, өвөрмөц онцлогтой байж үзэгчдийг татах юм байна гэж бодсон. Бүжиглэдэг, дуулдаг, бүгдийг хийдэг байх гэж хичээсэн.
-Анх хамтлагтайгаа хэдэн жилийн хугацаатай гэрээ хийж байв?
-Эхлээд таван жилийн гэрээ хийж байсан. Тэгээд дахиад таван жилээр сунгасан. Одоо хамтлагийн уран бүтээл явагдаж байгаа. Гэхдээ энэ жилдээ би Монголдоо уран бүтээлээ хийнэ.
-UBS телевизээс жил болгон зохион байгуулдаг Uniүerse best songs тэмцээний шүүгчээр ажиллаж байна. Оролцогчдод хамгийн их зөвлөгөө өгдөг шүүгч гэж санагддаг?
-Uniүerse best songs тэмцээний шүүгчээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Шүүгч байх хүнд ажил. Маш их ядардаг. Дуучин болох хүсэлтэй залуусыг сайн муу, сайхан муухай гэж шүүмжлэхээсээ өмнө дуулах ур зүй, хоолойны дасгал, дууны өнгө гээд мэргэжлийн талын жаахан ч гэсэн зүйл чадлынхаа хэрээр зөвлөхийг хичээдэг. Хасагдаж байгаа хүүхдүүдийг гомдоохгүй юмсан, эвээр хэлэх юмсан, тэнцэж байгаад нь урам өгөх юмсан л гэж боддог доо.
-Амархүү анх Монголд ирж байснаа бодвол ойр ойрхон ирдэг, Монголчуудтайгаа холбоотой байх болж. Эндээс харахад сэтгэл тань наашаа татагдаад байгаа болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна?
-Мэдээж монгол хүн юм чинь нутагтаа ирэлгүй яахав. Гэхдээ төрсөн газар, өссөн газартаа аль алинд нь хайртай. Улаан-Үдэд миний найзууд, ангийнхан, уран бүтээлийнхээ гарааг эхэлж байх үед минь хамт байсан хүмүүс минь байгаа.
Гэхдээ зүрх сэтгэл минь Монголдоо. Эх нутаг минь шүү дээ. Хүний газарт байхад эх нутаг яах аргагүй санагддаг. Уртын дуу сонсохоор нулимс гараад л. Цаашдаа монгол уран бүтээлчидтэйгээ байнгын холбоотой байж, олон шинэ шинэ уран бүтээлийг хийх байх гэж бодож байна.
-Миний нууц хүү жүжгийн дууг дуучин, МУГЖ С.Жавхлантай хамтран дуулсан. Амархүүг зөвхөн эстрадын дуучин гэж бодож байсан сонсогдоод тэс өөр сэтгэгдэл төрж байсан?
-Народный артист-аас би энэ л зүйлийг сурсан. Би тийм л байхыг хичээдэг. Эстрадын дуу ч бай, зохиолын дуу ч бай дуулж чаддаг байх ёстой. Уран бүтээл шүү дээ. Өвөө минь уртын дуучин сайхан дуулдаг хүн байдаг. Яваандаа уртын дуу дуулах хүсэл ч бий.
-Хамтлагийн уран бүтээл, бие даасан уран бүтээлээс гадна Монголдоо байх хугацаандаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд оролцлоо. Энэ тухайд?
-Hero Entertainment-ий бүтээсэн Татар ажиллагаа инээдмийн уран сайхны кино, мөн Big fish гээд кинонд тоглосон. Би нэг зүйлдээ баригдах дургүй. Ялангуяа уран бүтээлч хүн бүх зүйлийг хийж чаддаг, өөрийгөө өөр өөр зүйлд сорьж чаддаг байх ёстой.
-Энэ удаад Улаанбаатар чуулгын найруулан тавьж байгаа Бремен хотын хөгжимчид буюу Анхны үнсэлт дуулалт жүжгийн гол дүрд тоглож байна. Сэтгэгдэл хэр байна вэ?
-Миний хувьд оролцож байгаа анхны мюзикл. Сэтгэл сайхан байна. Надад Монголд найз гээд хүмүүс бараг байхгүй шүү дээ. Харин энэ мьюзиклд хамтран тоглож байгаа сайхан хамт олон, найз нөхөдтэй болж байна.
-Ямар нэгэн хүндрэл гарах юмуу. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Хүндрэл гараагүй. Ер нь уран бүтээлийн явцад гарах жаахан асуудлыг хүндрэл гэж хүлээн авч болохгүй. Үнэхээр мэдэхгүй зүйл гарвал бие биенээ дэмжээд тусалж байна. Жүжигчдэд дуулалт тал дээр асуудал гарвал би зөвлөгөө өгч, миний жүжиглэлт тал дээр жүжигчид маань зөвлөгөө өгөөд явж байна.
Дуутай, бүжигтэй, жүжиглэлттэй, амьд хөгжимтэй цогц бүтээл. Мэдээж эхний зүйл учираас туршлага дутах, алдах зүйл гаралгүй яахав. Гэхдээ алдаанаасаа суралцаад урагшаа явна шүү дээ. Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авч байгаа. Сэтгэл хангалуун байна.
-Uniүerse best songs тэмцээний шүүгчээр ажиллана, дээр нь шинэ уран бүтээл, Анхны үнсэлт мьюзиклийн бэлтгэл гээд их зав муутай байгаа байх. Энэ их ажлын хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргаж чадаж байна уу?
-Тийм ээ, их л шахуу хөтөлбөртэй, завгүй ажиллаж байна. Тэр болгон өөрөө цаг гаргаж чадахгүй байгаа.
-Uniүerse best songs-2013-ийн үеэр оролцогч А.Дөлгөөнтэй уран бүтээл хамтран хийхээр амлаж байсан. Энэ амлалт юу болсон бэ?
-Нэг их яараад байх зүйл байхгүй. Хийвэл хийсэн шиг хийсэн нь дээр.
-Таны талаар сайн муу янз бүрийн л мэдээлэл гарах юм. Харин та тэр болгонд хариу, тайлбар хийдэггүй. Энэ тал дээр хэр эмзэглэж явдаг вэ?
-Онцгүй л дээ. Заримдаа арай ч дээ гэмээр л санагддаг. Шоконд орохоор ч зүйлүүд бичсэн л байдаг юм. Манай гэр бүл тийм тасарсан баян айл биш. Бүгд л ажлаа хийгээд бор зүрхээрээ амьдардаг. Гэтэл санаанд багтахааргүй юм бичээд л байдаг. Гэхдээ би өөрөө ухаантай, зөв амьдрах ёстой. Уран бүтээлээ чанартай хийгээд л явж байвал бусдын юу гэх надад хамаагүй ээ.