Дээд боловсролын чанар маш муу байна сайд аа

үзжээ. Өнгөрсөн хугацаанд манай улсад сайн муу олон үйл явдал болж өрнөснийг та бид мэдэж буй. Ардчилсан орон болсноор ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гадаад оронд чөлөөтэй зорчих гэх мэт олон эрх чөлөөг эдлэх болсон. Ийнхүү бүх зүйл эрх чөлөөтэй болсны дээр хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа эхлүүлж, үүнтэй зэрэгцэн маш олон их дээд сургууль байгуулагдсан. Магадгүй энэ нь өнөөгийн дипломтой ажилгүйчүүд, дээд боловсролтой үйлчлэгч хэмээгдэхийн эхлэл байсан гэж хэлж болохоор.
Хүн болгоны сурч боловсрох эрх нээгдсэнээр бүгд л үр хүүхдээ дээд боловсролтой болгохыг эрхэмлэж, болсон болоогүй их сургуульд оруулдаг тогтолцоо 90-ээд оны дунд үеэс эхтэй. Сүүлийн жилүүдэд чанаргүй боловсролын тогтолцоог шинэчлэе дээд сургууль нэртэй орц хонгил, аль нэг албан газрын нэг давхарыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг маш олон сургуулиуд байгааг хаа хаанаа шүүмжилж улиг болтол л ярьдаг. Харин тэдгээрт сурах оюутны тоо тасардаггүй нь манайхны нэг юмыг хэт дахин шүтэх туйлшрах үзэлтэй нь холбоотой болов уу.
Манай улс 10000 хүнд ноогдох их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд толгой цохьдог. Гэтэл 300 сая хүн амтай АНУ гэхэд 1700, 150 сая хүнтэй ОХУ 537 , манайхтай хүн амынхаа тоогоор бараг ижил 2,3 сая хүнтэй Латви улсад 5 их дээд сургууль, коллеж байх жишээтэй. Харин манай улсад 2002-2003 оны хичээлийн жилд 185 байсан бол 2009-2010 оны хичээлийн жилд 165 байсан нь сүүлийн жилүүдэд дээд боловсрол үнэгүйдэж тэр хэрээр иргэдийн итгэл суларч хүүхдээ болсон болоогүй их дээд сургуульд сургахаас татгалзаж эхэлсэнтэй холбоотой. Мөн зах зээлийн хуулийн дагуу шалгуурт тэнцэлгүй үүдээ барьсан нь ч байгаа.
Энэ хичээлийн жилд манай улсад нийт 90 гаруй их дээд сургууль коллежид 170 гаруй мянган оюутан сурч байгаа юм. Харин тэдгээр олон мянган оюутнууд бүгд нийгэмд хэрэгтэй боловсон хүчин болж гардаг гэвэл бас л худлаа. Мэргэжилтэй боловсон хүчин сэхээтнүүд, доктор профессорийнхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ аж үйлдвэрийн мэргэшсэн мэргэжилтнээрээ дэлхийд сүүл мушгиж байгаа нь Монголын боловсролын чанар энэ салбарын доройтлыг харуулж буй хэрэг юм. Одоо бүр сүүлдээ томоохон компаниуд нь гаднаас мэргэжилтэн захиалж аль эсвэл тэднийг дахин мэргэшүүлэх сургалтанд хамруулж байгаа нь ёстой л нэг цайсан хэрэг болж байна.
Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нөөц баялагтай Оюутолгой компани гэхэд Монгол ажилтан авахдаа зургаан сарын мэргэшүүлэх сургалтанд хамруулж авдаг болсон. Зургаан сар сураад мэргэшдэг бол дөрөв таван жил мөнгө төгрөг , цаг хугацаа алдан сурахын хэрэг байнуу? Аль эсвэл өнөөгийн дээд сургууль нэртэй энэ газар зургаан сарын сургалттай тэнцэх хэмжээний боловсрол олгож байгаа юм болов уу.
Боловсролын салбарын эмгэнэлтэй энэ байдал өөрчлөгдөхгүй байгаа нь шийдвэр гаргадаг эрхмүүдтэй холбоотой. Учир нь энэ олон дээд сургуулиудын талаас илүү хувийг тэдний ах дүү хамаатан садан нь ажиллуудаг нь асуудал болж байгаа юм. Боловсролын салбар ийнхүү бизнесийн талбар болж байхтай зэрэгцэн тэнд сурч байгаа оюутан залуусын сэтгэхүй хүртэл доройтож ядуур ч байгаа нь хамгийн том эмгэнэл болоод байна.
Залуус их дээд сургуульд сурах нэрийдлээр эцэг эхийнхээ зовж олсон хэдэн төгрөгийг дөрвөн жил хий дэмий салхинд хийсгэсээр буй. Бүх оюутнууд адилгүй ч суралцаж байгаа оюутны талаас илүү хувь нь сурах үүргээ умартан зөвхөн шоу цэнгээнд цаг заваа зарцуулж мөнгө төгрөгөө үрдэг. Сүүлийн гурван жилд Монголын төрөөс залуу хойч үеийнхээ боловсролд хөрөнгө оруулж байна гэх нэрийдлээр сар бүр 70200 төгрөгийг бэлнээр тарааж байгаа нь тэднийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж улам залхуу болгож буй хэрэг юм. Залуус юуны төлөө суралцаж буйгаа умартан хичээлээ тасалж улирлын төгсгөлд багшдаа хэдэн төгрөг атгуулан дүнгээ авдаг энэ тогтолцоог Монголоос өөр хаанаас ч олж харахгүй. Ингэж сурсан , сургасан хоёр өнөөгийн Монголын боловсролын тогтолцооны нийтлэг шинж болоод байна. Их сургууль нэртэй эдгээр мөнгө хүүлэгчдийн газрыг шийдэхгүй бол Монгол улсын боловсрол шалан дээр унан, хог шороотой хутгалдан 00 цэвэрлэж байгаа энэ байдалдаа үлдэх нь байна та минь ээ.
Ингэхэд энэ Боловсрол, Шинжлэх Ухааны Яам гэдэг байгууллага ер нь юу хийдэг юм бол оо. Уг нь Монгол Улсын боловсролын бодлогыг боловсруулдаг газар баймаар, Улсын төсвийн ихэнхийг залгидаг Яам л гэх юм билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн