Энгийн бор иргэдээ шийтгэсэн журам

Мөн зах худалдааны төвүүдийн гадна загас, малын толгой, жимс, бэлэн хувцас зарж амьдралаа залгуулдаг олон хүн бий. Түүнээс гадна зам дагуу машины моторын тос, тормозны шингэн сольж, автомашин угааж байгаа хөдөлмөрч иргэд байна. Тэд архи, дарс уулгүй, хулгай худлыг хийлгүй өөрсдийгөө тэжээгээд явж байгаа нь удирдах хүмүүст үзэмжгүй харагддаг бололтой. Сүүлийн үед дээрх төрлийн бизнес эрхлэгч иргэдийг цэгцлэх, хориглох талаар ярьж бүр шийдвэр гаргасан байна. Нийслэлийн нэг шийдвэр л дээ. Ил задгай худалдаа, үйлчилгээний газруудыг хааж хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гар дээрээс бараа худалдвал захиргааны хариуцлага хүлээлгэх аж.
Тиймээс жижиг худалдаа эрхлэгчид өнөөдөр харьяа хороон дээрээ өргөдөл бариад царай алдан үрчийж явна. Эргүүлийн цагдаа нар тэднийг амьдралаа залгуулдаг газраас нь хөөж, байцаагчид өдрийн орлогыг нь торгууль нэрээр хамж байгаа. Тодруулбал НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон.
Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Үүнийгээ Тухайлбал, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх Их тойруугийн зам буюу тойрогт зорчигчдын зам, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хувааж нүүрс түлээ зарж, түүхий эдийн цэг үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа. Түүнчлэн Дөлгөөн нуур үйлчилгээний төвөөс Баянбүрдийн тойрог хүртэл авто зам дагуу байрласан засварын газрууд явган хүний зам болон нэгдүгээр эгнээг засвар хийх талбай болгон ашиглах явдал гардаг.
Цайз захын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог чиглэлд зарим газар замын нэгдүгээр эгнээг барилгын материал, нүүрс, мод худалдаалах, хоёрдогч түүхий эд авах цэг болгосон. Мөн 22-ын товчоо чиглэлийн авто замын явган хүний замыг хааж хоёрдогч түүхий эд авч байгаа нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна замын хашлага, хучилт эвдэх шалтгааны нэг болсон, Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын гадна талбайд явган хүний зам дээр гар дээрээс худалдаа хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Тиймээс хаах, хориглох шийдвэр гаргаж байгаа аж. Үнэндээ бол өөрсдөдөө болон бусдадаа жижиг ч гэсэн ажлын байр гаргаж яваа тэр хүмүүс өнөөдрийн манай нийгмийн хамгийн нүдэнд дулаахан хэсэг шүү дээ.
Төрийн хайр энэрэл нь гол зогоох төдий тэтгэмж, архины мөнгөөр иргэдээ харж хандах биш. Харин тэднийг ажиллаж амьдрах эрхээр хангах явдал юм. Үнэхээр автозам руу орсон газар байвал тухай бүрт нь торгоод байр савыг нь жаахан ухрааж болох шүү дээ. Хэний ч амьдрал сүйрэхгүй. Үнэндээ дэлгүүрүүдийн лангуун дээр байгаа жимс жимсгэнэ шинэ эсэхийг өдөр бүр шинжлээд байдаггүй. Тэд гудамж талбайд гap дээрээс худалдаа хийж байгаа иргэдтэй адил Барс худалдааны төвөөс бараагаа татдаг. Харин гудамж талбайд худалдаа хийдэг иргэд Бараагаа бага багаар нь татаж өдөртөө зарж дуусгадаг гэлцэж байснаас үзэхэд арай эрүүл хүнс ч байж болох юм.
Статистикийн газар, Хөдөлмөрийн яамнаас ажлын байр олон мянга байхад ажилгүй иргэд мөн л олон мянгаараа байгаа тухай байс хийгээд л мэдээллэдэг. Түүнийг нь сонссон иргэд маань ч өөрсдийнхөө залхууг гайхаж Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй манайхан хэтэрхий цэмцгэрдэж байна гэж ирээд цэцэрхэх нь бий. Гэвч тэр олон ажлын байрных нь ихэнх нь хөдөлмөрийн хөлс муутай эсвэл хар бор ажил байдаг нь нууц биш. За яахав ажил бол ажил юм аа гэж бодоход заавал нас, мэргэжил заасан байдаг биш билүү. Барилга, уурхай, замын хүнд хүчир хөдөлмөрт 30-аас доош насны ажлын ачаалал даах эрэгтэй хүн авна, Дэлгүүрт дээд боловсролтой 25-аас доош насны царайлаг эмэгтэйг худалдагчаар шалгаруулж авна гэсэн зар л ихэвчлэн харагддаг.
Хэдийгээр ажлын байрнаас их юм алга гэдэг боловч өнөөдөр 40 нас өнгийж яваа хүмүүст ямар ч ажил олддоггүй юм. МУБИС-ийн ойролцоо гар дээрээс ширхгийн худалдаа хийдэг Б гэх эмэгтэй Охиноо оюутан болоход нь дагаад л хот бараадсан. Мань мэтийн хүмүүст ажил олдохгүй болохоор л хөөгдөн туугдан rap дээрээс ширхгийн чихэр, жимс худалдаж амьдралаа залгуулж байна гэж ярьж байлаа. Тэд өнөөдөр ямарч ажлыг голохгүй хийж чадах боловч ажил нь алга. Тиймээс л гудамжинд худалдаа хийх аргыг сонгосон хэрэг. Харин эдгээр худалдаачдыг цэгцлэх болсон шалтгаан нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилготой. Өлсгөлөн хүн цатгаландаа үзэмжгүй харагдаж байгаа нь энэ. Уг шийдвэрийн ард тэдний үр хүүхдүүд нь өлөн зэлмүүн хонож эхэлбэл хэний буруу вэ. Төрийн албанд ороогүй, бор зүрхээрээ амьдарч ирснийх нь буруу болох уу. Тэд гомдол гаргаж, мөнгө нэхэж, жагсаж цуглахгүй тийм энгийн хүмүүс. Зөвхөн ажиллах орчин нь хэрэгтэй.
Ер нь хичнээн жил өнгө үзэмж муутай. олон нийтийн эзэмшил дээр зөвшөөрөлгүй байна гэх мэтээр гар дээрээс худалдаа хийж байгаа иргэд, ТҮЦ-үүдийг хавчиж байгаа билээ дээ. Өнгөрсөн онд Өдрийн сонин-ы асуух эрхийн танхимд болсон хэлэлцүүлэг дээр ТҮЦ-үүдийн эзэд Ардчилсан нам ялбал биднийг ад шоо үзэхээ болих байх гэж бодож байсан юм. Ялгаагүй юм даа. Бид үр хүүхдээ тэжээж, сургалтын төлбөрийг нь төлж татвар түрээс төлж яваа энгийн л хүмүүс. Дам дамандаа захын наймаачдаа ч тэтгэдэг. Хориглосон бараа байвал худалдахгүй байя. Өндөр үнэтэй ТҮЦ зээлээр өгсөн ч авна гэж хэлцгээж байсан. Үнэхээр ч иргэдээ дугаарлаж тэдний амь амьдрал, ар гэрийг үл хэрэгсэн зөвхөн өнгөлөг өөдлөг харагдахыг хичээх нь хэтэрхий харгис явдал биш гэж үү.
Ганцхан манай оронд л гар дээрээс ширхгийн худалдаа хийдэг иргэд байдаг юм биш. Азийн ихэнх оронд гудамжны худалдаа байдаг. Тэндээсээ орлого олж амьдардаг түм буман иргэд бий. Төр нь тэднийг хөөж туух биш татвараа аваад зүгээр орхидог юм билээ. Өмнөд Солонгос ч гудамжны худалдаан дээрээс эхэлж л хүмүүс нь ажилтай, орлоготой болж улс орон нь өсч өндийсөн гэдэг. Харин манай удирдлагууд улс орон нь өнөөгийн европын зарим орны хэмжээнд хөгжөөгүй, иргэдийнх нь амьдралын баталгаажих түвшин сайжраагүй байхад дагаж дууриаж цэмцгэрхэх нь галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөх-тэй ижил юм. Зарим бодлогогүй хөөргөн шийдвэрийн ард энгийн иргэдийн чинь амьжиргаа сүйрч байна. Эсвэл ийм иргэд эх оронд хэрэггүй юү.
Ж.Баярсайхан