Сирийн дайныг зогсоож чадаагүй нь НҮБ-ын нэр хүндийг унагаж байна

хүртэл үргэлжилж байна. Иргэний дайны хэмжээнд хүрсэн уг хямралд 100 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн тооцоог олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс гаргажээ.
Засгийн газрын арми, босогчид зарим бүс нутагт галыг түр зогсоогоод байгаа ч буудалцаан болсоор байна. Дайн тулаанаас зугтсан хэдэн сая иргэн хөрш зэргэлдээ Турк, Лебанон, Ирак, Египет, Иордан улсуудын дүрвэгсдийн лагерьт өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага 2.4 сая дүрвэгчийг бүртгэсэн ч цаана нь бүртгүүлээгүй олон сая иргэн байгааг дурьджээ. Түүнчлэн судалгаагаар дүрвэгсдийн дөрөвний гурван хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд гэдгийг гаргасан аж.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байгаагаас дүрвэгсдийн лагерьт байгаа хүүхдүүд өвдөж, амиа алдах тохиолдол их гардаг байна. Сиричүүд хөрш орнууд руу дүрвэхээс гадна дайн тулаан багатай хотууд руу нүүжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын арми босогчдын эсрэг тулалдсаар байгаа ч одоо түүний талд хүн амын 12 хувь нь үлдсэн гэх мэдээлэл гарсан. Зэвсэглэсэн босогчид төдийгүй жирийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэсэн учраас цэргүүд болон нэг генерал Сириэс дүрвэн гарсан нь шуугиан дэгдээсэн билээ. Башар Асадын дэглэм босогчдыг террористууд гэж үзэж байгаа тул яриа хэлэлцээ хийхээс татгалзсаар байна. Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элч Лахдар Брахими зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох талаар Женев хотноо хэлэлцээ хийх гэсэн оролдлого нь амжилтад хүрээгүй учир сиричүүдээс уучлалт гуйсан аж.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн хоёрдугаар сард Башар Асадын Засгийн газар чулуугаар хана хэрэм босгосон мэт аашилж байна. Энэ дэглэм ард иргэдийнхээ зүг бөмбөгдөж, улс орноо сөнөөхөөс өөр юу ч хийсэнгүй. Иран, ОХУ Башар Асадыг дэмжиж байгаа нь харамсалтай хэмээн мэдэгдсэн.
НҮБ-аас Сирийн дүрвэгсэд болон нутагтаа байгаа энгийн номхон иргэдэд тусламж үзүүлж байгаа юм. Очих боломжгүй байсан Сирийн зарим хотын 57 мянган оршин суугчид хүмүүнлэгийн тусламжийг энэ долоо хоногт хүргэсэн тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдэгдлээ.
2013 оны тавдугаар сараас хойш Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тусламж очоогүй Хомс хотын захын дүүргүүдийн 20 мянган хүнд хоол хүнс ачсан ачааны машинууд очсон аж. Хомсоос гадна Дамаск, Дераа хотуудын оршин суугчид, Идлиба хотод нүүж очсон хүмүүст хүнс хүргэжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар НҮБ-аас Сирийн 1.5 сая дүрвэгсдэд, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Сирийн 3.7 сая оршин суугчид хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн иргэний дайнд оролцож байгаа талуудын үйлдэж байгаа гэмт хэрэг өргөн хэмжээний газар нутгийг хамарсан. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн болон Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнууд энэ цуст дайныг зогсооход үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй хэмээн Женев хотноо болж байгаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дахь чуулганы нээлт дээр хэлсэн аж. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх чуулганаар Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх юм. Гурван жил үргэлжилж байгаа дайныг өдөөгч талуудыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн 47 орны төлөөлөгчид Сири улсад хүний эрх зөрчигдөж байгаа талаар илтгэл тавихаас гадна 2013 оны долдугаар сараас 2014 оны нэгдүгээр сарын хооронд Сирид байдал хэрхэн өөрчлөгдсөнийг хэлэлцэж эхэлсэн аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дээрх чуулган эхлэхээс өмнө НҮБ Сирийн хямралыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж байгаа нь олон улсын байгууллагын нэр хүндийг унагааж байна хэмээн тэмдэглэжээ.
Н.Тунгалаг