З.Баянсэлэнгэ Эрчүүд асуудлыг олонхоороо шийддэг нь тушаа болоод байна

холбоотой болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн их хуралдай хоёр дахь жилдээ болж байна. Энэ хуралдайгаас ямар дүгнэлт гарах вэ. Тэр нь юунд чиглэх вэ?
-Энэ удаа Төрийн ордонд болж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа. Бид нийгэм, эдийн засаг, соёл, хүний эрхтэй холбоотой асуудлуудаар өөрсдийн санал бодлыг хуваалцана. Мөн энд тавигдаж буй илтгэлүүд давхцаагүй. Тухайлбал хүний эрхтэй холбоотой, хууль тогтоох, шийдвэр гаргах түшвин дэх эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг олон сэдвээр илтгэл тавигдаж байна.
Эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрч байна гээд байгаа боловч бодит байдал дээр тэд яаж хандаж байгаа вэ, тэдний оролцоо ямар байна, төрд хяналт байх уу, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ямар байх вэ зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах түвшний хүмүүс, намуудад хандсан зөвлөмж гаргана.
Мөн МАХН-ын дэргэдэх Шударга ёс эмэгтэйчүүдийн холбоо зохион байгуулж байгаа учраас нам хэрхэн оролцох вэ, шийдвэр гаргах түвшнийхэн юу хийх вэ гээд ялгаатай зөвлөмжүүд байна. Бид энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүд нь парламентдаа, Засгийн газар, нам, ТББ-ын түвшинд тус тусдаа ажиллана.
-Та сая илтгэлдээ эмэгтэйчүүд боолын хөдөлмөр эрхэлж байна гэж хэллээ. Тэгэхээр түүнийг халахын тулд юу хийх ёстой вэ?
-Манай улс НҮБ-ын хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 183 дугаар конвенцид нэгдэн орох ёстой. Мөн би чуулганы хаалтын үеэр Эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртөж байна. Эмэгтэйчүүд хохирч байна гэж их ярьсан. Харин одоо гэр бүлийн тухай хуулийг оруулж, түүн дээр ярилцаж, ажиллах хэрэгтэй. Засгийн газар дээр гацаад байдаг юм бол яагаад удаад байгааг нь тодруулж, шаардаж, шахах хэрэгтэй байна.
Өнөөдрийн нөхцөл байдалд тохируулан энэ хуулийг өөрчилж, шинэчилсэн найруулга хийж 80 гаруй хувьд нь өөрчлөлт оруулах ёстой. Учир нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай энд нэг ч үг байхгүй. Тэгэхээр гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгыг яаравчлуулах хэрэгтэй. Мөн гэр бүлийн болон хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа оруулах шаардлагатай байна. Ингэж эдгээр хуулийг оруулж байж л дээрх асуудлыг шийдэхгүй бол ханцуй шамлаад, муйхраар тэмцэнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Яагаад гэвэл парламентад суудалтай намын хувьд бид шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох байгууллагатай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна.
-Сүүлийн үед хамтран амьдрагч эсвэл нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүйчүүдийн тоо олширлоо. Энэ тал дээр ямар дүгнэлт хийж байна?
-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо асар хурдацтай өссөн. Ялангуяа найз залуу, хамтран амьдрагч, нөхрийнхөө гарт амиа алдаж байгаа эмэгтэйчүүдийн эмгэнэлт хувь заяа бидний нүдэнд ил байна. Тиймээс бид ээжүүдээ, эмэгтэйчүүдээ өмөөрөх ёстой. Би сая бүсгүйчүүдээ өмөөрөх, хамгаалах, шийдвэр гаргагчид нь хамгаалж чаддаггүй юм бол эмэгтэйчүүд өөрсдөө нэгдээд нэгнийгээ хамгаалья гэсэн агуулгатай илтгэл тавьсан.
Хүний эрхийн хуульч М.Ичинноровын өмгөөлж байгаа хэргийг хүний эрхийн талаар мэргэшсэн өмгөөлөгч өмгөөлж байгаа гэдэг утгаар нь ихэд анхаарч, ажиглаж байгаа. Гэхдээ түүнийг ажиглалаа гээд анхаарал тавихгүй байгаа юм биш. Хэрвээ хууль хүчнийхэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага шударга бус хандаж тэр эмэгтэйн амийг хэнд ч хэрэггүй байсан мэт үнэгүйдүүлэх юм бол бид зүгээр суухгүй. Магадгүй миний оролцоо шаардлагатай бол оролцоход бэлэн. Цаашид нийгэмд болж бүтэхгүй зүйл гарахад эмэгтэйчүүд амьдралыг нуруундаа үүрч, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж явсныхаа төлөө хохирлоо. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах тал дээр ажиллах шаардлагатай байна.
-Сонгуулийн тухай хуулийн талаар та ямар бодолтой байгаа вэ, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх тухай яригдаад байгаа?
-Яг бидний гар дээр ирээгүй байна. Ажлын дэд хэсгүүд ажиллаж байгаа юм билээ. Хаврын ээлжит чуулган эхлэхээр ажиллана. Би ч энэ ажлын хэсэгт багтаж байгаа. Тэгэхээр аль ч намын шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд эмэгтэй гишүүд түлхүү ажиллаж байгаа. АН-аас л гэхэд УИХ-ын гишүүн Р.Бурмаа болон Ц.Оюунгэрэл сайд, МАН-аас Д.Оюунхорол нарын гишүүд, харин манай намаас О.Баасанхүү гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Квотыг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох боломжоор хангах, санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх гэх мэт зүйлийг хэлж байна. Тэгэхээр мэдээж эндээс гарч буй зөвлөмж, намаас барьж буй байр суурийг сонгуулийн хуульд оруулж өгнө гэж бодож байгаа.
-Хэдийгээр эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч өнөөдрийн нөхцөл байдал үүнийг хүлээж авахад бэлэн үү. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Уг нь өнөөдөр эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд нэмэгдэж байгаа. Өмнө нь дээд тал нь тав байсан бол өдгөө парламентад 11 гишүүнтэй болсон. Ер нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр ямар ач холбогдолтой вэ гэдгийг ард иргэд төдийгүй улстөрчид ойлгох хэмжээнд хүрсэн. Энэ үед бид эвтэй байж, нийгмийн сайн сайхны төлөөх асуудалд бусдыгаа дэмжин хамтарч, бага зэрэг хүчлэх юм бол болохгүй зүйлгүй.
Тэгэхгүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ харж суучихаад, өөрсдийгөө шийдвэр гаргах түвшинд байх ёстой гэж ойлгуулах гэвэл өөр асуудал болно. Тиймээс энэ 11 эмэгтэйн эв нэгдэл өнөөдөр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлнэ. Манай эрчүүд асуудлыг олонхоороо шийддэг нь энэ бүхний тушаа болоод байна.
-Ирэх хаврын чуулганаар танай намын бүлэг ямар асуудалд илүү ач холбогдол өгч ажиллах вэ?
-Бид хаврын чуулганаас эхлээд улстөрийн алхмуудыг нэлээн дорвитой хийнэ гэж бодож байгаа. Тухайлбал бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй удаж байна.
Нийгэмд хүлээлттэй байгаа хуулиудыг хэлэлцүүлж, батлуулах талаас нь яаравчилна. Мөн инфляцийн өсөлт, долларын ханшийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор шийдвэртэй алхмуудыг хийнэ. Улстөрийн ямар л алхам байна түүнийг бүгдийг хийнэ. Хаврын чуулганыг их үр дүнтэй өнгөрүүлнэ гэж бодож байна.
-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна?
-Миний хувьд хөдөө орон нутагт ажиллаад ирсэн. Булган, Эрдэнэт болон Хялганат тосгонд ажиллалаа. Мөн АНУ-ын Вашингтонд болсон дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой хуралд суугаад ирсэн. Цаг уурын өөрчлөлт, байгаль эх дэлхийн аюулгүй байдал гэдэг тал дээр шийдвэр гаргах түвшнийхэн хайхрамжгүй хандаж, ёс төдий оролцдог.
Гэтэл тэр хуралд суухад өнөөдөр эх дэлхийн уур амьсгал хүний буруу зан үйлээс болж доройтож байгааг зарим улс оронд ойлгодоггүй юм байна. Гэтэл үүнийг дэлхий нийтээрээ хамтдаа ажиллаж шийдвэрлэх асуудал болчихож. Тэгэхгүй бол 50 жилийн настай улс хүртэл байна. Манайд гэхэд л цэвэр усны хангамж удахгүй дуусах нь, цөлжилт нүүрлээд байна гэж яригдаж байхад бид ч гэсэн энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.