Монголын цирк Их аваргын хувийн өмч биш

Д.Дагвадорж циркийг хувьчлалаар авсан ч гэрээгээ зөрчиж циркийн үндсэн үйл ажиллагааг үгүй хийсэнд хамаг учир байгаа юм.
Тиймээс олон нийтийн зүгээс циркийг анх хувьчилж авахдаа нөхөд их сайхан зүйл ярьж байсан. Гэтэл одоо цирк мөхлийн ирмэгт ирсэн учраас төр өмчөө эргүүлэн авах нь зөв гэсэн байр сууринаас хандах болсон юм.
Товчхондоо циркт янз бүрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байнгын үйл ажиллагаатай дэлгүүр, банк, ресторан, зоогийн газар тэр ч бүү хэл PC тоглоомын газар хүртэл ажиллаж байгаа нь бидний өмнө бэлхнээ харагдаж байна.
Нөхцөл байдал ийм байхад Их аварга Өнөөдөр циркийн урлаг мөхөөгүй. Харин ч уруудаж байсан газрыг бид хувьчилж авснаараа өөд нь татаад явж байгаа шүү гэж их л бардам хэлж байсан нь ёстой л онигоонд оруулсан гэхэд болно.
Зүй нь аварга цирктэй холбоотой асуудал нэг хүний бизнесийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашиг гэдгийг ухамсарлах ёстой.
Хувьчлал хуудуутай явагджээ
Анх 2007 онд улсын циркт менежментийн хувьчлал хийснээр АСА цирк нэртэй болж байсан түүхтэй. Түүхийг сануулахад тухайн үед Циркийн хувьчлалын үнэлгээний эхний комисст орж ажиллаж байсан хуучнаар БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Л.Цэдэвсүрэн Ажлаасаа зургаахан хоног түр хөндийрөх хооронд бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс хариуцаж аваад АСА-д хувьчлах эрхийг нь өгчихлөө гэж ярьж байсан.
Хуудуутай явагдсан энэ хувьчлалаас хойш дэлхийд гайхагдаж байсан циркийн урлаг жинхэнэ утгаарааа сүйрсэн гэдгийг олон ахмад уран бүтээлч халаглан ярьж байхаас гадна тухайн үед ажлын хэсэгт орж багтаж байсан хүмүүс ч Хувьчлал хуудуутай явагдсан гэдгийг өдгөө ч ярьж байгаа юм.
Тухайлбал цирк анх хувьчлагдаж байх үед сургуультай амьтан олон байсан. Гэтэл одоо ганц ч байхгүй. Мөн циркийн жүжигчид хавчигдаж, хөөгдөн туугдсаар бэлтгэл сургуулилтын өрөөгүй болсон.
Тиймээс жүжигчид тус тусын зам мөрөө хөөн хувийн цирк байгуулан АСА-д хамааралгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг гаргасаар л яваа.
Өөрөөр хэлбэл циркийг хувьчилснаас хойш уран бүтээлчид Анжелс, Мэжик, Хулан, Шинэ цирк, Циркус Монголиа Хадгаа, Кон арт, Хан Монгол, Шонхоодой, Эрдэнэс, X roses зэрэг хувийн студи, хамтлаг байгуулсан.
Уран бүтээлээ бие даан хийж байгаа эдгээр хамтлагийг циркийн найруулагч Д.Зоригт, алиалагч, найруулагч Ч.Хатанбаатар, уран нугараач Т.Буд, жүжигчин Ш.Цогтхүү нар өнөөг хүртэл удирдан ажиллаж байгаа.
Монголын циркийн холбоо циркийн урлагийг аварна
Ингээд бид найруулагч Ч.Хатанбаатартай утсаар холбогдоход Маргааш /өнөөдөр/ Монголын циркчдийн холбоо болон бусад циркд, цирктэй холбоотой асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө.
Өнөөдөр үүсч буй асуудал Монголын циркийн урлагт маш муугаар нөлөөлж байгаа нь үнэн. Төв байгууллага гэдэг бол хамгийн урд нь гишгэж байх ётой. Бид үүнийг дагаад хөгжих учиртай. Байдал ямар байгааг ард түмэн мэдэж байгаа тул илүү зүйл яриад яах вэ гэв.
Ямартай ч Монголын циркийн урлагийнхан өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон нь тодорхой боллоо. Учир нь тэд цирктэй холбоотой асуудлыг олон жил ярьсан ч тэдний үгийг сонсдог хүн өмнөх Засгийн газрын үед байгаагүй нь харамсалтай.
Тиймээс өнөөдөр зоригтойгоор циркийн хувьчлалын асуудлыг ярьж эхэлсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайг Браво гэж хэлэх хүн олон байгаа юм.
Түүний энэ ажлыг монголын ард түмэн нэгэн дуугаар дэмжиж байсан тухай нийтлэлийг бид өмнөх дугаараараа хүргэж байсан. Олон нийтийн зүгээс анх циркийг Дагваа аваргыг авч байхад ард түмэн ихэд бэлэгшээсэн нь түүнийг түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн Их аварга гэж итгэл үзүүлж байсан хэрэг.
Гэтэл циркийн урлаг сэргэн мандах биш мөхлийн ирмэгтээ тулж ирсэнд олон нийт сүүлийн гурван жил ихэд шүүмжлэх болсон ч дээр дурьдсанчлан нэгэнт хувьчлал хийсэн гэх нэрээр энэ тухай асуудлыг хэлэлцэх хүн ч олдохоо байсан.
Тиймдээ ч өнөөгийн ийнхүү хурцадмал байдал үүссэн гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь Их аварга Үндсэн үйл ажиллагаа чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй. Үндсэн хөрөнгийн ашиглалтыг зориулалтын дагуу сайжруулах. Циркийн урлагийн урын санг баяжуулан, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх, үйлчлэх хүрээг тэлэх.
Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах. Соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулна гэсэн гэрээг хийж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэчихээд байна.
Менежментийн хувьчлалаар барилга байгууламжийг шилжүүлдэггүй
Иймээс л ШӨХТГ-ын дарга О.Магнай зөрчил дутагдлаа арилгах есөн сарын хугацаатай үүргийг тэдэнд өгсөн нь өдгөө улстөржсөн асуудал болж хувираад байгаа юм.
Тодруулбал дээрх есөн сарын хугацаанд Монгол цирк сэхэл авч үзэгчиддээ шинэ тоглолтоор бэлэг барих учиртай. Үгүй бол циркийн хувьчлалыг эргэн харж төр мэдэлдээ эргүүлэн авах асуудлыг сөхнө гэж мэдэгдсэн хэрэг.
Тус газрын энэхүү ажилд ССАЖЯ хамтран оролцоно гэдгээ ч мэдэгдсэн бөгөөд бид хувьчлалын асуудлыг хариуцаж байсан ТӨХ болон салбарын сайдтай нь уулзсан юм.
Менежментийн хувьчлалын үр дүнг менежмент явагдаж байгаа эсэхээр нь шалгадаг
-АСА циркийн хувьчлалын талаар салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-АСА циркт менежментийн хувьчлал явагдсан уу гэвэл явагдсан. Менежментийн хувьчлал бол циркийг үндсэн чиглэлээр нь ажиллуулна, харин менежментийг бид зохицуулна гэж хувьчилсан гэсэн үг. 1990-ээд онд маш олон барилга байгууламжийг менежментийн бус барилгын хувьчлалд хамруулсан.
Тэгэхээр аль нь барилгынх, аль нь үйл ажиллагааны хувьчлал бэ гэдгийг ялгаж салгаж байж шалгалт явагддаг. АСА циркийн хувьд ШӨХТГ менежментийн үйл ажиллагааны шалгалтыг хийсэн гэж ойлгосон. Тиймээс цирк төлөвлөгөөт арга хэмжээгээ сэргээж ав. Үүнийг хийж чадвал хувьчлалыг хэвээр үлдээнэ гэж ойлгосон.
Хувьчилж авсан л бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой
-АСА циркийн асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Циркийн асуудлыг бид авч үзнэ. Өөрөөр хэлбэл гэрээндээ циркийг үндсэн зориулалтаар нь ашигла гэж заасан байгаа. Тэгэхээр бид хаа хаанаа иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Хувьчилж авсан л бол гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой.
-Тэгвэл Их аварга бид гэрээгээ зөрчөөгүй гэж яриад байгаа?
-Гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлснийг шүүх тогтоогоод өгөхөөр бид засч залруулах ажил руугаа орох ёстой. Тэр хүмүүс заавал эсрэг байдлаар тайлбарлаад байхаасаа илүү засч залруулах хэрэгтэй. Хэрвээ тэд зориулалтын журмаар нь ашиглаад явбал бид энэ тал дээр ярих зүйл байхгүй. Бид бие биенээ хамгаалсан зүйл яриад хэрэггүй. Албаны хүмүүсийн байр суурь менежментийн хувьчлал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг нотлож байна.
Тиймээс байр байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг. Иймд дэлхийд гайхагдсан циркийн урлаг болон орон байрыг нь бизнесийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа энэхүү үйлдэл зүйд нийцэхгүй гэдгийг Их аварга мэддэггүй юм болов уу.
Р.Саруул