Энэ он үүрэн телефон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах жил байх болно

дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.

-Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Чу­­хам хэзээнээс энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг тэмдэглэдэг ч ач холбогдлынх нь талаар иргэд тэр бүр мэддэгүй?

-Юуны өмнө Өглөөний сонин-ы уншигчидад Хэ­рэглэгчийн эрх ашгийг хам­гаалах дэлхийн өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийг НҮБ-аас 1985 онд анх санаачлан тэмдэглэн өнгөрүүлэхээр ший­двэрлэсэн байдаг. Манай ул­сын хувьд гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Тухайлбал 2012 онд Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх, 2013 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйг боловсронгуй болгох гэсэн уриан доор тэмдэглэсэн. Гэхдээ зөвхөн нэг өдөр ярьж хэлэлцээд өнгөрдөггүй. Бүтэн жил юу хийх вэ гэдгээ ярилцаад төлөвлөгөө гарган, тодорхой ажлуудыг хийнэ гэсэн үг. Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах өдрийн сэ­дэв, уриалгыг сонгохдоо Олон улсын хэрэглэгчийн бай­­гуул­лагаас тодорхой хэм­жээнд судалгаа явуулдаг юм билээ. Өөрөөр хэлбэл хаана хамгийн их хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж байгааг тод­руулаад тэр дагуу холбогдох байгууллагуудад санамж, зөв­лөмж явуулдаг.

Энэ жилийн хувьд ямар сэдвийн хүрээнд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-2014 оны хувьд Үүрэн телефоны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сэд­вийн хүрээнд тэмдэглэн өнгө­рүү­лэхээр болсон. Үүрэн телефоны хэрэглэгчээс хам­гийн түгээмэл ирдэг таван зөвлөмжийн дагуу улс орнууд тодорхой ажлууд хийх болно.

-Ямар зөвлөмжүүд байна вэ?

-Нэгдүгээрт үүрэн теле­фоны оператор компаниуд хэрэг­лэгчдэд гэрээний талаар үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгдөг болох, хоёрдугаарт үйл­чил­гээний чанарын асуу­дал. Үйлчилгээний чанар­тай хол­боотой асуудал үүс­вэл хэр­хэн шийдвэрлэх талаар ший­дэл олох ёстой. Гурав­ду­гаарт төл­бөр тооцооны асуудал бай­гаа. Энэхүү асуудал манай ул­сад ч түгээмэл тохиолддог.

Дөрөвдүгээрт хувийн нууц яригдаж байна. Гар утас гэдэг бол мэдээллийн хэрэгсэл. Тий­мээс хүний нууцын асуудлыг өндөр түвшинд сахих ёстой. Нууцлал муугаас бизнесийн нууц, төрийн нууцлалын зэрэг­тэй чухал мэдээллүүд задрах тохиолдол гардаг. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай гэдгийг Олон улсын хэрэг­лэгчийн байгууллагаас бидэнд анхааруулсан. Харин тав дахь нь хэрэглэгчийн гомдлыг түргэн шуурхай барагдуулдаг болгох ёстой гэсэн зөвлөмж ирсэн.

-Үүрэн телефоны компа­ниудтай холбоотой асуудлууд манай улсын хувьд өнгөрсөн жил их яригдсан. Энэ жил ч мөн яригдах нь ээ?

-Тийм ээ. Дээрх зөвлөмжийн таван чиглэл бүгд л манайд байдаг. Тэгэхээр бидний зүгээс ирэх жилийн гурав дугаар сарын 15-н гэхэд үүрэн телефоны компаниудтай холбоотой асууд­луудыг цэгцэлнэ. Тодорхой ажлууд хийж эхлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт үүрэн те­лефоны компаниудтай уул­­залт зохион байгуулсан. Хэрэг­лэгчийн эрх ашгийг хам­гаалах өдрийн хүрээнд өнөө­дөр мөн уулзалт зөвлөгөөн зохион байгуулахаар болсон. Эндээс ямар асуудал байна, яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр зөвлөлдөж тодорхой шийдвэр гарна.

-Хэрэглэгчийн эрх ашгийг ямар хууль журмын дагуу зохицуулж байна вэ?

-Манай улсад ардчилсан хувьсгал ялс­наас хойш хэрэг­­лэгчийн эрх ашгийг хам­­гаа­лах хөдөлгөөн өрнөсөн бай­даг. Тэгээд 1993 онд Хэрэг­лэгчийн эрх аш­гийг хам­гаалах хууль батлагдаад 2003 онд шинэчлэгдсэн байгаа. Энэ­хүү хуу­лийн хүрээнд болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явагдаж байна даа.

-Иргэд өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэж үзвэл хам­гийн түрүүнд танайд хан­дах байх. Иргэдийн эрх аш­гийг хамгаалах өөр ямар байгуул­лага байна вэ?

-Иргэд өөрсдийнхөө эр­хийг зөрчигдлөө гэж үзвэл хэрэг­лэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудад хандаж эрхээ хамгаалуулах эрх­тэй. Нөгөө талаасаа ШӨХТГ-т гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Бид аливаа гомдол, саналыг 30 хоногийн дотор барагдуулж, хариу мэдэгдэх үүрэгтэй.

Өмнө нь иргэн, аж ахуйн нэгжүүд манайд гомдол гар­гахдаа заавал бичгээр ирүүлдэг байсан. Одоо харин утсаар, мэйлээр, Facebook, Twitter гээд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан иргэд аж ахуйн нэгжүүдээс гомдол саналыг нь хүлээн авч байгаа.

-Төрийн бус байгууллагад иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн чадамж байна уу. Тэднийг хэрэглэгчдийн эрх ашиг гэхээсээ урьтаж ашиг сонирхлын үүднээс үйл ажил­лагаагаа явуулдаг хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг?

-Төрийн бус байгууллагуудын чадав­хын талаар ярих ёстой. Өнөөдөр тэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалаад явах хууль эрх зүй нь дутмаг байна. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу тухайн байгууллагыг шалгах эрх ТББ-уудад байхгүй. Хоёрдугаарт, үйл ажиллагаа явуулах мөнгө санхүү дутмаг шүү дээ.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төс­лийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү өөрч­лөлтийн гол зарчим нь Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр алдаа зөрчил гаргасных нь дараа торгож, шийтгээд байх биш хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийг боловсруулах тал дээр нэлээд анхаарах юм.

Нөгөө талаасаа олон нийтийн байгуул­лагад хяналт тавих эрхийг нь хуулиар зохицуулж өгөхөөр тусгасан байгаа.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button