Г.Урнаа Нора-гийн зохиолыг малчин уншсан ч ойлгоно

-Бодоод байсан та их азтай эмэгтэй юм?
-Яагаад тэр билээ.
-Урлагийн тайзнаа нөхөртэйгээ зургаан ч удаа хуримаа хийсэн байдаг?
-Тийм ч юм уу. Жагаа бид хоёр хэд хэдэн жүжигт хос болж хуримаа хийсэн юм байна шүү. /Инээв/
-Тэр бүр хүнд тохиогоод байдаггүй зүйл шүү дээ. Тэгээд л таныг азтай эмэгтэй гэж бодлоо?
-Өө, маш их баярлалаа. Сэтгүүлчид гэж сонин хүмүүс шүү.
-Юу нь тэр вэ?
-Энэ талаар Жагаа бид хоёр огт бодож байгаагүй. Тэгсэн та нар л тоолоод гаргаад ирчих юм. /Инээв/
-Харин амьдрал дээр саяхан мөнгөн хуримаа хийсэн санагдаж байна?
-Тийм ээ.
-Танд маш том гэнэтийн бэлэг болсон гэж сонссон?
-Тэгэлгүй яах вэ. Намайг гавьяат жүжигчин болдог жил Жагаа бид хоёрын гэр бүл болсны 25 жилийн ой тохиосон. Тухайн үед би мэдээгүй л дээ. Тэгсэн гавьяатын найран дээр бид хоёрын мөнгөн хурим болсон. Үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Гавьяатын найр маань мөнгөн хуримын найр болж хувирсандаа. /Инээв/
-Ингэхэд өдөр бүр жүжгийн сургуулилт гээд их ядарч байна уу?
-Энэ жил манай театр долоон найруулагчийн долоон өөр жүжиг тавьж байгаа. Театрын маань бүх уран бүтээлч оролцож байгаа. Миний хувьд хоёр ч жүжигт тоглож байна. Өдөр бүр бэлтгэл, сургуулилт гээд зав муутай л явна
-Бас одоогоос 30 жилийн өмнө тавигдаж байсан Нора жүжигт тоглож байгаа?
-Тийм ээ.
-Яг ямар дүрд тоглож байгаа юм бэ?
-Норагийн найзын дүрд.
-Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-Бас л ганцаардсан, хар амиа бодсон эмэгтэйн дүр шүү дээ.
-Өнөөх Хельмертэй адилхан уу?
-Яг ч тийм биш л дээ.
-Тэгээд ямар гэж?
-Норагийн багын найз. Их ядруу, ганцаардмал хөдөөний эмэгтэйн дүр. Ядарч туйлдахын эрхэнд хөдөөнөөс Норагийнд ирнэ. Нора надад амьдралын үнэ цэн, хэрхэн хүнтэй харилцах, ажил яаж хийх зэргийг зааж өгдөг. Гэхдээ эцсийн эцэст Нораг биш өөрийнхөө хайр дурлал, амьдралыг бодоод явж байгаа юм. Найзынхаа хийсэн алдааг нөхөр Хельмерт нь ойлгуулаад хэлчих чадалгүй, сул дорой эмэгтэйн дүр гэх үү дээ.
-Юу нь болохгүй гэж. Яагаад хар амиа бодоод байгаа юм бол?
-Норад Ингэж амьдарч болохгүй. Нөхөртөө өөрөө хэл гээд аз жаргалаа бодоод гэрээс нь явдаг. Уг нь бол Норагийн төлөө Хельмертэй бүх зүйлийг хэлж ойлгуулчихмаар шүү дээ.
-Янз нь дотоод сэтгэлдээ дүртэйгээ нэлээд зөрчилджээ дээ?
-Тийм ээ. Харамсалтай миний дүр хэлэхгүй хаяад явчихдаг.
-Ингэж өөртэйгөө зөрчилдөх үе олон байна биз?
-Байлгүй яах вэ, гэхдээ дүр л бол дүр. Ямар ч жүжгийн дүрүүд үзэгчдэд ухаарал өгч байдаг. Миний энэ дүрд өмнө Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тоглож байсан.
-Анх Нора-г 1984 онд Г.Доржсамбуу агсны найруулга, задаргаагаар тавьж байсан. Гэхдээ өнөөгийн залуус энэ жүжгийг төдийлэн сайн мэдэхгүй. Харин таныг Нора жүжгийг үзэж байсан гэх юм билээ?
-Үзэж байсан. Намайг их сургууль төгсөөд Оросоос ирэхэд Нора жүжиг гарч байсан.
-Та хэдэн онд их сургуулиа төгслөө?
-1987 он.
-Үзэгчид Нора-г их соргогоор хүлээж авч байсан гэдэг. Үнэхээр тэр үед төсөөлөгдөшгүй, байж боломгүй ч юм шиг сэтгэгдэл төрж байсан уу?
-Магадгүй л юм. Гэхдээ энэ жүжиг сонгодог бүтээл. Сонгодог бүтээл аль ч нийгэмд амьдрах чадвартай байдаг. Нора жүжгийн зохиолыг хөдөөний нэг малчин уншсан ч ойлгоно. Ямар ч хэлбэрээр тавьсан сонгодог бүтээл хүмүүст ойлгогддог шүү дээ. Тэгээд ч тухайн үед манай театр сонгодог жүжгүүдээр амьсгалж байсан.
-Та найруулагч Г.Доржсамбуу агсны олон жүжиг, кинонд тоглож байсан?
-Тийм, үнэхээр мундаг хүн байсан. Тэр мундаг том хүний олон сайхан жүжиг, кинонд тоглож байлаа. Хамгийн анх Халуун газар жүжигт нь тоглож байсан санагдана. Дараа нь Цусан тахилга жүжигт нээх хөөрхөн энэтхэг охины дүрд тоглосон.
Маш торгон мэдрэмжтэй. Тухайн дүрд ямар жүжигчин тогловол амьдрах вэ гэдгийг маш сайн мэдэрдэг найруулагч байсан даа.
Жагаа бид хоёртой их дотно. Хааяа манайд ирээд амарч байгаад явдаг. Жаргал, зовлонгоо хүртэл ярилцдаг байсан.
-Урлагийнхны гэм нь ажил гэсээр ар гэрээ орхигдуулдаг талтай. Харин та хоёр хоёулаа жүжигчин. Ар гэрийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Мөнхийн аз жаргалтай амьдрал гэж байхгүй шүү дээ. Хүний л амьдрал болсон хойно жаргал, зовлон ээлжилнэ. Үхэл хагацал тохиолдоно. Хоолгүй хонох ч үе гарна.
Бусдын л адил эгэл жирийн амьдарч явна. Мэргэжлийн маань сайхан тал нь олон юманд хувирч чаддаг. Хоёулаа урлагийн хүн болоод ч тэрүү уйдах завгүй байдаг даа.
Б.Төрбат