1300 жилийн өмнө амьдарч байсан дайчин баатруудтай танилцмаар байна уу…

барьж үзэж болох нэгэн үзэсгэлэнг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээлээ. Үзэсгэлэнгийн нэр нь Талын дайчдын өв соёл. Ийм үзэсгэлэнг нээж байгааг холбогдох албаныхан дуулгахад эртний монгол баатар эрс, дайчид чухам юу эдэлж, хэрэглэж байсан бол, ямаршуу дүр төрхтэй эд юмс байгаа бол гэх сониучхан бодол толгойд эргэлдсэн. Эх түүх соёлоо сонирхон судалдаг, бахархдаг хэн бүхэнд зориулж бид Талын дайчдын өв соёл үзэсгэлэнгээс дараах сурвалжлалыг бэлтгэлээ.

Үзэсгэлэнгийн танхимын хойт буланд газар доороос ямар байдалтай гарч ирсэн яг тэр хэлбэрээр нь хадны оршуулгыг бүтээжээ. Дотор нь эмээл дэрлүүлж нойрсуулсан нэгэн хүний шарил, хажууд нь хайртай мориных нь хазаар сэлт, хоромсог саадаг тавиастай байна. Танхимд хэдийгээр олон гайхамшигтай олдвор дэлгэсэн ч хадны энэ оршуулга шууд л анхаарал татлаа. Оршуулгыг судалж, малтлага хийсэн багийн бүрэлдэхүүнд ажилласан ШУА-ын Археологийн хүрээлэнгийн археологич, судлаач Д.Батсүхээс энэхүү олдворын талаар тодруулав.

-Энэ хадны оршуулгын талаар мэдээлэл өгнө үү. Хаанаас олдсон юм бол?

-Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулнаас олдсон. Манхан сумын төвөөс хойшоо 7-8 км газар Жаргалант хайрхан уул байдаг. Хадны оршуулга байгааг тус сумын сургуулийн түүхийн багш Ч.Энхтөр хэлсэн. Анх 2008 оны тавдугаар сард мэдээлэл сонсоод, сарын дараа очиж үзсэн. Улмаар малтлага хийхээр болсон. Малтлагын явцад дайчин баатар эрийн оршуулга илрүүлсэн.

-Дайчин баатрын оршуулга гэдгийг яаж баталгаажуулав. Оршуулгад тухайн хүн хэн гэдгийг илэрхийлэх эх сурвалжийн зүйл байсан уу?

-Угаасаа тухайн цаг хугацаанд монгол эрчүүд гэнэтийн дайралт болбол биеэ хамгаалахад бэлэн, бэлтгэлтэй дайчид, малчин, анчин байсан шүү дээ. Мөн оршуулгад иж бүрэн зэр зэвсэг, материал нь байгаа учраас дайчин баатар гэж байгаа юм. 20-25 орчим настай, өндөр нь 166,7 орчим метр гэсэн дүгнэлт гаргасан. Шарилыг эмээл дэрлүүлж тавьсан байгаа. Хамгийн сонин, ховор олдвор гэвэл шарилын толгойн талд байсан хөгжмийн зэмсэг буюу алтайн ятга хөгжим юм. Уг хөгжмийн зэмсэг дээр 6-8 зууны үед хэрэглэж байсан эртний Түрэгийн руни бичгийн дурсгал бий.

-Юу гэж бичсэн байсан бол, тайлж уншиж чадсан уу?

-Уншигдах боломжтой байсан. Монголчилбол Аялгуут хөгжим , Аялгууч хүү гэсэн бичээсийг тайлж уншсан.

-Энэ хөгжмийн зэмсэг хамт оршуулсан хүнийх нь яг мөн үү. Үүнийг тогтоох боломжтой юу?

-Хөгжмийг шарилын толгойн талд тавьсан байсан. Анх тавьсан тэр байдлаараа, ямар ч гадны нөлөөгөөр хөндөгдсөн шинж тэмдэг байгаагүй. Тиймээс хамт оршуулсан хүнийх мөн гэж тооцож байгаа.

-Энэ хадны оршуулга одоогоос хэдэн мянган жилийн өмнөх дурсгалд тооцогдох вэ?

-590-670 он буюу одоогоос 1300 гаруй жилийн өмнөх гэдгийг тогтоосон. Хөгжим гурван үе дамжсэн гэдэг нь ч батлагдсан. Гурван өөр цаг хугацаанд бичсэн бичээстэй учраас гурван үе дамжсан гэж тооцож байгаа.

-Оршуулгаас гарсан бусад олдворын талаар?

-Иж бүрэн хоромсог, нум саадаг байсан. Хоромсог дотор 23 сум байгаа. Мөн 2-3 эмээл, дөрөө зэрэг морины иж бүрэн хэрэглэл гарсан. Харамсалтай нь хувцас нь бүтнээрээ хадгалагдаж үлдээгүй. Тасархай нь үлдсэн байсан. Гэхдээ торгон дээл өмссөн нь илэрхий. Яг ямар хийц загвартай дээл гэдэг нь тодорхой бус учраас сэргээн хуулбар байдлаар хийх бололцоо байгаагүй. Ямар ч байсан торгоны тасархай дээр хятад ханз бичиг байгаа.

Эх бие болон царыг зурж чимэглэсэн эртний Түрэгийн руни бичээстэй Алтайн ятга хөгжим. Үүнийг хүн төрөлхтөний эртний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтаажээ.

Алтайн ятга хөгжмийг дуурайлгасан хувилбар нь

Бид сурвалжлага хийх явцдаа мөн анх хадны оршуулгыг олж, сумынхаа түүхийн багшид мэдээлсэн Ховд аймгийн Манхан сумын малчин Намсрайн Дандар, мэдээллийг Улаанбаатар луу холбогдох албаныханд дамжуулсан сумын сургуулийн түүхийн багш Ч.Энхтөр нараас дараах зүйлийг тодруулсан юм.

Багш Ч.Энхтөр Энэ олдвор анх нээгдсэн нь их түүхтэй. Анх олсон хүн бол сумын малчин Н.Дандар гуай. Би 2008 оны тавдугаар сард тэднийд сурагчдынхаа хамт очиж ямаа самнаж өгсөн юм. Тэр үед Н.Дандар гуайд уул хаданд янз бүрийн дүрс, дурсгалууд байдаг. Тэднийг хамгаалж, тэр талаарх мэдээллийг зохих хүмүүст нь хүргэх ёстой хүмүүс бол малчид та нар юм шүү гэж ярьж байсан. Гэтэл энэ явдал болсноос сарын дараа Н.Дандар гуай хонио хариулж яваад хаданд нэг нүх байхаар нь ороод үзсэн чинь эртний хүний бололтой шарил, эд юмс байна гэж манайд ирсэн. Би үүнийг хоёулаа дээд газарт мэдээлье. Жирийн хүн ухах эрхгүй байдаг. Заавал мэргэжлийн хүмүүсийн хийх ажил гээд ШУА-д мэдэгдсэн хэмээн ярилаа. Харин малчин Н.Дандар Дүрсэлж хэлбэл гэрийн тооно шиг хэлбэртэй, өнгийгөөд харвал метр гаруйн өндөртэй хадны агуй байсан юм. Дээгүүр нь бургас, мод тавьж далдалсан байсан. Мод чулууг нь холдуулж ороод барьж явсан модоороо шороо эттэл хатуу юманд хүрсэн. Гаргаад ирэхэд тэр зүйл нум сум болох нь ойлгогдсон. Тэгээд би ерөөсөө энэ зүйл чинь түүхийн ач холбогдолтой юм байх нь гээд түүхийн багшдаа хэлсэн юм. Уг нь тэр хавь байнга мал бэлчээрлэдэг газар. Надтай ийм зүйл учирсанд их гайхсан гэж ярилаа.

Талын дайчдын өв соёл нэртэй энэхүү үзэсгэлэнд Жаргалант хайрхан уулны хадны оршуулгаас гадна Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс олдсон археологийн ховор олдворуудыг дэлгэжээ. Эртний дайчин баатар эрсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл буюу эмээл, дөрөө, эмээлийн тоног, аяга, эсгий хэвнэг, малгай, торгон дээл, хусны үйс, арьсаар хийсэн хоромсог, хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас олдсон 170 шахам олдвор байна. Энэхүү үзэсгэлэнг үзвэлТүрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумны хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг уншигч та үзэж сонирхох боломжтой. Мөн нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжмийг харна. Энэ бүх олдвор нийтийн тоололын 7-13-р зууны үе буюу 700 -1400 онд хамаарах аж.

Торгон дээл

Монгол нутагтаа нүүдэллэн аж төрж, эх нутгийнхаа хил хязгаарыг сахин хамгаалж асан хүчирхэг өвөг дээдсийнхээ оюун ухаан шингэсэн эдийн соёлын үнэт дурсгал, гайхамшигт олдворуудыг энэ сарын 8-аас ирэх зургаадугаар сарын 9-ны өдөр хүртэл танилцаж болно. Энэ хугацаанд үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байх юм.

Энэхүү үзэсгэлэнд тавигдсан олдворуудыг Герман улсын хөрөнгөөр, тус улсад сэргээн засварласныг дашрамд дурдах хэрэгтэй.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button