Хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болж чадах уу

Монголдоо бүтээх шаардлага буюу хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих хөгжлийн бодлогын талаар дэлгэрүүлэн мэдээлэл хийж, цаашид баримтлах эдийн засгийн үзэл баримтлалын талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэрээр дэлхийн хүм ам цөөтэй улс орнууд эдийн засгийн хувьд асар хүчтэй, чадамжит нөхцөл байдлыг төрийн бодлогоор бий болгож буй жишгээр Монгол Улсын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох нь зүйтэй, тийм ч учраас импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг зөв тусгалаа олно хэмээн найдаж байгаа талаар онцолсон юм.
Манайх шиг бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас авдаг улсын хувьд өөрсдийн эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж баялагаа дотооддоо шингээх зайлшгүй шаардлага байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг ч энэ чиглэлээр дорвитой хийсэн ажил байдаггүй. Уг нь манайх шиг хөгжиж буй орны хувьд бүхнийг багаас нь эхэлвэл богино хугацаанд баялаг бүтээх боломж бий. Хөгжиж буй орнууд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж чадвал богино хугацаанд хөгжих боломж байдаг. Манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийг 2007 онд баталж төрөөс энэ салбарыг дэмжих бодлогыг тодорхойлж өгсөн. Гэвч үүнийхээ хүрээнд бодит ажил хийсэн нь нүдэнд харагдахгүй байна. Багахан үйлдвэрлэл явуулж буй үндэсний үйлдвэрлэгчдэд алхам тутамд нь бэрхшээл учирч байдгийг хэлдэг. Адаглаад жижиг дунд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор засгийн газраас олгож буй зээл тусламжийг том компани, группууд нь охин компаниараа дамжуулаад авчихдаг нь нууц биш. Гэтэл сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэрийн салбарт улсын төсвөөс 30-60 тэрбум төгрөг зарцуулсан гэх албан бус тооцоо бий. Харин энэ их мөнгөнөөс хүртэж чадсан жижиг дунд үйлдвэрлэгчид хэд байгаа бол. Хоёр том гүрний дунд хавчуулагдан аль аль талаас нь эдийн засгийн хараат байдалд байдаг манай улсын хувьд энэ байдлаас гарахын тулд зайлшгүй хийх ёстой ажил бол энэ салбарыг бодитоор дэмжих явдал юм.
Засгийн газар өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрийг дэмжих шинэ хууль санаачилж байсан. Энэ жил энэ салбарт нийт 1,5 тэрбум төгрөгний хөнгөлттэй зээл олгох түүнчлэн зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх талаар ярилцаж байсан. Хэрэв энэ ажил биелэлээ олсон бол овоо хэдэн жижиг үйлдвэрүүд хөл дээрээ босож эдийн засагт нэмэр болох нь гарцаагүй байсан. Харин одоогоор бидний нүдэнд үзэгдэж харагдсан зүйл байхгүй байна. Өнөө хэдэн иргэд нь өөрсдийн бор зүрхээрээ л явж байна.Уг нь манайх шиг хөгжиж буй орон жижиг дунд үйлдвэрээ дэмжсэнээр хөгжил нь түргэсдэг гэдэг. Энэ салбараа ярих юмгүй хөгжүүлчихвэл үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ бат зогсож манайх хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болох боломжтой.
Б.Сансартуяа
Оллоо.мн