Дархан цаазат газраа хамгаалъя

баригдсан байшин барилгаар дүүрсэн амралтын ам гэлтэй болсон. 1990-иэд оны сүүлч 2000 оны эхээр Улаанбаатарт замбараагүй газар олгосноос үүдэн байгалийн унаган төрх алдагдахын зэрэгцээ ундны усны эх үүсвэр, хамгаалалтын бүсэд хашаа хатгах нь энгийн үзэгдэл болсоор байгаа. Үүнээс шалтгаалж хэдхэн жилийн дотор экосистем өөрчлөгдөж, нийслэлчүүд цэвэр усны хомсдолд ороход тун ойрхон болоод байгаа нь харамсалтай.
Сүүлийн жилүүдэд баячуудын гэх тодотголтой хувийн орон сууцууд олноор баригдаж Улаанбаатарын утаанаас дайжигсад Богдхан уулын амыг бараадах болоод буй. 2002-2012 оны хугацаанд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх, 193 иргэнд зуслангийн зориулалтаар газар ашиглах эрх олгож байжээ.
2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар олгосон байх юм. Үүнээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 65 аж ахуйн нэгж л зөвшөөрөл авсан зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Энэ бүхнийг цэгцлэх үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, Богдхан уулын дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах түр журам, Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам зэрэг хууль журмын хэрэгжилтийг шалгасан.Гэтэл өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулах эрхгүй байгууллагууд байсаар л байгаа нь хууль хяналт хэрэгжихээ байсан гэдгийг нотлох шиг.
Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэжээ. Гэвч газар ашиглалтын зориулалтыг өөрчлөн орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгон иргэдэд худалдсаар байгаа нь дархан цаазат газрын даацыг хэтрүүлэхэд хүргэлээ.
Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах газар авсан ч олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Одоо тэнд 80 гаруй аж ахуйн нэгж байгаагийн 30 гаруй нь аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа ч олон улсын жишигт нийцэж байгаа нь 2-3-хан. Тиймээс энэ байгууллагуудад стандарт тогтоох арга хэмжээг авахгүй бол хязгаарлалтын бүсээс даваад аялал жуучлалын бус амин хувийн амьдралаа залгуулах иргэд ч олон болж. Дархан цаазат газарт, хамгаалалтын болон усны эрүүл ахуйн бүсэд замбараагүй газар олгосноос голын сайр, уулын үерийн усны жалгыг хааж хашаа барьж, аж ахуйн нэгж тус бүртээ ундны болон цэвэр усны хэрэгцээг хангахаар худаг гаргах, бохир усаа зөөврөөр зайлуулахаар тус бүр цооног гаргасан нь аюултай орчин бүрдүүлсэн байна гээд эмзэглэж суух Байгаль орчны яам өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ талаар дорвитой арга хэмжээ авалгүй нүдэн балай чихэн дүлий суучихаад ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо ярьж байгаа нь хачирхалтай.
С.Саранзаяа
Оллоо.мн