Бид хэн болж хувираад байна вэ

явахаар ийм жаахан амьтныг тамлаад ямар тэнэг хоёр вэ хэмээн шоолно. Өвгөн эмгэнээ суулгаад өөрөө хөтлөөд явахаар эхнэртээ дарлуулчихсан арчаагүй эр вэ гэх. Өөрөө суугаад эхнэрээ буулгахаар ямар өөдгүй амьтан бэ бүсгүй хүнийг алхуулж байна хэмээдэг. Яг одоо дээрх жишээ шиг үйл явдал өнөөгийн нийгэмд бий болчихоод байна. Тухайлбал, хогны уут. Хогоо хийх уут алга, биднээс хогны мөнгө авдаг түүнийгээ хаана шингээв хэмээн уурлаж байсан үе бий. Хогны мөнгөөр нь уут хийгээд, үүнд хогоо ялгаж хийгээд, гудамжинд гаргаад асгачихдаггүй байя хэмээн шийдэхэд өнөөдөр эргээд л Мөнгө үрж хогны уут хийлээ. Тэр мөнгөөрөө эмнэлэг, сургууль барь, бид хогтойгоо зууралдаад амьдармаар байна хэмээн эсэргүүцэж байна.
Монголд нэг ийм хачин ойлголт бий болчихож. Болохгүй, бүтэхгүй байна гэж уурласаар асуудлаа шийдүүлдэг ч хэсэг хугацааны дараа энэ чинь таалагдахгүй байна, яах гэж үүнийг хийсэн юм гэх хандлага бий болчихсон. Ардчилал гэдэг нь энэ биш баймаар. Хүссэнээ хийлгээд дараа нь боль, орхи устга, нураа гэж хүсэх нь ардчилал мөн гэж үү.
Яг энэ асуултыг цагдаагийн албаны шинэчлэл, тэр дундаа хувцасны асуудал дээр хөндмөөр санагдлаа. Цагдаа төрийн албан хаагч, тэр дундаа хүчний биш иргэдэд үйлчилж, өргөсөн тангарагтаа үнэнч байж биднийг шороо шавар, ус, бороо цастай аль ч үед ард иргэдийг аюулгүй байлгаж, хамгаалж байх учиртай. Түүнээс биш бусдын нүдийг хужирлаж, хээндэр хувцас өмсөөд гунхаж явдаг загвар өмсөгчид биш.
Харин сүүлийн үед тэднийг эгээ л загвар өмсөгчид шиг харж, шоолон инээж даапаалж, далбагар, нэлмэгэр, сүр сүлдгүй хувцасласнаар нь дуудаж байгаа үйлдэл маш олон гарлаа. Өөрийн эрхгүй бухимдах шиг. Цагдаа чинь хүч хэрэглэж байна, дарангуйлагч шиг хувцаслаад гараа халаасандаа хийгээд биднийг зоддог, нүддэг хэмээн шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр эргээд шоолж инээх нь хачирхмаар. Тэдний хүссэнээр цагдаа бол олон нийтэд үйлчлэх ёстой гэж хуульчлаад социализмын үеийн хатуу дэглэмтэй орны цагдаа цэрэг шиг байсан хувцсыг нь солиод орчин үеиин өндөр хөгжилтэй орнуудын жишигт тааруулан, өөрсдийнх нь хүсэлтийн дагуу салхи нэвтрүүлдэг, нарнаас халхалдаг байдлаар янзлаад өгөхөөр хувцас нь тэнэг, сүр сүлдгүй, доожоогүй хэмээн доромжлох ямар хэрэг байна вэ. Мэдээж аль нэг дарга дээшээ харж суугаад зургийг нь гаргаад өгчихөөгүй байлтай. Бүгдээрээ хэлэлцэж, малгай нь ийм байх ёстой, хувцас нь ингэж таарах учиртай. Гутал нь ус чийг татахгүй, удаан зогсоход бөөр, нуруунд өвчин үүсгээд байхааргүй хэмээн бүх талаас нь ярилцаж хийсэн байх ёстой.
Малгайны хувьд ч цагдаагийн албан хаагчид өөрсдөө захиалж салхинд унахгүй, удаан өмсөхөөр үс нь халцраад байхааргүй, салхи нэвтрүүлдэг, нарнаас хамгаалдаг байх ёстой хэмээн захиалсан гэдэг. Мэдээж дотооддоо яагаад хийж болоогүй юм бэ гэдгийг хөндөх л ёстой.
Гэхдээ эхний ээлжийн төсвийн мөнгөө ашиглан нэг удаагийн хувцсаа гадагшаа захиалаад, дараагийнхаас нь дотоодын үйлдвэрлэгч нартайгаа тохиролцоод хийлгэхээр ярилцаж тохиролцсон асуудлыг дэвэргэж, хэн нэгний бизнес, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэнгүй хэмээн хөөрөгдөх нь дээрх илжиг хөтөлсөн өвгөний жишээг санагдуулаад байна.
Бид ус үзээгүй гутлаа тайлж, уул үзээгүй хормой шуудаг, хэн нэгний хорт явуулгад амархан автаж бусдын хийсэн хөдөлмөрийг үгүйсгэдэг, атаархдаг, амжилтыг нь нухчин дардаг, атаач хүмүүс болчихож. Аливаад уужуу тайван ухаанаар ханддаг, юмны наад цаадахыг ялгаж салгадаг, нэгийнхээ амжилтаар бахархаж, шинэ бүхэнд амархан дасан зохицдог монголчуудын минь тэр нандин чанар хааччихаа вэ.
Үүнд улс төрийн нам гэх далбаанд нуугдсан шавжилсан нөхдүүд буруутай. Үүнийг нь дэвэргэж, ард түмэндээ буруу ойлголт өгч, тэднийг талцуулж байгаа хэвлэл мэдээллийнхэн ч буруутай. Аливаа зүйлийн наадах цаадахыг салгаж, сайныг нь ялгаж, саарыг нь арилгахын төлөө хамтдаа тэмцдэг болохсон доо.