Л.Буяндэлгэр Хатигийг буруу эмчилбэл нүд сохрох, амиа алдах эрсдэлтэй

Л.Буяндэлгэрийг урилаа.

-Шүдний гаралтай нэвчээс гэж юу юм бэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Нэвчээс нь эрүү, нүүрний яс орчмын яс, булчин, булчингийн хальснуудын завсраар үүсдэг эслэгт зайн тархмал идээт үрэвсэл. Нэвчээсийг үүслээр нь тунгалгийн булчирхайн, шүдний гаралтай, гэмтлийн гаралтай гэж гурав ангилдаг. Тунгалгийн булчирхайн гаралтай нэвчээс нь эрүү, нүүрний орчмын ямар нэгэн үрэвсэлт процессийн улмаас тунгалгийн булчирхайнууд үрэвссэн үед эмчилгээ хийлгэхгүй буруу эмчилж, даамжруулсанаас үүсдэг.

Иргэд шүд нь өвдөж бугласан газраа халуун жин тавих, эсвэл архиар бэгнүүр хийх, иодоор сетик тавьснаар буруу эмчилгээг бий болгодог. Тиймээс гэрээр ямар нэгэн арга хэмжээ авахаас илүү эмнэлэгт хандаж, мэргэжлийн тусламж авах нь хамгийн зөв алхам гэдгийг иргэддээ хэлмээр байна. Шүдний гаралтай нэвчээс нь шүдний үрэвсэлт өвчний хүндрэлээс үүсдэг. Эрүү, арааны шүднүүд голчлон өвчилдөг. Эрүүний нэгдүгээр араа болон сааталсан доод агт араа байдаг. Эдгээр шүдний цооролт, холбоосон эдийн архаг үрэвсэлийг цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээгүйгээс нэвчээс үүсдэг.

Хүмүүс өвчтэй шүдээ өрөмдүүлэхээс айдаг. Айж байна, ингэсгээд өвчинг нь намжаачихья гэж архиар зайлах, өвчин намдаагч эм уух, тэмээний шээсээр зайлах, тамхины цог хийх, зүүгээр ухах зэрэг нь өвчнийг нь хүндрүүлж нэвчээс үүсдэг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

-Бас гэмтлийн гаралтай нэвчээс гэж байдаг юм уу?

-Юмаар цохиулах, аваар осолд орох үед зөөлөн эдэд цус хурах, эрүүний яс хугарсаны дараа эмчилгээ хийлгээгүйгээс үүсдэг хүндрэлийг гэмтлийн гаралтай нэвчээс гэдэг. Цус хурсаны дараа болон яс хугарсаны дараа хаван их байдаг тул хүмүүс шээс, спирт, архиар компресс тавьж, ардын аргаар эмчлэхийг оролддог. Гэтэл эдгээрээс болж хаван улам нэмэгдэж, халдвар орсноос хурсан цус буглаж. идээлдэгийг иргэд мэддэг байх хэрэгтэй.

Иргэд маань аливаа нэвчээс үүсэхээс урьдчилан сэргийлдэг, наад захын мэддэгтэй байх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн эмчид яаралтай үзүүлж, ардын эмчилгээ нэрээр ам дамжсан сөрөг аргуудыг хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Хамгийн гол нь шүдээ өвчлүүлэхгүй, эрүүл байлгаж, биеийн эсэргүүцлийг сайжруулж, эрүүний гэмтэл авахаас сэрэмжлэх хэрэгтэй.

-Ерөнхийдөө эрүү нүүрний орчимд хатиг их гардаг юм шиг санагддаг. Та бас энэ төрлийн өвчний боолт, эмчилгээ их хийдэг юм байна?

-Хатиг гэж нэг үсний уут болон тосны булчирхайн булцуу, түүнийг хүрээлж байгаа эслэг эдийн үхжилт, хурц үрэвслийг хэлдэг. Арьсны эмгэг, олон тооны гүвдрүү, бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас олон тооны идээрхэг гүвдрүү, булцуу гардагийг фурункулез гэдэг.

Хатиг нь арьсны бүрэн бүтэн байдал алдагдан халдвар орсноос үүсдэг. Үс, тосны булчирхайн булцуунд халдвар орсноор хурц идээт үрэвсэл үүсч, хүндрэх нь бий. Тиймээс арьсаа цэвэр байлгаж, арьсыг гэмтээхгүй байж, арьсны онцлогт таарсан саван хэрэглэж, нүүр толгой хүзүүнд гарсан идээт үрэвслийг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдож болохгүй. Мөн халуун ногоотой хоол, перцээр амталсан хоол идэхгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед сахарын өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Сахарын өвчтэй хүн хатиг, батгыг гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдож, шахахыг хатуу хориглодог.

-Эмчилгээг заавал мэргэж¬лийн төвшинд хийлгэх ёстой гэсэн үг үү. Хор хөнөөл нь хэр их байдаг юм бол?

-Тийм. Хатиг, батгаар өвчилсөн хүн нэн тэргүүнд мэргэжлийн эмчид хандах ёстой. Антибиотиктой хориг тавих, физик эмчилгээ хийх, гепаринтай мазь түрхэх байсан ч заавал мэргэжлийн эмч, сувилагчид хандах хэрэгтэй. Учир нь хатигийг оролдож шахсанаар ойролцоох эд рүү тархаж, судасны үрэвсэл, судас бөглөрөх зэрэг хүндрэл үүснэ. Нүүрний венийн судасны үрэвсэл, хамрын болон нүдний венийн сүлжээгээр дамжин гавлын хөндийд бүлэн үүсгэдэг.

Хатиг мундасны хүндрэлийн улмаас судасны бүлэн үүссэн байдал зовхи хавагнах, улайх, хамар тэгширч хавдах байдлаар илэрдэг. Идээт үрэвсэл цааш тархаж, нүдний алимны арын эслэг эдэд нэвтэрснээр нүд бүлтийх, шинж илэрч, халуурах, хөлс асгарах, чичрэх, ухаан балартах, дэмийрэх шинж илэрдэг. Мөн цусан үжил, менингит, менингоэнцефалитаар хүндэрч нүд сохрох, бүр амиа алдах нь тохиолдол ч байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button