Жулия Робертс Аз жаргал хүнийг сайхан харагдуулдаг гэдэгт итгэдэг

гэдгээ сэтгүүлч Хиллари Моргантай ярилцахдаа хэлсэн аж. 1990-ээд оны үед Хөөрхөн хүүхэн кинонд тоглосны дараа шүтэн бишрэгчид нь бүчих болсноос Оскар-ын шагнал гардуулах ёслолд очиход нь харуул хамгаалалтыг чангатгаж байжээ.
-Жулия, та сүүлийн үед кинонд тоглох нь цөөрсөн. Гэхдээ үзэгчид таныг хайрладаг хэвээрээ учраас хааяа дүр бүтээхийг тань хүлээсээр байгаа…
-Баярлалаа, хүмүүс намайг янз бүрээр л боддог байх. Би хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэндээ цаг заваа зориулах нь кинонд зураг авахуулахаас илүү сайхан мэдрэмж төрүүлдэг. Гурван хүүхэд минь том болж байгаа. Ихэр хүү, охин маань одоо естэй, бага хүү Хенри зургаан настай.
Тэдэнд ээж нь хамт байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ кинонд тоглох бол хүүхдүүдээ хэсэг хугацаанд орхих болно. Түүний оронд гэртээ байж, нөхөр, хүүхдүүддээ өдөрт гурван удаа хоол хийх дуртай. Энэ нь надад ямар ч эрх ямбанаас илүү санагддаг. Жүжигчид гэлтгүй жирийн эмэгтэйчүүдэд ч олдох боломж биш. Найз бүсгүйчүүд маань ажлаа хийхдээ гэр орон, хүүхдүүдээ удаан хугацаанд орхихийг хараад өөрийгөө азтайд тооцдог. Би гэртээ л байх дуртай. Өөр хаана ч гэртээ байдаг шиг сэтгэл санаа сайхан байна гэж бодохгүй байна.
-Гэхдээ та супер од, гэрийн эзэгтэй байхдаа ч сайхан харагддаг хэвээрээ л байна…
-Энэ их амархан. Ямар ч нууц байхгүй. Би аз жаргалтай, үргэлж инээмсэглэдэг болохоор хүмүүс намайг сайхнаар хардаг. Бас нэг шалтгаан нь халамжтай нөхөртэй болсных байх. Мөн миний аав, ээж их сайхан хүмүүс байдаг.
–Тэгэхээр гэр бүл нь аз жаргалтай байхад бүсгүйчүүд үзэсгэлэнтэй байна гэж ойлгож болох уу?
-Аз жаргал хүнийг сайхан харагдуулдаг гэдэгт би итгэдэг. Хүн хэр их аз жаргалтай, байр сууриа нийгэмд хэр зөв тодорхойлсон байна төдий чинээ залуу, сайхан байдлаа удаан хугацаанд хадгалдаг гэж боддог. Амьдралаа аз жаргалтай өнгөрүүлсэн эсэх нь нас тогтох үед хүний нүүр царайнд нь үлдсэн ул мөрөөс харагддаг. Зөвхөн эмээ ч биш өвөө нарын нүүр царайнаас харж болно. Төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнө нэг нас нэмж байгаа болохоор ямар байх бол гэж би боддог ч гэр бүл, найзуудтайгаа тэмдэглэсний дараа баяр хөөрийг л мэдэрдэг. Найз бүсгүйчүүд минь миний дуртай хоолыг хийж, авч ирдэг юм.
-Та нөхөртэйгөө хамт гэр бүлийн аз жаргалыг бүтээж чаджээ. Тийм болохоор хувийн амьдралаа ажил мэргэжлээсээ илүү хайрлах болсон гэж бодож байна…
-Тийм ээ, бидний харилцаа зөвхөн урагшаа харж, өнөөдрөөрөө амьдрахыг эрмэлздэг болохоор илүү бат бэх байдаг байх. Өмнөх амьдралын бүтэлгүйтэл, алдаатай зууралдахыг хүсдэггүй. Мөн бидэнд хамгаас үнэ цэнтэй хүүхдүүд минь байдаг. Гэхдээ хүний амьдралд тохиолддог зовлон шаналал тойрохгүй. Хамгийн гол нь бие биеэ ойлгодог, хайртай хүнтэйгээ хамт бэрхшээлийг туулахад хэцүү биш ээ. Бид гэрлээд 11 жил болж байна.

-Жүжигчин Мерил Стриптэй хамт кинонд тоглохыг эртнээс мөрөөддөг байсан гэсэн. Таны мөрөөдөл August кинонд тоглосноор биелсэн, бас Оскар-д нэр дэвшсэн…
-Тийм ээ, Мерил Стрип бол миний шүтээн. Бүр түүнтэй хамт цай уугаад, ярилцаад сууж байна гэж хүртэл зүүдэлж байсан. Олон жүжигчин Мерил Стриптэй хамт тоглохыг хүсдэг. Харин би мөрөөдлөө биелүүлсэндээ их баярласан. Гэхдээ August кинонд Мерилийн аз жаргалгүй нэг охины дүрд тоглосон. Өвчтэй, хар тамхи татдаг охинтой айлын дотоод зөрчил. Нэг нууц дэлгэхэд намайг тарган харагдуулахын тулд өмдөн дотор тусгай зузаавч хийж өгсөн.
Зураг авалтын хамгийн хэцүү нь ээжийгээ зоддог хэсэг. Би орлон тоглогч авахыг хүссэн ч Мерил татгалзсан юм. Шүтээн рүүгээ гар далайна гэдэг маш аймаар байсан. Гэвч тэр намайг ятгасан. Би гараа хөхөртөл нь түүнийг цохисныхоо дараа тамд унах байх гэж бодсон шүү. Зураг авалт есөн долоо хоног үргэлжилсэн нь надад их урт санагдсан.
Гэрээ, хүүхдүүдээ, нөхрийгөө их санасан. Жүжигчдийг нэг жижиг байшинд хамтдаа байхыг зөвлөсөн болохоор бид тэнд амьдарч, хоолоо хийж, Буддын шашны бясалгал маягийн дасгал хийн тайвширдаг байлаа.
-Энэ кинонд та ээжтэйгээ муу харилцаатай охины дүр бүтээсэн. Харин амьдрал дээр ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?
-Миний ээж бол үлгэр дууриаллын амьд жишээ. Ээж минь үргэлж л ажиллаж, ямар ч ажлаас хойш суудаггүй хөдөлмөрч хүн. Хүүхдүүдээ зэмлээд байхгүй. Ээжийнхээ ачаар би зорьсондоо хүрч чадсан. Жүжигчин болохоос халширч, гэртээ харимаар санагдаад ярихад намайг зоригжуулж чаддаг байсан юм. Гэхдээ хүн хэн нэгнийг дууриах хэрэггүй. Өөрийнхөөрөө байх нь дээр. Өөрийгөө нээж олох нь чухал.
-Таныг хүнтэй хэрэлддэггүй, хараал, муухай үг огт хэлдэггүй гэж сонссон…
-Тийм болохоор надад зарим дүр бүтээхэд хэцүү байдаг. Учир нь янз бүрийн зан гаргах хэрэгтэй болдог. Эрин Брокович кинонд тоглох үеэр найруулагч С.Содерберг надад Жулия хэрүүл хийхдээ битгий ичээд улайгаад бай. Ямар ч үнэмшилгүй харагдаад байна гэхээр би Хичээе гэдэг байсан.
-Хүүхдүүд тань таныг супер од Жулия Робертс гэдгийг мэдсэн үү?
-Тэд бага багаар мэддэг болсон. Хэзел охин минь бүр их сонирхож, янз бүрийн юм асуудаг. Би тэр бүрт зөв хариулж чадахгүй.
Жишээ нь Ээж ээ, таныг алдартай гэдгийг Донни мэдэх үү гэнэ. Миний хамгийн сайн найзыг хэлж байгаа юм. Би Мэдэх байх аа гэхээр Та өөрөө хэлсэн юм уу гэх мэтийн зүйл асуудаг.
-Тоглосон киногоо хүүхдүүддээ үзүүлдэг үү?
-Бид Capitan Crook киног саяхан хамтдаа үзсэн. Тэд анх удаа дэлгэцээр намайг харсан. Үүнээс өмнө хүүхдүүд минь сониуч асуулт асуудаггүй байсан юм. Одоохондоо тэд жаахан байгаа болохоор тоглосон киногоо үзүүлэхийг хүсдэггүй. Цасан цагаан киног өнгөрсөн онд гарахад ангийнхан нь үзээд тэдэнд ярьсны дараа яагаад үзэхийг зөвшөөрөхгүй байгааг надаас асуусан. Би Ээж нь хөөрхөн Лили Коллинзийг алгадаад, үснээс нь зулгааж байгааг та нарт харуулмааргүй байна гэж хариулсан.
– Залуу насандаа эргэн очиж чаддаг байсан бол юу хийх байсан бол?
-Хэлж мэдэхгүй байна. Юуг хийж чадаагүй үлдээсэн бэ гэж бодож байгаагүй. Миний жүжигчин болсон үе одоогийн интернэт хөгжсөн үеэс огт өөр. Би хайртай үеэл Эммадаа хүртэл сайн зөвлөгөө өгч чаддаггүй. Түүнийг манайд ирэхээр амттай хоолоор дайлаад тэвэрч унтах дуртай. Хэлж чадах зүйл гэвэл чин сэтгэлээсээ амжилт хүсье л гэнэ.