Дан дээлтэй даарсан МАН-ынхан МАНАН-г байгуулахаар Н.Алтанхуягийг шахаж эхэллээ

хэмээн гайхуулж ирсэн МАН-ынхан төв талбайд тайчих үзүүлбэр үзүүлж, ахмадуудын цуглаан зохион байгуулав. Бяцхан уянгын халилтай, өсвөр үеийн 40.9 хувь нь хар тамхинд донтсон хэмээн улаан цагаандаа гарч гүтгэсэн, айл болгонд нэг биеэ үнэлэгч, нэг архичин байдаг хэмээн Монголын ард түмнийг тэр чигээр нь доромжилсон үнэгүй хошин шогийн тоглолтын эцсийн зорилго нь албан тушаал, алдар нэр, амбийцын төлөө байсан гээд шууд дүгнэчихэд хатуудах юмгүй.
Улс орны эдийн засгийн тооцоо судалгаатай асуудлыг өлгөж аваад, талх тэдэн төгрөг, мах ийм байна, Засгийн газар, УИХ-ын гишүүд бид иргэдээ ингэж туйлдаж байхад юу хийж сууна вэ хэмээн буруугаа өөрсдөөсөө хайх эр зориг байсангүй. Иргэдийн амьдралд төдийлөн ач холбогдолтой бус асуудлаар улстөржиж, албан тушаалаа санагалзан, хэрэгтэй, хэрэггүй иргэний хөдөлгөөнүүд, хэдэн оюутнуудад мөнгө төлөн жагсааж, учраа мэдэхгүй яваа намынхаа ахмадуудыг цуглуулан үзүүлбэр хийсэн нь ард түмнээс өчүүхэн төдий ч үнэлгээ авч чадсангүй. Харин ч эсрэгээрээ махны үнийг 1200 болгож, буйдантай жагсаж байснаас нь илүү нэр хүнд, рейтингээ алдах нь тэр.
МАН Монгол Улс, Монголын ард түмнээр дэнчин тавьж байна
Дан, давхараараа хэрэлдэх шалтгааныг хэн эхлээд тавьсан бэ гэдгээс эхлээд түүх сөхөж үзвэл их зүйл ярина. Өөрөөр хэлбэл, УИХ-д суугаа МАН, тэр үеийн МАХН-ын 72 гишүүн Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт гэх засварыг хийж 12 жил давхар дээлтэй байх эрх олгож авсан байдаг. Өдгөө тэр 72 нөхрөөс 10 гаруй нь УИХ-даа суусаар байна. Нэр цохож хэлвэл, өнөөдрийн энэ хошин жүжигт гол дүр бүтээж гүйгээд байгаа Ц.Нямдорж, М.Энхболд нарын 10 гаруй гишүүд энэхүү УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албан тушаалыг хамт хаших ёстой гэх заалтыг өргөн мэдүүлж батлуулж байсан нь хуулийн архивт тодоос тод бичигдэн үлджээ.
Тэгэхээр өөрсдийнхөө Засгийн газарт орчих юмсан, эргээд албан тушаалдаа очихсон гэсэн жижигхэн хүслийнхээ төлөө хийсэн өөрчлөлтөө эргээд эсэргүүцээд явж байна гэхээр эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Хийгүй хээгүй улстөрчидтэй улс төрийн нам гэдэг атлаа нэг гараар хийсэн ажлаа нөгөө гараараа нураах гэж зүтгэж яваа нь ямар гээчийн тэнэглэл вэ. МАН-ын туйлын зорилго нь Засгийн газарт орж МАНАН байгуулах хүсэл. Энэ далд санаагаа ч нуухгүй байгаа. Саяхан МАН-ын дарга М.Энхболд хэдэн сэтгүүлчдийг суулган МАН-ын дарга ба сэтгүүлчид уулзалт хийх үеэрээ ч энэ санаагаа нуугаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахад буруудах юмгүй гэсэн түүний үгний цаад санаа нь Ерөнхий сайдад хаяглагдаж байсан нь нууц биш. Тиймдээ ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг муухай харагдуулахын тулд байдаг арга чаргаа хэрэглэж, муу муухай бүхнийг түүнд нялзааж, өөрсдийнх нь өмнө бууж өгтөл нь элдэв хорон муу үгээр булах тактик хэрэгжүүлж байгаа юм.
Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг арга барилаар ажиллаж нэг үгээ хэдэн зуун удаа давтана. Хуулийг мушгиж, ард түмний өмнө, УИХ-ын чуулган, хэвлэлийн хурал дээр ч нэг л зүйлийг тэд ярьдаг. С.Бямбацогт, Ц.Нямдоржоос эхлээд ярьдаг нэг л сэдэвтэй, гишүүд нь. Тооцоо судалгаагүй атлаа эдийн засаг хэцүүдлээ гэх. Ерөнхийлөгчийн эртнээс бодож төлөвлөж өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх ёсгүй гэх хуулийг мушгин гуйвуулж, энэ асуудлаар улс төр хийгээд байгаа нь хэрээс хэтэрлээ. Улсын төсөв хэлэлцэж байсан, улс орны эрх ашигт нийцтэй хуулиуд хэлэлцэж байхад тэднээс гараагүй авир одоо л гарч байна. Алтны хуулийг өөрчилж, өөрсөддөө ашигтай байдлаар засч байна хэмээн худлаа гоншигоносоор батлуулсан. Ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцож суухад сөрөг хүчний үүргээ гаргахгүй яасан юм бол.
Гадны хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурлаа хэмээн өдөр болгон үглэж байгаа атлаа гадныханд монголыг муухай харагдуулах энэ мэт жүжиг тавьж байгаа нь ард түмний төлөө, улс орны эрх ашиг, эдийн засгийг аврах гэсэн улс төрийн хүчний хийдэг ажил мөн үү. Гадныхны өмнө монголыг муухай харагдуулах нь тэдэнд ашигтай байгаа юм биш үү. 40 гаруй мянган аж ахуйн нэгж хаалгаа барьчихсан юм бол тэднийг цуглуулаад төв талбай дээр зогсоод тэмцье. Гэтэл тоо ярихаас өөрөөр тоймтой үйл хэрэг явуулахгүй байгаа тэднийг аж ахуйн нэгжүүдийн төлөө тэмцэж байна гэж хэлж чадахгүй нь.
Тэгэхээр МАН-д энэ бүхэн зүгээр л шоу хийхэд ашиглах, Монгол Улсыг муухай харагдуулах, монголчуудыг доромжлох баримт төдийхөн байжээ. Цаад санаа нь бол дээр хэлсэнчлэн сандал суудлын эрх ашиг. Энэ бүхэнд ганцхан үнэн байгаа нь эндээс хэн хожих вэ гэдэг асуудал. Мэдээж Засгийн газрыг тогтворгүй байлгалаа гээд монголын ард түмэн хожихгүй. Магадгүй МАН-д ашигтай байж болох ч энэ хөгийн тэмцлээс бол Монгол Улс, монголын ард түмэн өөрсдөө хохирно. Эв түнжингүй, нэг нэгийгээ элдвээр дуудсан улс төрийн хүчнүүдээс болж ирэхгүй байгаа гэх хөрөнгө оруулалт улам алсарч, иргэд зүдэрч, аж ахуйн нэгжүүд л дампуурна. Хатуухан сануулахад, ирэх сонгуулиар хэдэн суудал авахын төлөө Монгол Улсаар, монголын ард түмнээр МАН дэнчин тавиад байгаа хэрэг биш үү.
Дан дээлтэй ажиллаж байсан түүх байдаг бил үү
УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашихгүй байх тухай дан ганц сэтгүүлчийн өнцгөөс дүгнэнэ гэвэл өрөөсгөл болно. Тиймээс хуулийн заалт болон дан дээлтэй Засгийн газар өмнө нь ажиллаж байсан эсэх талаар түүх сөхөөд үзье. МАН-ын тавьж байгаа дараагийн нэг хүсэлт бол Засгийн газрын сайдууд санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэх асуудал. Тэгвэл энэ асуудлыг хуульд арай өөрөөр тайлбарласан байдаг аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Дэгийн тухай хуулийн Санал хураалт явуулах журам хэсэгт 91.6-д Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ гэж заасан байдаг.
Тэгэхээр МАН-ын сайдууд ашиг сонирхлын зөрчилтэй учраас санал өгч болохгүй гэх албан шаардлага, бичиг баримт тайлбар сэлт нь аль нэг хуулийн хүрээнд хамрагдахгүй байгаа юм. Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нар хувьдаа Их дээд сургуультай учраас Дээд сургуулийн санхүүжилтийг хэлэлцэх үеэр гаргасан. Хуралдаан даргалагчид мэдэгдээгүй учраас хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нь сануулж тэднийг гаргасан асуудлыг сайд нар санал хураалтад оролцох, оролцохгүй асуудалтай холбож тайлбарлах нь өөрөө хуулийг мушгисан асуудал болж байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт гэдэгт буюу 18.2-т Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно хэмээгээд 18.2.4-т хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал хэмээн заажээ. Тэгэхээр хуулиар зөвшөөрөгдсөн ажил үүргээ хийж байгаа гэсэн үг юм. Давхар дээлгүй байсан Засгийн газар байсан уу гэдэг асуудлыг сөхөөд үзвэл нэг удаагийн оролдлого байсан. Өөрөөр хэлбэл, 1996 оны УИХ-ын сонгуульд АН олонхи болж Засгийн эрхийг барьсан ч дөрвөн удаа Ерөнхий сайд нь солигдсон нь танхимын гишүүдээ гаднаас сонгосноос болсон гэдгийг улс төр судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Түүнчлэн өнөөгийн цөөнхийн Намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдох ёстой гэх явуулгаас болж, бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн ч Ерөнхий сайдын нүүр үзсэн юм байна. Танхимын гаднаас бүрдүүлэх нь Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлдөг, олон сайдууд солигдох, тогтворгүй байдлыг авч ирдэг гэдгийг түүх нь нотлоод өгчихсөн учраас МАН ч Засгийн эрх барьж байхдаа танхимаасаа Засгийн газраа бүрдүүлж байсан түүхтэй. Боловсон хүчний чадвар, нөөцөөрөө гайхуулдаг атлаа танхимын гаднаас засгаа бүрдүүлэх гэж төвдөхгүй байсныгаа тайлбарлаж чадахгүй л яваа юм. 1996-2012 оны хооронд буюу таван удаагийн УИХ-ын чуулганы хугацаанд 10 удаагийн Засгийн газар ажиллажээ. Энэ хугацаанд Засгийн газарт 129 сайд алба хашсанаас 44 нь дан дээлтэй, 85 нь давхар дээлтэй байсан түүхтэй. Үе, үеийн Засгийн газарт үргэлжид давхар дээл өмсөж байсан эрхмүүд өнөөдөр дээл тайлуулах үзүүлбэр үзүүлж, шоу хийгээд байгааг доорх хүснэгтээс бэлхнээ харж болно.



