Хятаны өв соёл-ын асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийнэ

үлдэж хоцорсон өв соёлоороо арвин баялаг нь Хятан улс юм.
Мэдээнийхээ эхэнд Хятан улс гэж чухам ямар улс байсан талаар уншигчиддаа товч мэдээлэл хүргэе. Хятан нь Кидан үндэстэн бөгөөд удам нь Дунху аймгийн Сяньби нараас гаралтай учир удам гарвалын хувьд өвөг Монголчууд гэж үздэг ажээ. Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон. Хятан нарын 100 үг тутмаас 70 нь Монгол үг байдаг аж. Жишээ нь Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Тан улсын сударт Хятан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын шивэй нартай адил гэсэн байдаг. Антропологийн судалгаагаар Монгол төрхтөн болохыг нь судалжээ. Хятан нар MЭ IҮ зууны үеэс түүхэнд тэмдэглэгдэх болсон байна.
1960-д оноос эхэлсэн Хятанын судалгаанд монголын ууган эртний судлаач Х.Пэрлээ голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний бичсэн Хятан нар Монголчуудтай холбогдох нь (1959), Монгол улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон (1961) зэрэг томоохон бүтээлүүд нь энэ чиглэлийн анхдагч бүтээлүүд ажээ. Энэхүү судалгааны үр дүнд Хятан нар байгуулан сууж байсан том, жижиг хот суурин 30 гаруй илрээд буй боловч энэ үеийн түүх, соёлыг бас илтгэх бусад дурсгал болох тэдэнд хамааралтай булш оршуулгын дурсгал гэх тоймтой зүйл илрээгүй байсаар өнөөг хүрсэн түүхтэй.
2000-аад он гарсаар А.Очир, А.Энхтөр, Л.Эрдэнэболд нарын туурвисан Хар бухын балгас ба Туул голын сав дахь Хятан үеийн хот суурин (2005) гэх нэгэн сэдэвт бүтээлээс хойш гадаадын зарим орнуудтай хамтарсан болон дотоодын судлаачидын хийсэн хэд хэдэн дурсгалд хийсэн малтлага судалгааны үр дүнд мөн үеийн археологийн судалгааг шинэ баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулсаар байна.
Үндэсний өв соёл-шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллагын хувьд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан түүх-археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын судлаачид, эх түүхээ сонирхогчдыг хамруулан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Тус хурал нь судалгаа шинжилгээний ажлыг далайцтай болгон эрчимжүүлэх, өнгөрсөн түүхээ эргэцүүлэн хамтран ажиллах, зохион байгуулалттайгаар энэ үеийн судалгааг хөгжүүлж олон улсын түвшинд хүргэх, цаашдын чиг хандлагыг тодруулах зорилготой аж.
Хурлаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид Хятаны үеийн түүхтэй холбогдуулан олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.
Г.Уянга
оллоо.мн