Сэтгүүлчид цагдаагийн шинэ хувцасны чанарыг тодорхойлов

Мөрдөстэй сэтгүүлч арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд ч хэвлэлийнхэн идэвхтэй оролцсон. Энэ үеэр сэтгүүлчдэд цагдаагийн шинэ хувцсыг өөрийн биеэр өмсч үзэн, сайн мууг нь мэдрэх боломж олдсоныг онцлох хэрэгтэй.
Ахлах дэслэгч, ахмадын мөрдөстэй дүрэмт хувцас өмссөн сэтгүүлчид үнэндээ жавхаалаг харагдана. Сайхан ч зохисон. Нэг өдөр цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэхээр болж, цагдаагийн хувцсаар гоёсон сэтгүүлчид хамгийн эхлээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээр орлоо. Гэр хорооллын, алслагдсан нэгжийн иргэдэд цагдаагийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор өрх тусгаарлаж байсан үетэйгээ харьцуулахад шинэ байртай, шинэлэг үйл ажиллагаатай, товхийсэн газар болжээ, эднийх. Хэлтсийн үүдний өрөөний электрон самбарт хэн гэдэг иргэний өргөдөл гомдлыг ямар албан хаагч хэдний өдрөөс шалгаж байгаа тухай мэдээлэл ар араасаа хөврөнө. Үүнийг хараад иргэд заавал цагдаагийнхантай уулзах гэлгүй хүссэн мэдээллээ авчихаж болох аж. Мөн үүдний өрөөний хананд өлгөсөн электрон самбаруудад хэлтсийн бүтэц, хэн ямар хэрэг шалгадаг, аль өрөөнд суудаг тухай иргэдэд хэрэгтэй бүхий л мэдээллийг оруулсан байна. Энэ хэлтсийн хувьд удахгүй цахим хэлбэрээр иргэдээс өргөдөл авч шалган, хариуг нь өгдөг болохоор ажиллаж байгааг хэлтсийн дарга Р.Отгонжаргал дуулгасан.
Дараа нь сэтгүүлчид ЦЕГ-ын Сургалт, дадлагын төвийг зорилоо. Улаанбаатараас хотоос 70 км орчим зайд байрлах Сургалт, дадлагын төв энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу шинэчлэгдэн байгуулагдаж байгаа бөгөөд эдүгээ бүтээн байгуулалтын ажлаа ид хийж байна. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага нь сургалт, дадлагын баазтай байна гэсний дагуу энэ төвийг байгуулах болжээ. Төвийн бараа харагдах үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Тэр дээр харагдаж байгаа байшинг яг л айл гэр шиг тохижуулсан байгаа. Нэг айл л гэсэн үг. Манай тусгайгийнхан энд ирж оргодол, сэжигтэн баривчлах гэх мэт бэлтгэл, дадлага хийхдээ энэ муу байшингийн цонхыг хагалаад, хаалгыг эвдээд дэлбэлчихээд явдаг хэмээж байлаа. Мөн төвөөс холгүй хоёр автобус харагдана. Террористыг баривчлах, аюулыг арилгах гэхчлэн бэлтгэл, дадлага хийхдээ энэ хоёр автобусыг ашигладаг аж. Шилийг нь хагалаа л, солио л байна шүү дээ гэж хурандаа Б.Баатархүү танилцуулсан.

Сургалт, дадлагын төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр төвийнхөө үйл ажиллагаа хийгээд цагдаагийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн талаар өөрийн санал бодлыг сэтгүүлчидтэй мөн хуваалцлаа. Түүний ярьснаар цагдааг иргэндээ үйлчилдэг орчин үеийн мэргэжлийн цагдаа болгохын тулд энэ төвд авчирч практик дадлага, сургалтад хамруулна. Хүчний хүндрүүлсэн бэлтгэлээс эхлээд хээрийн буудлага, гардан тулаан, малын им тамга таньж мэдэхэд суралцах, жолоо барих өндөр ур чадвартай болгох, гэмтэж бэртсэн хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх гэхчлэн цагдаа хүнд хэрэгтэй бүх л ур чадварт сургах гэнэ. Цагдаагийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн бодлогын нэгээхэн хэсэг болох Цагдаа нь шилдэг байж иргэнээ хамгаална гэсэн үзэл санааны дагуу цагдаа нэг бүр энэ төвөөр дамжиж бүх бэлтгэлд суралцана гэдгийг төвийн дэд дарга онцолсон. Тэрбээр мөн цагдаагийн шинэ хувцсыг цагдаагийн хөдөлмөр хамгааллын хувцас гэж тодотголоо. Сэжигтнийг хөөх, зодолдох, биеэ хамгаалахад зохицсон учраас хамгийн оновчтойгоор ингэж тодорхойлжээ. Үнэндээ хуучин өдөр тутмын хувцас эвгүйхэн хөдөлбөл урагдчих гээд хүндрэлтэйг цагдаагийнхан өөрснөө хэлдэг байсан. Тиймээс хувцсаа урахгүйн тулд зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрдөг ч гэж ам алддаг байлаа. Харин шинэ хувцасны хувьд өдөр тутмын үүргээ гүйцэтгэхэд зохицжээ гэдгийг өмсч үзсэний хувьд мэдэрлээ. Өглөөнөөс орой хүртэл дүрэмт хувцаснаасаа салаагүй сэтгүүлчдээсээ ч сэтгэгдлийг нь сонсохыг хүссэн юм.
Б.Батчимэг /2-р суваг телевизийн сэтгүүлч/
Поло футболк нь өмсөхөд биед эвтэйхэн, бас их зохимжтой харагддаг. Дугуй малгай нь нар, салхинаас хамгаалахад үнэхээр хэрэгтэй байсан.
Г.Улсболд /Үндэсний шуудан сонины сэтгүүлч/
Цагдаагийн хангалтад шинээр тавьж байгаа хувцасны материал, оёдол, загвар нь дажгүй санагдсан. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгэхэд биед нь эвтэйхэн, бөх бат байхад боллоо шүү дээ. Уг нь үндэсний компаниуд хүчин чадлаа сайжруулж, хямд үнээр үйлдвэрлэвэл зүгээр юм. Нэмж хэлэхэд, цагдаагийн хувцасны бүсэлхий хэсгийг зориуд тайлтай хийсэн байна билээ. Ингэснээр гүзээтэй, бүдүүн цагдаа нараар хувцсандаа багтахын тулд дасгал сургуулилт хийлгэх цаад санааг агуулж байгаа гэж хувцас зохион бүтээсэн хүмүүс нь хэлсэн.
Б.Ариунтуул /Стар телевизийн сэтгүүлч/
Биед эвтэйхэн юм билээ. Гэхдээ өмнөх хувцсыг нь өмсөж үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. Өдөр тутмын энэ дүрэмт хувцсыг цагдаагийн хөдөлмөр хамгааллын хувцас гэж танилцуулсан болохоор үүндээ зохицсон санагдсан. Гуталных нь тухайд онц үнэлгээ өгсөн. Зөөлхөн, чийг татахгүй үнэхээр чанартай гутал байна.
Б.Бурмаа /Мэдээ.мн мэдээллийн сайтын сэтгүүлч/
Цагдаа хувцас өмсөхөөр өөрийн эрхгүй дэг журамд ороод хариуцлагатай байх ёстой гэсэн мэдрэмж төрдөг юм билээ. Миний хувьд өмд, хүрэм, гутал, малгай гээд өмссөн бүх хувцас чанартай, дулаахан, биед эвтэйхэн сайхан санагдсан…
…Нэг өдөр цагдаагийн хувцсаар гангарсан, төрийн цагдаагийн хувцсаар гангарсныгаа гэрэл зурганд үлдээх гэж гэрэл зургаа даруулж гүйлдсэн сэтгүүлчид хувцасны чанарыг ингэж тодорхойлсон. Үнэндээ бид аливаа юмны зөвхөн гадаад талыг биш хамгийн гол нь дотор нь орж үзэж байж дүгнэх ёстой юм гэдгийг хэл амны бай болоод байгаа цагдаагийн шинэ хувцаснаас олж харсан, миний хувьд. Дээр нэрийг нь дурдсан цагдаагийн хурандаа Б.Баатархүү хуучин хувцастайгаа, дэд хурандаа Б.Цогтбаяр шинэ хувцастай зогсч байхад тэр хоёрын хувцас чанар, харагдах байдлын хувьд үнэхээр ялгаатай байна билээ. Шинэ хувцас өөлөөд байхаар юмгүй цэвэрхэн хийцтэй, чанартай материалтай… дашрамд дурдахад цагдаагийн хувцас ёслолын, өдөр тутмын, хавар намрын, зуны гэхчлэн ажил үүргээ гүйцэтгэхэд нь улирал, цаг агаарт зохицсон өөр өөр материал, өнгө, загвартай байх юм билээ.
Ц.Эрдэнэ
Оллоо.мн