Агаарын тээврийн харилцаагаа сэргээхээр боллоо

Астана хотноо болсон билээ. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан, Казахстан улсыг төлөөлж тус улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектуров нар оролцож, хоёр орны агаарын болон автотээврийн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Уулзалтад Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ оролцжээ. Энэ үеэр Зам, тээврийн яамны дэд сайд Х.Ержан Казахстаны Тээвэр, харилцаа холбооны сайд Женис Касымбектэй уулзаж, хоёр орны зам, тээврийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд Женис Касымбек сайд Казахстан Улс Монгол Улстай зам, тээврийн салбарт бүхий л чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийг ирэх тавдугаар сард Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй олон улсын транзит тээврийн бага хуралд урьж буйгаа дуулгажээ.
Дэд сайд Х.Ержан тэргүүтэй төлөөлөгчид Казахстаны галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэртэй танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Мөн хоёр тал зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцаагаа сэргээх асуудлаар санал нэгдэж, санамж бичиг байгуулжээ. Түүнчлэн удахгүй Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурахаар тохирсоноос гадна хоёр талын эрх бүхий байгууллагууд нислэгийн маршрут, тус тусын нислэг үйлдэх авиакомпаниудаа томилж, харилцан мэдэгдэхээр тогтсон байна.