Гудамж, Сум төслүүдэд хамтарч ажиллах хүсэлт тавив

Ерөнхийлөгч ноён Танака Акихико энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа.
Айлчлалынхаа эхний өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын захын хорооллын сургуулиуд болон тус байгууллагын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан төслүүдийн явц, үр дүнтэй танилцсан тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзлаа.
Бүтээн байгуулалтын эл ажлын хүрээнд Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замыг хөнгөлөлттэй зээлд хамруулж, цогцоор нь шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр илэрхийллээ. Ноён Танака хариуд нь шийдвэрлэж болох боломжийн талаар зөвшилцөх хугацаа олгохыг түүнээс хүслээ. Нөгөөтэйгүүр, нисэх онгоцны буудлыг ашиглалтад өгсний дараах техник, үйл ажиллагааны тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Танака мэдэгдсэн.
Нарны зам, ерөнхий боловсролын сургуулийн жишиг барилга, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн хоёр үе шат бүхий төслүүд гээд ЖАЙКА-ын зүгээс манайд үзүүлсэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн олон бий.
Монгол Улсын Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж буй Гудамж, Сум төсөлд энэ жишгээр хамтран оролцохыг сайд мөн энэ үеэр хүслээ. Түүнчлэн бэлтгэл шатандаа явж буй төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдэд хамтрах нь хоёр улсын аль алины эрх ашигт нийцсэн хамтын ажиллагаа болно хэмээлээ.
С.Саранзаяа
Оллоо.мн