Цэцэг төвийн уулзвараас Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон зам тавина

төслийнхөн өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 1, 5, 33 дугаар байрны оршин суугчидтай уулзалт хийлээ.
Төслийн хүрээнд энэ онд Цэцэг төвийн уулзвараас урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ гудамж, зам гаргахаар төлөвлөөд байгаа билээ. Энэхүү шинэ замыг барьснаар Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал буурах, тухайн орчинд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын гудамж замын өнгө үзэмж сайжрах, зорчигчдын цаг мөнгийг хэмнэх гэх мэт олон талт үр өгөөж гарах боломжтой юм.

Тодруулбал, авто замын түгжрэлээс шалтгаалан эдгээр байрны дундуур зорчих авто машины тоо нэмэгдэж, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулж, аюулгүй байдалд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Төслийн багийнхны хийсэн судалгаагаар тус байруудын дундах замаар цагт дунджаар 750, хоногт 10 мянга гаруй авто машин зорчиж буй юм. Харин энэхүү замыг барьснаар нийтийн орон сууцны орцны үүдээр явж буй замын хөдөлгөөн шинэ зам руугаа шилжих буюу оршин суугчдад илүү таатай орчин бүрдэнэ.


Шинэ гудамж, замын эдгээр ач холбогдлыг дээрх байрны оршин суугчдын нэг хэсэг нь ойлгож, дэмжиж байгаа ч нийтийн орон сууцанд өргөтгөл барьж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй зарим иргэн хувийн ашиг сонирхлын үүднээс бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэх хандлагатай байгаа юм. Тиймээс төслийн багийнхан иргэдтэй ойрын хугацаанд дахин уулзалт зохион байгуулахаар боллоо.