Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхэн шилдэг Монгол бичигтнээ шалгарууллаа
шийдвэрлэсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас нийт батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд Монгол бичгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд үндэсний өв соёлоо дээдэлж, оюуны чадавхи, гарын уран чадвараар бусдыгаа манлайлж, БХИС-ийн Цэргийн командын сургуулийн оюутан Х.Саруултунгалаг түрүүлж, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Мэдээлэл аюулгүй байдлын мэргэжилтэн, ахмад Б.Цэвэлмаа, БХИС-ийн Соёл хүмүүжлийн мэргэжилтэн, дэд хурандаа Б.Отгонбаяр нар удааллаа. Мөн Батлан хамгаалах төв архивын оператор Б.Бямбаа, БХИС-ийн Цэргийн командын сургуулийн оюутан Г.Аззаяа, Т.Оюунхүү нар гуравдугаар байранд орсон юм. Хамгийн олон албан хаагчаа зохион байгуулж, идэвхтэй оролцсон Батлан хамгаалахын төв архивыг анхдугаар уралдааны Тэргүүний байгууллагаар тодруулжээ.
Уралдааны эхний шатны даалгавар нь Дотоод явдлын яамны төв дэх хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллага ба түүний бүх гишүүдээс 1939 оны Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан Монголын Ардын Хувьсгалт цэргийн 6 дугаар морьт дивизийн захирагч, цэргүүдэд бичсэн захидал-ыг уншиж судлаад, хичээнгүй сайхан бичиж ирүүлэх байсан бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбарын офицер, ахлагч, ажилтан, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, Батлан хамгаалахын их сургууль, Ахлагчийн сургуулийн сонсогч нарын 100 гаруй оролцогчийн бүтээл иржээ.
Тэднээс шалгарсан 40-өөд оролцогч хоёрдугаар шатны шалгаруулалтад орж, өгсөн эхийг кириллээс монгол бичигт хөрвүүлж, хичээнгүй сайхан, дүрмийн болон бичлэгийн алдаагүй бичих, таталган бичгийг зөв уншиж, хичээнгүй бичгээр бичих, түүхэн уламжлалаар бичдэг үгс, монгол хүний нэр бичих зэргээр өрсөлдөж, ялагчийг ийнхүү өнөөдөр тодруулсан юм.
Мөн Монголын үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгээ сурч, эзэмших сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлж, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг салбартаа эрчимжүүлэх талаар Батлан хамгаалахын сайдын А/77 тушаал саяхан гарсаны дагуу Монгол улсын Цэргийн тангараг болон Төрийн дуулал-ыг ард түмний оюуны соёлын нандин өв болсон монгол бичгээр бичиж, яам, харьяа агентлаг, төсөвт байгууллага, аж ахуй нэгж, Зэвсэгт хүчний анги салбаруудын хүндэтгэл, алдрын танхимд хүндэтгэлтэйгээр залахаар болсоныг энэ үеэр сонордуулж, Батлан хамгаалах яамнаа дээжлэн залах ёслол энэ үеэр болсон юм.