Сурталчилгаанаас болж хүн үхэх вий

Нэгэн үе сүрхийн төлөвшиж, “Рекламны мангас”, энэ тэр гэсэн сүржин гуншинг өөрсөддөө өгч байсан манай маркетерууд, зар сурталчилгаа бүтээгч студиудын толгой сүүлийн үед “хамуурч”, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр, арга ядсан ажлууд хийх болсон билээ.

Өдөржин хүнд ажилд нухлуулж ядарсан хөөрхий Монголчууд оройдоо телевиз үзэж алжаалаа тайлдаг. Ер нь монголчуудынн ихэнх нь гадуур дотуур явж амарна гэхээсээ илүү телевиз үзэж л амардаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэтэл зар сурталчилгаа бүтээгчид телевизүүдэд рекламаа өгөхдөө дууг нь албаар чанга тохируулсан байдгаас болж, хөдөлмөрчид оройдоо дор хаяж 4-5 удаа цочиж, “зүрхний дасгал” хийдэг болжээ.

Гэхдээ бид л тоодоггүйгээс биш ингэж цочих нь эрүүл мэндэд ихээхэн хорлонтой зүйл юм. Гэнэтийн цочролд ялангуяа чанга дуу чимээнд хүн цочдог гэдгийг бид сайн мэднэ. Тайван байсан орчинд хүний амар амгалан, аюулгүй байдалд заналхийсэн гэнэтийн өөрчлөлт болоход цочих хариу үйлдэл үзүүлж буйг шинжлэх ухаанд тэрхүү аюул заналт орчноос амьд мэнд гарах “зориудын бус рефлекс” хэмээн тодорхойлжээ. Ийм зориудын бус рефлекс үүсэх үед бидний зүрхний цохилт, амьсгалын тоо олширч, цусны буюу артерийн даралт ихэсч байдаг.

Хөдөө амьдардаг нэг найзын маань аав зурагтынх нь дуу гэнэт чангарснаас болж цочоод зүрх өвдөж баларсан тухайгаа ярьж байсан юм. Өөрсөддөө тохируулаад чанга сулыг нь тааруулчнхсан байсан зурагтын дуу гэнэт чангарсны шалтгаан нь нөгөө л гайтай хөөтэй сурталчилгаа. Өнөө оройноос эхлээд та зориудаар нэг анхаараад үзээрэй. Телевизийн чинь дуу зар сурталчилгаа явах үед дор хаяж 20-50 хувь нэмэгдэж байгааг мэдэх болно. Та бараг мэддэг ч тоодоггүй байсан ч байж мэднэ.

Тэгвэл байнга ингэж цочих нь дээр хэлсэнчлэн зүрх судас, цусны даралт ихсэх өвчтэй хөгшин хүмүүс, нялх хүүхдийн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг гэдгийг уншаад асуудлыг арай өөр өнцгөөс харах болов уу. Бид өөрсдөө мэддэггүй, “Ажлын стресс” гэж андуураад яваад байдаг үнэн хэрэгтээ гэнэт чангарч сулрах телевизорын дуу чимээ үүнд зохих хувь нэмрээ оруулж байдаг байна. Энэ нь цаагуураа нойр муудах, хар дарах, сэтгэл санаа тавгүйтэх гэх зэрэг хор хөнөөлийг бидэнд чимээгүйхэн учруулж байдаг ажээ.

Нэг танилын маань нялх хүүхэд юмнаас айгаад унтаж чадахгүй зовжээ. Хүүхэд юмнаас айж цочиход монголчууд ширэглэдэг. Тэр ёсоор ширэглэж үзэхэд тугалган дээр телевизорын дүрс тодорсон гэж байгаа юм шүү дээ. Наргиан биш шүү. “Хүүхэд айчихсан юм шиг байна, шөнөжингөө унтсангүй”, “Зурагтаар реклам гарч эхлэхтэй зэрэг цочоод золтой л халуун цайгаа талбисангүй”, “Зурагт их үзсэнийх юм болов уу, ойрноос даралт ихсээд байна”. Иймэрхүү утгатай яриа эргэн тойронд чинь байнга сонсогддоггүй гэж үү. Зовлонд том багын ялгаа үгүй, зовлон л бол зовлон. Ийм замбараагүй байдлыг цаашид засч залруулмаар байна. Тэгэхгүй бол өндөр настай аав, ээж, эмээ, өвөө, нялх үр чинь нэг өдөр сурталчилгааны гэнэтийн дуу чимээнээс болоод хорвоогоос хальж ч мэ¬дэх нь байна.

Телевизүүдэд уг нь дууны найруулагч гэж мэргэжилтэн байдаг. Эфирийн дуу чимээ цэвэр, нэг жигд байгаа эсэхийг энэ мэргэжлийн хүн хянаж байх үүрэгтэй. Гэвч тохируулж өгсөн дуу нь реклам явах үед гэнэт 50-100 хувь чангарч байгааг мэдэхгүй өнгөрсөөр байна. Сурталчилгаа бүтээсэн студи цаанаасаа дууг нь маш чанга тохируулчихаад өгчихдөг ч байж мэднэ. Гэхдээ үүнийг эфирт явж байгаа дуутай нэг хэмжээтэй болгож болдог байлтай. Харилцаа холбооны зохицуулах газраас энэ асуудал анхаарлаа хандуулах ёстой.

Дуу чимээ чанга байна гэдэг үзэгчдийн анхаарлыг татах нэг арга мөн гэдэг нь гарцаагүй. Гэвч энэ нь өөрийн эрх ашгийн төлөө иргэдийн эрүүл мэндийг хорлож болно гэсэн үг биш билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button