Давхар дээл тайлах асуудлыг зөвхөн сайд нар дээр ярьмааргүй байна
Улсын Их хурал, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах тухай асуудал яригдаад удаж байна. Гэхдээ хэн нэгний олон давхарлаж өмссөн хувцас биш гэдгийг наян настай буурлаас найман настай жаал хүртэл бүгд төвөггүйхэн тайлбарлах хэмжээний мэдээ мэдээлэл хэвлэлээр бичигдэж, цацагдаж байна.
Ер нь төрийн албан тушаалтнуудын давхар албан тушаал хаших явдлыг таслан зогсоох гээд байна гэж ойлгоод байгаа. УИХ-ын гишүүн хүн давхар Засгийн газрын гишүүний албан тушаал хашихаар төрийн ажил цалгардаж байна гэж тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор давхар дээл тайлдаг асуудал гарч ирсэн болов уу.
Тэгвэл яам, агентлагийн дарга удирдлагууд давхар алба хашвал түүнийг дээрх ангилалд хамааруулах уу. Мөн НИТХ, дүүрэг, хороо, аймаг, сумын тэргүүлэгч, төлөөлөгчид давхар албан тушаал хашч байгааг тооцох уу.
Эдгээр хүмүүс ч гэсэн давхар албан тушаал хашиж байгаагаас төрийн болоод улс орны ажил цалгардаж байна.
Жишээ нь: Манай өрхийн эмнэлгийн дарга хорооны иргэдийн хурлын тэргүүлэгч хэмээн эрхэм хүндтэй албыг давхар хашдаг. Үүнээс болоод иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахаас илүүтэйгээр сонгуульт ажилдаа идэвх санаачлагатай оролцдог. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлэг дээр үзэгдэх нь ховор байдаг. Гэвч улсын төсвөөс өрхийн эмнэлгийн даргын цалинг давхар авсаар байгаа юм.
Арай дээгүүр ярьвал Төрийн өмчийн оролцоотой компаниудад Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн хийгээд явж байгаа Төрийн нарийнууд олон байна. Эрүүл мэндийн дэд сайд гэхэд л НИТХ-ын төлөөлөгч. Энэ мэт давхар давхар албан тушаал хашч, улсын төсвөөс цалинжаад явж байгаа хүмүүсийг яах вэ. Аль нэг ажлаа гаргуунд гаргаж тэр чинээгээрээ хохирол учир ч л байгаа. Тэгэхээр энд л давхар дээл тайлах тухай ярьмаар юм шиг.
Т.Ами
Оллоо.мн