Бразилчууд цэнгэлдэх хүрээлэнгүүдээ амжиж ашиглалтад оруулах нь эргэлзээтэй байна
Ердөө 37 хоногийн дараа хүн төрөлхтний их баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ эхэлнэ. Товлосон өдөр ойртох тусам зохион байгуулагч Бразиль улс зарим бэлтгэл ажлаа дутуу хангаж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд шүүмжилсээр байна.
Тодруулбал Бразилийн “Пантанал Арена” цэнгэлдэх хүрээлэн хугацаанаасаа хоцорч ашиглалтад орох нь тодорхой болжээ. Энэ тухай “Синьхуа” агентлагт “Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг бүрэн гүйцэд суурилуулж амжаагүй байгаа нь нээлтийн өдөр гэхэд дуусахгүй нь тодорхой болсныг илтгэж байна” гэв.
“ФИФА”-гийн албан ёсны төлөөлөгчид өнгөрсөн даваа гарагт Бразильд зочилж, хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажилтай танилцах үеэр энэ мэт дутагдал байгааг олж харжээ. Гэхдээ Бразилийн ДАШТ-ийг зохион байгуулах хорооны дарга Силвал Барбоса “Бэлэн болоогүй 11 мянган суудал маш хурдан хугацаанд ашиглалтад орно” гэсэн амлалт өгчээ.
Суудал нь хараахан бүрэн суурилагдаагүй стадион 41 мянган хүний багтаамжтай бөгөөд ДАШТ-ий дөрвөн тоглолт хүлээж авах юм. Тодруулбал, Чили Австрали, ОХУ БНСУ, Нигер Босни, Колумб Японы тоглолтууд энэ цэнгэлдэхэд явагдах билээ. Уг нь энэхүү стадионыг анх дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсоор хүлээлгэн өгөхдөө 42968 хүний суудалтай байхаар төлөвлөж байсан билээ.
Түүнчлэн энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын явцаас шалтгаалан хэдэн тасалбар хэвлүүлэхээ мэдэхгүй байгаа тухайгаа FIFA-гийн маркетингийн захирал Тьерри Вайль ярьсан байна. Түүнчлэн зарим цэнгэлдэх хүрээлэнгийн суудал багассан учраас нийт тасалбарынхаа долоо орчим хувийг огт хэвлээгүй байгаа гэнэ. Урьдчилсан тооцоогоор одоогоор 2.5 сая билет зарагдсаны тал орчим хувийг нь зохион байгуулагч орон Бразилийн иргэд захиалсан байна.
Багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ
Хөлбөмбөг сонирхогч дэлхийн аваргад өрсөлдөх багуудын бүрэлдэхүүнийг мэдэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Гэвч одоогийн байдлаар хамгийн түрүүнд гондурасчууд Бразил явах тамирчдаа сонгон дууссанаа олон нийтэд зарлалаа.
Гондурасын шигшээ багийн дасгалжуулагчаар колумбын мэргэжилтэн Луис Фернандо Суарес ажиллаж байгаа бөгөөд ДАШТ-ийг хамт зорих 23 тоглогчоо танилцуулсан байна.
Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн бүсээс АНУ-ын дараа хоёроор шалгарсан тус багийн бүрэлдэхүүнд Парагвай, АНУ-ын лигт тоглодог тус бүр тав, Английн Премьер-лигт хүчин зүтгэдэг гурав, Шотландын багт харьяалалтай хоёр, Испани, Бельги, БНХАУ-д алба хашдаг тус бүр нэг, нутгийнхаа лигт тоглодог таван тоглогч байгаа аж. FIFA-гийн албан ёсны сайт дээр гарсан тус багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
Хаалгач: Ноэль Вальядарес (Олимпия), Донис Эскобер (Олимпия) Луис Фернандес Лопес (РСА)
Хамгаалагч: Брайан Бэкелес (Олимпия), Арнольд Перальта (Рейнжерс), Эмилио Изагирре (Селтик), Оскар Гарсия (Динамо Хьюстон), Майнор Фигероа (Халл Сити), Виктор Бернардес (Сан-Хосе), Серхио Мендоса (УСК)
Хагас хамгаалагч: Осман Чавес (Чиндао Жонун), Хуан Монтес (Мотагуа), Луис Гарридо (Олимпия), Рожер Эспиноза (Уиган), Хорхе Кларос (Мотагуа), Уилсон Паласиос (Сток Сити), Оскард Бонек (Динамо Хьюстон), Энди Наджар (Андерлехт), Марвин Чавес (Колорадо Рапидс)
Довтлогч: Жерри Бенгстон (Нью-Инглэнд Революшн), Жонни Паласиос (Олимпия), Карло Костли (Верия), Марио Мартинес (Реал Сосьедад)
Ж.Нарангэрэл