Д.Батмөнх Эмийн бохир бизнесийг үндсээр нь таслан зогсооно
сонин хамтран Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаа News.mn сайтын сэтгүүлч Г.Дарь МХЕГ-ын дарга Д.Батмөнхтэй ярилцсаныг хүргэж байна.
-Өнөөдөр монголчуудын сэтгэлийг зовоож байгаа асуудал бол хүнсний аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллага импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд 100 хувь хяналт тавьж чаддаг уу?
-Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжээд нэг жил болж байна. Улсын хилээр хэн дуртай нь хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол өнөөдөр энэ асуудал цэгцэнд орсон. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдсэн журамд шилжиж, гар дээрээс худалдан авах тухай ойлголт байхгүй болсон.
Мөн үйлдвэрлэгчид олон улсын өндөр үзүүлэлттэй эрүүл ахуйн стандарт тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ бол хүнсний аюулгүй байдлыг хангахаар хэрэгжүүлж буй том өөрчлөлт. МХЕГ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн бүртгэлийн программыг бий болгосон. Төр хүнсний аюулгүй байдлыг хангах хөндлөнгийн хяналтаа цахим хэлбэрт шилжүүлж, программчилсан. Одоо энэ программын тусламжтайгаар нийтийг хамарсан хүнсний бүтээгдэхүүний хурц хордлого, халдварт өвчин зэрэг ямар нэгэн эрсдэл гарах үед Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу шалтгааныг мөрдөн тогтоох эхний алхамыг цаг алдалгүй хийж чадахаар болсон.
-Импортоор авч ирсэн жимс, хүнсний ногоо, бэлэн гоймон эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дуулиан үе үе дэгддэг. Тун удалгүй МХЕГ энэ хүнсний бүтээгдэхүүнээс ямар нэгэн хор нөлөө илэрсэнгүй гэж мэдээлдэг. Иргэд танай байгууллагыг импортлогчдын нөлөөнд автсан гэж хардах үе цөөнгүй. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Мэдээж хэрэг бид хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулж, тодорхой арга хэмжээ авдаг ч өөрсдийн төлөвлөгөөт үзлэг хяналт болон урьдчилан сэргийлэх ажилд ач холбогдол өгдөг. Саяхан хүнсний ногооноос хүний биед хортой, хорт хавдар үүсгэдэг гэх пестицид бодис илэрлээ гэж шуугисан. Тайлан мэдээг үзэхэд хяналт шалгалт хийх эрхтэй үндсэн хяналтын байгууллагын улсын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн судалгаа биш оюутнуудын сургалт судалгааны хүрээнд хийсэн ажил байсан.
Тухайлбал, тандалт судалгаа хийх, хяналт шинжилгээ үнэлгээ, урьдчилсан хяналт гэсэн хяналтын гурван механизм ажиллаж байна. Пестицид бодисын хувьд манайх шалгалт, үзлэг судалгаагаа хийгээд, нотолгоогоо гаргасан. Ард иргэдээ цочироохгүйн тулд цаг алдалгүй албан ёсны тайлбар өгсөн.
-Хилээр хүнсний бүтээгдэхүүн орж ирэхэд газар дээр нь хяналт тавих орчин үеийн лаборатори, тоног төхөөрөмж боомтуудад хүрэлцээтэй юу?
-Засгийн газар өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үндэсний лавлагаа лабораторийг баталж, улсын хэмжээнд лабораторийн нэгдсэн системтэй болсон. Өнөөдөр хилийн 12 боомт, 21 аймаг, нийслэлийн хоёр дүүрэг улсын хэмжээний хүнсний болон эмийн лабораторийн нэгдсэн тогтолцоонд хамрагдсан. Одоо байнгын ажиллагаатай 12 хилийн боомтод хими, нян, бактерлогийн хяналт шалгалт хийх бага оврын лаборатори ажиллаж байна. Хилээр орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс газар дээр нь дээж авч, чанар, аюулгүй байдлын судалгаа хийх бүрэн боломжтой болсон.
-МХЕГ-ын даргын албан тушаалыг ашиглаад өмнөд хөршөөс гахайн мах экспортлох ажлыг шууд зохион байгуулсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд эрсдэлийн үнэлгээ хийх заалт бий. МХЕГ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт шалгалтыг зөвхөн хил дээр ч биш үйлдвэрлэгч улс оронд очиж, эрсдэлийн удирдлагын менежмент хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Монголын Хүнсчдийн холбоо, Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны хүсэлт, захиалгын дагуу БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газраас санал болгосон тус улсын Хейлонжиан мужийн гахайн мах, өөх экспортолдог нэр бүхий зургаан үйлдвэрт, мөн ОХУ-ын Кемерово мужийн шувууны аж ахуйн тахиа, өндөг болон мах, махан бүтээгдэхүүн, БНСУ-ын гахайн мах, өөх экспортоор гаргадаг 18 үйлдвэрт эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ ажлын үр дүнд тус мужаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хилээр шууд орж ирдэг болсон.
Төр ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмжиж, эрүүл ахуйн аюулгүй байдлын мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байна. Энэ бол өмнө нь хийгдэж байгаагүй ажил. Төсвийн байгууллага учраас манай зардалд бие дааж эрсдэлийн үнэлгээ хийх зардал хөрөнгө, мөнгө тусгагддаггүй. Энэ удаа аж ахуйн нэгж, ТББ-ын тавьсан хүсэлтийн дагуу, тэдний зардлаар хийсэн. Ажил хийсний төлөө шүүмжлүүлдэггүй дарга байдаггүйн жишгээр энэ ажлыг маань нэлээн шүүмжилсэн. Хамгийн гол нь ажлаа хийх нь чухал байна.
-Монголын эмийн зах зээл хүрээгээ тэлж, эмийн зүй бус хэрэглээ дийлдэхээ больсон. Манайхан ч сайн дураараа эм уухаасаа татгалздаггүй хүмүүс. Энэ хэрээр хэрэглээ өсөж байна. Ийм зүй бус ажиллагааг хянах зорилгоор ямар нэгэн ажил хийгдэж байгаа юу?
-Эм, эмийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал яах аргагүй эмзэг сэдэв болсон. Бид үүнийг анхаарлаасаа гаргахгүй байгаа. Хуулийн байгууллагатай хамтарч Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй, БНХАУ-аас оруулж ирсэн хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнтэй тэмцэж байна. Жишээ нь, тус улсаас орж ирсэн үр зулбуулах эмийн худалдааг зогсоох зорилгоор Баянзүрх дүүрэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан, энэ төрлийн бохир бизнес эрхэлдэг тодорхой хүрээнийхэн Зөвхөн нэг удаа хийсэн төрийн хяналтыг даваад гарлаа гэж бодсон байж магадгүй.
Бид хоёр дахь арга хэмжээг Цагдаагийн байгууллага, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Нарантуул худалдааны төвийн захиргаатай хамтарч явуулна. Урт хугацааны шалгалт хийхээр хамтарсан төлөвлөгөө гаргасан. Энэ төрлийн эм, эмийн бэлдмэл, хүний аюулгүй байдалд заналхийлсэн бараа бүтээгдэхүүнийг голдуу Нарантуул зах дээр худалддаг. Бид Нарантуул худалдааны төвийн удирдлагатай уулзаж, хэрвээ хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн хулгайгаар борлуулах явдалтай тэмцэж чадахгүй бол цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэдгийг бас сануулсан. Хариуцлага хүлээлгэх тогтолцоог идэвхжүүлэх цаг ирж.
-Монгол Улсад бүртгэлгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй эм, эмийн бүтээгдэхүүн зах зээлд хэр их эргэлддэг юм бол. Жишээ нь нэг удаагийн шалгалтаар хэдий хэрийн бүтээгдэхүүн хурааж авав?
-Манай байгууллагын 1286 гэсэн тусгай дугаарт зөвхөн хуурамч эмийн талаар биш хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэгч, газар, барилга байгууламжийн асуудлаар маш их мэдээлэл, санал гомдол ирдэг. Энэ мэдээллийн мөрөөр бид хяналт шалгалтыг аль болох хурдан, шуурхай зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч, эргэж хариу мэдэгддэг. Үр зулбуулах эмийн тухайд гар дээрээс жижиглэнгээр худалдаалдаг учраас бага хэмжээний юм хураасан. Нэг хүнээс 10-20 ширхэг эм хураасан байх жишээтэй. Их хэмжээний бүтээгдэхүүийг бусдын чингэлэг, гэр орондоо нуудаг юм байна л даа.
Тиймээс зах зээлд хуурамч эм зарж, борлуулж байгаа хүмүүсийн гэр оронд Цагдаагийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийж, бохир бизнесийг үндсээр нь таслан зогсоохыг зорьж байгаа юм. Ер нь дан ганц хуурамч эм гэхгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ эмийн сан, эмийн үйлдвэр эрхлэгч, эм ханган нийлүүлэгч байгууллагуудад бид нэгдсэн хяналт шалгалт хийж эхэлсэн. Одоогоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хууль бус эмийн жагсаалтыг эцсийн байдлаар хараахан гараагүй байна.
-Эм үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд ямар хяналт тавьдаг юм бэ. Эм ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид тогтоосон стандартын дагуу үйл ажиллагаа явуулж хэвшсэн үү?
-Нэг ноцтой асуудал бий. Зарим төрлийн спирт хяналтаас гарчих гээд хэцүүхэн байгаа. Эм үйлдвэрлэгчид улсын хилээр эм, эмнэлгийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг химийн бодис оруулж ирдэг. Сүүлийн үед техникийн спирт маш их хэмжээгээр орж ирж байна. Тухайн байгууллага энэ спиртийг тариурын хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ариутгах, халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэдэг л дээ. Нэг байгууллагын энэ төрлийн спиртийн хэрэглээ жилд дунджаар 200-400, үсрээд 500 литр байна.
Гэтэл энэ жил олгогдож байгаа техникийн болон хүнсний зориулалтын спиртийн хэрэглээ эрс нэмэгдэж, 8-10 тоннд хүрсэн. Бид шалтгааныг тодруулахаар хяналт шалгалт хийж байна. Эмийн санд борлуулж байгаа цэнхэр спирт буюу техникийн спиртийн борлуулалтад бид бас онцгой анхаарч байна. Яагаад гэвэл жижиг савлагаатай техникийн спиртийг 200, арай томыг нь 800 төгрөгөөр борлуулдаг. Үүнийг архинд донтох зуршилтай хүмүүс авч хэрэглээд байна. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон жилийн хортой үр дагавар үүсгэж, амь насыг нь эрсдэлд оруулж байгаа учраас аюулгүй ажиллагааны үзлэг шалгалт зайлшгүй хийх хэрэгтэй. Ажиглалтын дүн гарахаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргаж, эмийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байгаа.
-Архи, пиво үйлдвэрлэгчдийн спиртийн хэрэглээ жилээс жилд өсөж яваа. Үүнтэй холбоотойгоор тэдний хилээр оруулж ирж байгаа спиртийн хэмжээ нэмэгдсэн үү?
-Манайх спиртийн чанар, стандарт аюулгүй байдлын хяналт тавьдаг. Аль нэг үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, хасагдаж байгааг хянах эрхгүй. Импортын спиртийн хэмжээ гэхээс илүү архи, архины төрлийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн гэсэн мэдээ бидэнд бий.
Г.Дарь