Бондыг хянах бодлогын зөвлөл юу хийж байсан хэрэг вэ
юм бол. Бонд босгосон цагаас эхлэн амтай бүхэн шүүмжилж байна. Бондын талаар асуулга тавина, мэдээллийг нь чуулган дээр сонсоно, сэтгүүлчид гайгүйхэн эдийн засагчтай уулзах болгондоо Чингис бондын зарцуулалтын талаар та юу хэлэх вэ, байгаа оноогүй үр ашиггүй зарцуулж байна гэж байна шүү дээ гэж асууна. Энэ асуулт бол брэнд болчихсон гээд хэлчихвэл хатуудахгүй.
Эдийн засагчид нь ч бондыг л муулж ярьж байвал ард түмэнд таалагддаг, бондын талаар мэдлэг нимгэн байвал хүмүүсийн өмнө эвгүй байдалд орчих гээд байдаг хачин тогтолцоо бий болчихсон байна. Чухам л улстөрчдийн ганц ярьдаг сэдэв нь энэ болжээ. Цаашдаа ч ярьсаар байх нь тодорхой. Төсөв ярьсан ч бонд, ноос ноолуур, өндөг, мах ярьсан ч Чингис бонд заавал яригдана, эзэндээ хүрээгүй, мах өндөгний үнэ өсгөсөн ялд унана. Нэг хэсэг монголчуудын амнаас Оюутолгой гардаггүй байсан бол сүүлийн үед Чингис бонд гэдэг үг салахаа больж. Бонд босгосон нь зөв зүйл байсан уу гэдэг асуултад бүгд тийм гэж хариулдаг. Тэгсэн атлаа л шүүмжилнэ. Дандаа бүтэхгүй талаас нь харна. Өр зээл тавиад, улс дампуурлаа гэж бичнэ.
Гэтэл бонд босгосны үр ачаар бид замын түгжрэлээс ангижирч, аймгийн төвүүдтэйгээ автозамаар холбогдож, гацаанд ороод байсан олон ч үр ашигтай төсөл хөтөлбөрүүд урагшаа ахисан. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, Буянт-Ухаа хорооллын барилгуудын ачаар олон ч залуу гэр бүл, ахмадууд амгалан тайван орчинд амьдрах боломжоо бүрдүүлсэн байна. Зам барих нь буруу гэж ярьж байгаа улстөрчид харин өөрсдөө тэнэг гээд хэлчихэд буруудахгүй. Ингэж бичлээ гээд бондын зарцуулалтыг битгий хяна гэж хэлэх гэсэнгүй.
Бондын мөнгийг бүгдийг нь үр ашигтай зарцууллаа гэж бялдуучлахыг хүсэхгүй байна. Зүгээр л улстөрчид яагаад энэ сэдвээр байнга шоудаад байгааг хөндөхийг хүслээ. Сүүлийн хоёр долоо хоногт мөн л бондын зарцуулалтыг хянах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гаргав. Ерөнхий сайд намын бүлгүүдэд Чингис бондоор мэдээлэл өгөв. Намын бүлгүүд Чингис бондод шалгалт оруулах юм гэнэ. Тухайлбал, АН-ын бүлэг даваа гарагт хуралдсан хуралдаан дээрээ Ерөнхий сайдыг оролцуулж мэдээлэл аваад Бондын зарцуулалтад шалгалт оруулахгүй бол болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Уг нь зөв санаа. Гудамж төсөлд зарцуулсан мөнгө яг зарцуулагдсан байна уу, автозамын шинэчлэл, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан мөнгө үр ашигтай болсон байна уу гэдгийг хянах аж.
Цаашлаад зарцуулалтын тайланг ч мөн энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Гэнэтхэн л хаа, хаанаа ухаан орж Чингис бондоо эргүүлдэж эхлэв. Уг нь нэг, хоёр долоо хоногт улстөрчид ухаан орох асуудал биш. Өөрөөр хэлбэл, Чингис бондыг авсны дараагаас эхлэн энэхүү бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөл ажиллаж эхэлсэн санаатай юм байна. Даанч тэд энэ хугацаанд ёстой нүдэн балай, чихэн дүлий явж ирсэн бололтой. 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бодлогын зөвлөл хоёр жилийн дараа гэнэтхэн ухаан оржээ.
Засгийн газрын үнэт цаасыг борлуулж, босгосон хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах, шалгуур үзүүлэлтийг тогтоох үүсч болох эрсдлийг тооцох, эрсдэлийн удирдлагаар тооцох үүрэг бүхий бодлогын зөвлөлд Ерөнхий сайдаас эхлээд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хүмүүс бүгд байна. Бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, мөн ерөнхийд нь чиглүүлэх бүх хүмүүс энд багтжээ. Чингис бондын зарцуулалт муу байна. Үр дүнтэй төсөлд зарцуулж чадсангүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчид дуулгачихаж чадна. 888 төсөл хөтөлбөр гэх бантан оруулж ирээд, Гудамж төсөлд мөнгө өгөхгүй гэж хэрэлдэж уралдаж байгаа сайдуудын зөрчилтэй асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар УИХ-д хэлээд тухай бүр нь засч залруулаад явах боломж байжээ. УИХ-ын даргад Д.Одхүү зөвлөх нь хов хүргэж, хэд хэдэн үндэслэл шалтгаанаар шүүмжлэл хэлж, асуудлыг тухай бүр нь шийдүүлээд явах байлаа. Даанч тийм хүсэл алга байжээ.
Хатуухан хэлэхэд ажлаа сайн хийгээгүйгээс өнөөдөр Чингис бонд бүх нийтийн анхааралд орж, болохгүй бүтэхгүй болчихсон юм шигээр ярьж эхэлсэн хэрэг. Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар Ерөнхий сайдтайгаа нийлээд бондоо хянаад, бусадтайгаа зөвшилцөөл явах боломж бүрдчихсэн байна. Бодлогын зөвлөлд төрийн гурван өндөр гурвуулаа хүмүүсээ оруулсан. Тухай бүр нь энэ хүмүүсээрээ дамжуулаад мэдээллээ аваад, засч залруулаад явах байсан юм. Бүр эдийн засгийн чухал салбарыг атгасан хүмүүс байна.
Цаашлаад туршлагатай нь бол ярих ч юм биш. Гэтэл энэ зөвлөл дэндүү их хугацаа алдаж, хайнга ажилласан уу эсвэл Чингис бондыг дахин хөндөж эхэлсэн нь намын дотоод зөрчлийг нь харуулаад байна уу. Сөрөг хүчний өгөөш болгохооргүй, бондыг тойрсон шүүмжлэл үүсгэхээргүй ажиллаж чадахаар чадвартай хүмүүсээр энэ бодлогын зөвлөл багаа бүрдүүлснийг та харж болно. Харин бодит байдал ямар байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Зөвлөл тухай бүр нь дүгнэлт гаргаж, амтай бүхэн зоргоороо шүүмжилж байгаад няцаалт өгөөд явсан бол дахин дахин хянаж шалгаж, намуудын улстөрждөг, эдийн засагчдын ярьдаг ганц сэдэв болох байсан уу гэдгийг эргэж тунгаахад гэмгүй биз.