Даварсаар даварсаар Давгын оронд

УИХ-ын 2012 оны сон­гуулийн өмнө хуульдаа өөрч­лөлт оруулан байж улстөр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлсэн. Харамсалтай нь өдгөө нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд тус дэм болох ёс­той эмэгтэйчүүд маань сан­дал суудлын хэрүүл хий­гээд сөхөө алга. Өөрөөр хэлбэл төрд олонхыг бүрдүүлж буй АН-ын бүсгүйчүүд өөр хоо­рондоо хэвлэлээр хэрүүл хийж эхэллээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “дав­хар дээл” тайлах эсэх асууд­лаар намынхаа эсрэг байр суурьтай байгаагаа илэр­хийлснээс хойш энэ бүх үйл явц олны өмнө дэлгэгдсэн гэхэд хилсдэхгүй. Ядахад түүнд өөрт нь ч хэлэлгүйгээр намынх нь Хяналтын зөвлөлийнхөн хуралдаж, “УИХ-д намын жагсаалтаар ги­­­шүүн болсон учраас наад нөхрөө хөөх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргачихсан. Мэ­дээж парламентад ги­шүүн болж, бүр цаашлаад Өргөдөл гомдлын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд Р.Бурмаа ги­шүүн өөрийнх асуудлыг эзгүйчилж, амралтын өд­рөөр шийдвэрлэсэнд ихэд бухимдсан. Асуудлыг нааш­­­тайгаар шийдэх биз хэ­­мээн харзнах зуурт нь АН-ын генсек Ц.Оюундарь “Жагсаалтаар орж ирсэн ги­шүүн намын шийдвэрээ л дагах ёстой” гэх мэдэглдийг хийж, цаад утгаараа яасан ч бидний зөв гэдэг санаагаа илэрхийлчихээд байгаа юм. Мэдээж түүний хувьд тө­­рийн эрх барьж намын буй намын гал тогоог барьж байгаа учраас аливаа асуу­далд гишүүдтэйгээ ха­­туухан хариуцлага тоо­цо­хоос аргагүй. Гэхдээ АН-ын хариуцлагын журамд заас­наар бол Р.Бурмаа ги­шүүний асуудлыг эхлээд Хяналтын ерөнхий хорооны шийдэж, дараа нь Үндэсний зөвлөлдөх хороо хуралдан баталгаажуулж, хүчин тө­гөлдөр болгох учиртай. Өөрөөр хэлбэл эцсийн шийд­вэр гараагүй байгаа гэсэн үг.

Гэтэл Р.Бурмаа гишүүн “УИХ-ын гишүүн, ард түм­ний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг со­­нирхлыг эрхэмлэн, тө­рийн хуулийг дээдлэн са­хиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ. Үндсэн хуулиас дээгүүр дав­сан намын дүрэм байдаг гэд­гийг би сая л мэдлээ” гэж мэдэгдээд байгаа.

Ёстой л гээнэ дээ ч бий, гооно доо ч бий гэгчээр хэн, хэн нь өөрийнхөө зөв болгож ойлгуулахаар зүтгэж байна. Хэдийгээр өнгөц харахад АН дотооддоо хагаралдаж байгаа мэт боловч “мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана” гэдгийг бодитоор мэдрүүлэв. УИХ-д нэр дэвшихийн тулд намын гишүүд дотооддоо хэчнээн маргалдаж, мэт­гэл­цэж, их хэмжээний мөнгө төгрөгийн хандив өгч сүйд болдгийг ард түмэн аль хэдийн мэддэг болсон. Яг л энэ зарчмаар өнгөрсөн удаа­гийн сонгуульд нэр дэв­ших үйл явц өрнөж, АН эмэгтэйчүүддээ боломж ол­госон. Тиймдээ арай олон хүний санал авснаараа Р.Бурмаа УИХ-ын гишүүн бо­лох хувь тохиосон.

Тэр­бээр АН-ын анхдагч ги­шүүн ч биш, замын дундаас заяагаа холбогсодын нэг. Өөрөөр хэлбэл түүнийг олон нийт “Сонгогчдын бо­­ловсрол төв”-ийн тэр­гүүн гэдгээр нь л мэднэ. Тиймдээ ч мань гишүүн 2012 оны сонгуулийн хуульд орсон холимог сис­те­­мийг мэдэхийн дээдээр мэ­­дэж, намын жаг­саалтаар пар­ламентад орсон ги­шүү­ний толгойг “илэх” цоор­хой байгааг ажиг­лачихсан байсан гэсэн үг.

Р.Бурмаа гишүүн “давхар дээл” тайлахыг дэмжсэн нь Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэсэн үг. Цаад утгаараа Засгийн газрыг тогтвортой байлгах сонирхол түүнд алга. Тэ­жээсэн бяруу тэрэг эвддэг гэгчээр 2012 оны сонгуулиас өнөөг хүртэл замнаж ирсэн амжилтаа өдгөө нурааж уна­гахад гар бие оролцохоор зэхэж байгаагаас ялгаагүй харагдаж байгаа юм. Тэгээгүйсэн бол асуудлын гол нь юундаа байгаад, Зас­гийн газрыг унагавал ямар ашигтай вэ гэдгийг тайл­барлах учиртай. Нэгэнт хөдөлчихсөн галт тэргийг замын дунд зогсоовол хэсэг хугацаанд хурдаа авах гэж цаг алддаг. Түүн шиг л Зас­гийн газрыг одоо “татаад уна­гачихлаа” гэхэд орных нь бүтцийг бүрдүүлэх болон хийж эхлүүлсэн ажлууд нь ч талаар өнгөрөх уршигтай. Үүнийг Р.Бурмаа гишүүн маш сайн мэдэж баймаар.

Харамсалтай нь Р.Бурмаа гишүүн эрсдлийг тоо­цохоос түрүүлж, “Тө­рийн сүлдэндээ тангараг өр­гө­сөн хүн. Жагсаалт, тойр­­гийн гишүүн гэсэн ял­гаа зааг байхгүй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тодорхой заалт байдаг” хэ­мээн өөрийгөө өмгөөлж суугаа нь зүйд нийцнэ гэж үү.

Нөгөөтэйгүүр нам­даа элссэн түүнд итгэж, жаг­саалтын аравдугаарт баг­таасан АН-ынхны хохь ч юм шиг. Юутай ч Р.Бурмаа ги­шүүний энэхүү үйлдлийг харах нь ээ “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг үгийг эрхгүй сануулаад байх шиг.

Б.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button