Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс

“Солонгос кинон дээр хү­ний ой тойнд оромгүй, ар араасаа хөвөрсөн зовлон зүд­гүүр гардаг. Бидний амьд­ралд яг тийм киноны үйл явдлууд өрнөсөн. Эргээд бодоход харуусал, цөхрөлөөр дүүрэн он жилүүд байлаа. Тэгэхдээ олон зүйлийг надад ойлгуулсан, ухааруулсан. Хүний амьдрал засмал зам шиг дардан байдаггүй юм билээ” гэх эмэгтэйг Ц.Мядагмаа гэдэг. Энэ хү­ний амьдрал чухам юу болоод өнгөрсөн юм бэ.

Ах, дүү дөрвүүлээ “Соц” нийгэмд өсч, ЗХУ-д эрдэм боловсрол эзэмшжээ. Бүгд ажил амьдралтай уч­раас 1990 он гарахад нэг их барьц алдсангүй. Том ах Ц.Эрдэнэбат ЗХУ-д ху­далдааны чиглэлээр дээд сургууль төгссөн нэгэн. Тиймээс дүү нарынхаа хамтаар зах зээлийн нийгэм рүү алхан оржээ. 1992 онд 24 цагийн хүнсний дэл­гүүр нээж “Цэнг трейд” ком­паниа байгуулсан байна.

Бүгдээрээ ажлаасаа гарч, орон сууцаа банкинд барь­цаалан, нойр хоолыг умар­тан зүтгэцгээж эхэлжээ. Хи­чээл зүтгэл ашиг орлого дагуулдаг учраас Монгол Улсын хэмжээнд яригдах худалдаа үйлчилгээний төв болон өргөжин тэлжээ. Баяр наадам, шинэ жилээр хүмүүс баярлаж байхад ах, дүү дөрөв ачаагаа буулгаад, худалдаагаа хийгээд зог­сож байсан гэдэг. Энэ дөрвөөс гадна хань ижил, үр хүүхдүүд нь оролцсоны үрээр тэрбумаар тоологдох хөрөнгөтэй компани болжээ. Тэд хөдөлмөрийнхөө үр ши­мийг хүлээн, аз жаргалтай ажиллаж, амьдарч байсан.

Арван жил нуруу ам­раалгүй зүтгэсний хүчинд дуудлага худалдаагаар үйл­чилгээний төвөө худалдан авч 200 хүний ажлын байр бий болгон авчээ. Монгол Улсын хамгийн том бөөний худалдааны төв ийнхүү босч ирсэн байдаг. “Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат ба­раа бүтээгдэхүүн авах, ний­­лүүлэх ажлыг хийдэг байж. Ингэж яваад архины компанийн захирал гэх Г.Буяндоржтой танилцсан байна. Хар нүдний шилнээс салдаггүй тэр залуу Ц.Эрдэнэ­батын өрөөнд өдөр­жин суудаг бөгөөд бараа ма­териал мөнгө төгрөг хүс­сэн үедээ авч байжээ.

Нэг л мэдэхэд дөрвөн тэрбум, 121 сая төгрөгийн өр Г.Буяндоржид бий бол­сон ч ерөнхий захирлын өрөө­­гөөр үзэг­дэхээ больсон бай­даг. “Цэнг трейд” ком­па­­нийн гүй­цэтгэх захирал Ц.Нацаг­дорж Г.Буяндоржоос өр ав­лага нэхэх ажилтай болов. Том ах болох Ц.Эрдэнэбат “Танил тал их­тэй, нэр төр­тэй хүн өгөх байлгүй” гээд тоосонгүй. 2002 оноос эхэлсэн тэдний найз нөхөр­лөл дэндүү үнэтэй тусна гэж санасангүй.

Ц.Эрдэнэбатын тархинд цус харваж, дүү нь учир битүүлгээр нас баржээ

Тэгээд ч “Соц” нийгэмд өссөн ах дүү дөрөвт хүнд хар буруу санах сэтгэл бай­­сан­гүй. Банкны зээл нэхэгдэж ах, дүүсээрээ Г.Буяндоржийг эрж хайсан ч зугтаагаад олд­сонгүй. Тийм учраас шүү­хэд хандлаа. Хууль шүү­хийн бай­­гуул­лага тийм ч хурдан биш. Харин банкны тоолуур минут, секундээр мөнгөний хүү бодон эргэлдэж байлаа. Ц.Эрдэнэбатыг нэг л өглөө босоход 200 ажилтан ажлын байргүй, таван айлын арав гаруй хүн орох оронгүй бол­чихоод байсан аж.

Дүү нарынхаа хамт бос­госон компаниа, орон байраа буцаан авах ганц найдлага бай­сан. Тэр бол дөрвөн тэрбум, 121 сая төгрөгийн өртэй Г.Буяндорж байв. Энэ хү­нээс гадна хэд хэ­дэн нөхдөөс авлагаа авчих­вал банкны өрөө төлөх бо­­ломж­той байсан. Гэвч түүний най­даж байсан, нэгэн цагт хун­дага тулгасан, эр­хэм андууд нь нуруугаа харуул­жээ. Ингээд эцэс төгсгөлгүй шүүх, цагдаагаар явах ажил эхэлсэн байдаг.

Г.Буяндорж цагдаагийн байгууллагад олон жил болсон болоод ч тэр үү, та­­нил тал ихтэй. “Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат “Үнэн ялна” гэсэн уриатайгаар явсан хэ­дий ч хууль, шүүхийн хүй­тэн ханыг мөргөдөг байв. Тэ­рээр сүүлдээ ихэд айх болж гэр орондоо хүртэл камер суу­рилуулан “Намайг алах гээд байна” гэх болжээ. Ах дүү нартаа ч хаалга, үүдээ тавихаа байсан байдаг.

Мэдээж дүү нарыгаа гу­­дамжинд гаргачихсан хүн бусадтай уулзах хэцүү бай­сан болов уу. Тэрээр хоёр эмэг­тэй дүүгээ эл хэргээс хол байхыг сануулж “Ах нь ялна. Компаниа аварна” гэж явсаар. Ц.Эрдэнэбатад хамгийн ойр, шадар туслах нь дүү Ц.Нацагдорж байв. Ахынхаа өмнөөс шүүх, цаг­даагаар гүйж багагүй стресстдэг нэгэн байлаа. Гэвч 2005 оны аравдугаар сард Ц.Нацагдорж гэнэт учир битүүлгээр нас баржээ.

Түүний цогцос хөрж ам­­жаагүй шахам байхад мар­гаа­­шийнх нь бүх хэвлэлд “Цэнг трейд” компанийн гүй­­цэт­­гэх захирал Ц.Нацаг­дорж архины хордлогоор нас барав” гэх мэдээллүүд ца­­цагд­­сан байдаг юм билээ. Үүнээс нэг их удалгүй банк­ны барьцаанд байсан бүх өмч хөрөнгө битүүмжлэгдэж таван гэр бүлийн гишүүд айл, айлд толгой хорогдох болжээ. Нэгэн цагт Монгол Улсын худалдааны хамгийн том төвийг ажилуулж бай­сан гэр бүл хамаг зүйлээ алдаж, өмссөн хувцастайгаа үлдсэн нь энэ.

Ц.Эрдэнэбатын хувьд цаг­даа, шүүх, хэвлэл мэдээлэл, лам хуварга гээд хандаагүй хүн байсангүй. Өдөр, шөнөгүй өргөдөл гомдол бичиж, бүр сүүлдээ ихэд уурладаг нэ­гэн болж хувирчээ. Албан тушаалтнууд өрөөндөө хү­лээж авахгүй, авлаа ч гэсэн нэг хэвийн хариулт өгнө. Со­нин, хэвлэлүүд ч тоож ярилц­лага авахаа байсан байгаа юм. Үүдний жижүүр ч хамаагүй өөрийнхөө ту­хай ярьж ойлгуулах гэж хичээнэ.

Өдөржин гудамжаар ал­хаж, албан байгууллагуудын хаалга тогшиж, шөнөжин өр­гөдөл бичнэ. Сүүлдээ бич­­сэн зүйл нь ойлгохдоо байсан байдаг. ЗХУ-ын дээд сургуулийг алтан медальтай төгссөн, орос, англи хэлтэй тэрээр аймхай, уйланхай, өрөвдөлтэй нэгэн болж ху­вирчээ. Гэр хороололд ай­лын хашаанд толгой хорог­дох Ц.Эрдэнэбатыг Г.Буян­дорж залилан мэхлээгүй гэсэн шийдвэр шүүхээс гарчээ.

Шүүхийн энэ шийдвэр олон хүнд цаазын ял мэт сон­согдсон юм билээ. Бага дүү Ц.Мядагсүрэнгийн нь нө­хөр Л.Чадраабал орон байр­гүй бол­сондоо гутарч элэг­ний өвчин олоод 2007 оны есдүгээр сард нас баржээ. Дүү Ц.Мядагсүрэн нь тахир дутуугаас гадна хоёр өнчин хүүхэдтэй гудамжинд гар­чээ.

Зовлон зүдгүүр нэг ирэ­хээрээ тухлаад суучихдаг уу гэлтэй Ц.Мядагсүрэнгийн охин Баяр­цэнгэл өнчин тар­хины хав­дартай тул байнгын асар­гаанд байх шаардлагатай бол­жээ.Энэ бүх зовлон зүд­гүүр, дараалсан үхэл, хага­цал, эдийн засгийн сүйрлийг Ц.Эрдэнэбат даван туулж чадалгүй тархинд нь цус харважээ.

Хар нүдний шилтэй хүний нэрийг сонсоод салганадаг

Эмнэлэгт олон сараар хэвтсэн Ц.Эрдэнэбат хэл ярианы бэрхшээлтэй нэгэн бол­жээ. Түүний үр хүүхдүүд нь таран бутраад хаа явааг нь мэдэх хүнгүй болсон гэдэг. Хар нүдний шилтэй залууд хаалгаа нээж өгсөн цагаас Ц.Эрдэнэбат болон ойр тойрны хүмүүсийн амьдрал ийнхүү сүйрчээ. Харин дунд дүү Ц.Мядагмаа нь солонгос улсад ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн. Хүүгийнхээ хамтаар байрны лизингэд ороод байгаа юм билээ.

Ц.Эрдэнэбатын хувьд Төв аймгийн нэгэн суманд бай­гаа аж. Дүү нар нь Г.Буян­доржийн нэрийг дэргэд нь хэлэх дургүй. Сонин хэвлэл ч үзүүлдэггүй. Сэтгэлийн да­рамт нь сэдэрвэл дахиад цус харвана гэсэн айдас дүү нарт нь бий.

Тэгээд ч Ц.Эрдэнэбат хар нүдний шилтэй хүний нэрийг сонсохоороо салганаад ун­таж чадахаа байчихдаг юм гэсэн. Дүү Ц.Мядагмаа нь “Арван жилийн хөдөлмөр маань амархан алга болсон түүхтэй. Бид хоёр хөөцөлдье, шүүхээр явъя гэж бодсон. Гэвч хэргийн зангилааг тайлах нэг ах маань цус хар­­ва­чихлаа. Нөгөө дүү маань учир битүүлгээр амиа алдсан. Тухайн үед Г.Буяндорж­той заргалдлаа гээд бодоход дийлэхгүй үе бай­сан шүү. Хэл ам, хэрүүл шуу­гиан хүнд гай зовлон л авч ирдэг юм билээ” хэмээн ярив.

Үргэлжлэл бий…

Т.Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button