Төрийн тусгай хангамжийг халъя
1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын гол уриа лоозон “Тусгай хангамжийг халья” гэж байлаа. Бүгдээрээ ижилхэн гэмээр дээл, хувцас өмсдөг, цөөн төрлийн хүнсний бараатай дэлгүүртэй иргэдэд нам төрийн удирдагч нар нь тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг, харуул хамгаалалттай байранд амьдардаг гэхээр ой тойнд буухгүй байв. Улстөрийн товчооны гишүүд Хар далайд очиж амардаг гэх мэдээлэл жинхэнэ сенсааци байлаа.
1990 оны гуравдугаар сарын 7-нд Сүхбаатарын талбайд 120 мянган хүн давалгаалж “Төрийн тусгай хангамжийг халья” гэж хашгирч байсан. Тэр хүмүүсийн тэргүүн эгнээнд С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж нар зогсож байлаа.
Тухайн үед төрийн тусгай хангамж гэдгийг юу гэж ойлгож байсан бэ гэвэл тусгай үнэмлэхээр дэлгүүрт ордог, Хар далайд амардаг, өөрийн тогоочтой гэх мэт зүйлүүд багтаж байсан юм.
Ерөнхийдөө бол нам төрийн удирдагч нар феодал маягийн амьдралын хэв маягтай хэмээн иргэд ихэд эсэргүүцэж байсан.
Тэгээд ч иргэд “Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх чинь эхнэртэй биз дээ” гэсэн асуулт тавьж байв. Яахаараа эхнэрээрээ биш тусгай тогоочтой байдаг бэ юм гэсэн хилэгнэл яваад байх жишээтэй.
Социалист нийгмийн удирдагч нарын тусгай хангамж гэж сүртэй зүйл байсангүй. Нам төрийг хослон баригч, тухайн үедээ баахан дээл давхарласан Ж.Батмөнх л гэхэд харуулын цэрэг, тогооч, комиссортой ширээ тойрч суугаад гурилтай шөлөө хуваагаад идчихдэг байсан гэдэг.
Ард түмэндээ “Чимэг болон хайрлагдсан” Х.Чойбалсангийн тухайд тусгай хангамж гэж сүртэй зүйл байсангүй. Хааяа нэг Санзайн ам руу мориор гарч дал дөрвөн өндөр чануулж, идэн тансагладаг байсан гэх яриа бий. Гэтэл өнөөгийн эрхмүүд нисдэг тэрэг хөлөглөн Минжийн хангайн застав хавьцаа очин ан амьтан алж баясна. Дуртай үедээ гадаад руу нисч казинодох жишээтэй. Ямартай ч 1990 оны хувьсгалчид “Тусгай хангамж, эрх ямбыг халаагүйгээр барахгүй улсын нурууг хотойх ачаа болгон хөгжүүлсөн. Ерөнхийдөө бол төрийн тусгай хангамж, үйлчилгээ, хамгаалалт улам данхайсаар байна.
Төрийн гурван өндөрлөгийн тусгай хангамж үйлчилгээ, хамгаалалт гэх төсөв улам нэмэгдсээр. Хонь барьж идэх гэж байгаа чоно шиг хорь гучин машинтай сүрэглэн явахаас гадна бэлтгэл хангагч нар гэсэн сүржин улс бий болжээ. Арван минут ч болохгүй нээлтэд ирэхдээ хамаг юмыг эргүүлж тойруулан сүрийг үзүүлэх юм. Төрийн өндөрлөгүүдийн хоол хүнс, харуул хамгаалалт, хувцаслалт, үс засалт, эрүүл мэнд зэрэгт бүхэл бүтэн компаниуд гэмээр олон нөхөр ажиллаж байна.
Нэг талаараа төрийн гурван өндөрлөг ажлын байр бий болгосон мэт харагдавч татвар төлөгч нарын мөнгийг хэтэрхий урсгаж байгаа юм. Тун удахгүй Их тэнгэрт төрийн тусгай хамгаалалтын ажилтан албан хаагчид зориулсан дөрвөн давхар барилга баригдана. Ер нь төрийн гурван өндөрлөгт зориулсан төрийн тусгай хамгаалалт гэсэн бүхэл бүтэн байгууллага байх шаардлагатай юу. Тэд шалгадаг, нэгждэг, тагнах эрхтэй.
Яг ийм чиг үүрэгтэй цагдаа,тагнуул гэж бий. “Давхар дээл” гэж ярих дуртай болсон өнөө цагт төрийн тусгай хамгаалалт гэсэн супер баатрууд бий болжээ. 1990 оноос өмнө Их тэнгэрийн аманд дотоодын цэргээр харуул тавиад болоод байсан. Харин нийгэм өөрчлөгдөнгүүт улам данхайж супер баатруудаар үүдээ сахиулах болсон билээ. Эрхэм дээдсийн харуул хамгаалалт, эрх ямба, машин унаа “Их тэнгэрийн амандаа багтахаа байсан. Тийм учраас Их тэнгэрт байр түрээслэж байсан “Номин холдинг” компанийг хөөсөн. Тэнд мэдээж үнэтэй түрээс байсан нь мэдээж.
Их тэнгэрийн аманд гадны зочид төлөөлөгч нарт зориулсан олон байшин бий. Зочид төлөөлөгч байхгүй үед хоосон байдаг.
Тэр байшинг өндөр үнэтэй түрээслэхэд яагаад болохгүй гэж. Бидний жишээ авах дуртай Английн хатан хааны ордонд хүртэл түрээсийн байрууд зөндөө байдаг юм гэнэлээ. Төрийн ордноо хүртэл түрээслэж мөнгө хийдэг улс орнууд зөндөө байдаг юм билээ. Ер нь яагаад “Их тэнгэр”-т илүүдээд байгаа байрыг түрээслүүлж болдоггүй юм бэ. Дарга нартаа зусардах дуртай нөхөд төрийн гурван өндөрлөгт зориулан хууль гаргаад олон нийтээс таслачих юм даа.
Үнэндээ бол “Их тэнгэр”-ийн ам хаалттай бүс. Ойр хавиар нь явсан иргэдийн хамуутай мал үзсэн малчин шиг хөөнө. Брэндээр гангарч, гадаадаас хоолоо зөөлгөх эрхмүүд ядарсан иргэдээ харуул хамгаалалтаар хөөлгөх болжээ.
Цөөхөн модон байшинтай байсан гэгдэх “Их тэнгэр” өдгөө нийгмээс тусгай болж нөгөө эрхмүүд иргэдээсээ улам нуугдах болсон. Тусгай хангамж, эрх ямба салахын аргагүй амттай, янаг амраг шиг сэтгэл татам гэдгийг 1990 оны жагсагчид яахин тааж мэдэх билээ.
“Их тэнгэр”-ийн захын байранд хамгийн тансаг фитнесс, цанын бааз, рестрон, хүүхдийн тоглоомын талбай, саун, биллъярд, уулзалтын өрөө, кино театр бий. Хамгийн цэнгэг агаар, ой мод, ан амьтан гээд байгалийн үзэсгэлэнт газар. Энэ сайхан газарт төрийн өндөрлөгүүд амьдрах нь юун буруу байх бэ, тийм эрхийг нь ард түмэн олгосон. Хамгийн гол нь та бүхний утга учиргүй тансаглал, өргөжин тэлж буй байдал “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан”-тай адил болоод байгаа юм.
Төрийн гурван өндөрлөгийн унаа тэрэг, хоол хүнс, үйлчилгээний ажилчид жилээс жилд данхайж эхэлсэн. Гадаад айлчлалд гэхэд эмч, сувилагч, бие хамгаалагч, зангиа, хувцас сонгогч, зурагчин, архивчин гээд түмэн амьтан дагалдана. Тэгсэн хэрнээ ард түмнийг тансаглаад байна, бүсээ чангал гэж зарлигдаад байх юм. Ард түмэн хэлсэн хэлээгүй 300 грамм махаа зуу болгоод багасгачихсан шүү дээ. Угтаа бол Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийтээрээ дэмжиж байгаа л бол АН-аас сонгогдсон төрийн өндөрлөгүүд одоо л шийдвэрээ гаргах цаг юмсан.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ