Гадаад дотоодын ажилчдын цалингийн зөрүүг хуульчилна
Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгожээ. УИХ-ын намрын чуулганаар уг төслийг өргөн барих юм байна. Шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагад танилцуулж зөвлөмж авсан юм. Хөдөлмөрийн байгууллагын шинэчилсэн найруулгын төсөлд цалингийн гэрээг боловсронгуй болгож албан байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх, ажлын байрны дарамт шахалт зэргийг нарийвчлан тусгаж өгчээ. Мөн Олон Улсын байгууллагын хөдөлмөрийн тухай хуулийн жишгээр ижил хөдөлмөр эрхэлж байгаа дотоод гадаадын ажилчид болон хүйс ялгахгүйгээр ижил цалин авах асуудлыг хуульчлахаар болсон байна. Энэ асуудлыг амьдралд илүү ойр байдлаар тусгаж өгөхийн тулд МҮЭХ-ноос УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран ажлын хэсэг гаргахаар ярилцаж тохирчээ.
Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр насны хязгаар тогтоохоор болсон гэнэ. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийг уралдааны морь унуулахын тулд эцэг эхийнх нь зөвшөөрлийг авч орон нутгаас нь тавих хяналтыг сайжруулахыг хуулинд тусгасан байна. Мөн танилцуулгын явцад зарим нэг маргаантай зүйл байсны нэг нь Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос байгууллагуудад ажилчны төлөөллийг байгуулахаар хуульд тусгаж өгөх санал гаргасан явдал байв. Гэвч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа хэлэв. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон улсын жишигт аж ахуй нэгж байгууллага ажилчны төлөөлөлтэй байх хууль байгаа ч манай улсын хувьд зохицохгүй. Ажилчны төлөөлөл, МҮЭХ гэсэн тусдаа байгууллагатай болвол өмнөх 24 жилийнхээ хөдөлмөрийг үгүй хийнэ. Тэгснээс МҮЭХ-ны үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Манай байгууллагаас УИХ-ын 76 гишүүнийг хэр ажил олгогч гэдгийг судалж байна” гэсэн юм.
Хөдөлмөрийн яамны төлөөллүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг тэлэх үүднээс зайнаас ажиллах, түрээсийн хөдөлмөр эрхлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах зэрэг шинэ алхмууд хийж байгаагаа онцолсон юм. Тодруулбал хөдөлмөрийн хууль тогтоомжийг уян хатан болгохын тулд гэртээ хүүхдээ асарч байгаа эхчүүдэд цалин өгөх, төрийн болон хувийн байгууллагууд илүү цагаар ажилласны хөлсийг тооцож олгох, ажил олгогчид хариуцлагатай бизнес эрхлэхгүй байгаагаас ажлаас халагдсан тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэх заалтыг шинэчлэн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэв.
С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭ