Яая даа, энэ сөрөг хүчнийг

Эдийн засагт “хүслийн гурвалжин” гэж бий. Эдийн засгийн томъёолол нь арай өөр нэршилтэй ч энгийнээр бол хүслийн гурвалжин гээд нэрлэчихэд болно. Бие даасан мөнгөний бодлого, хөрөнгийн чөлөөтэй урсгал, тоггмол ханш гэсэн гурван зүйлийн огтлолцлыг “Хүслийн гурвалжин” хэмээн нэрийддэг. Бүр нарийн яривал эдгээр гурван зүйлийг хэзээ ч нэг дор бүрдүүлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, бурхан хоёр хүслийг нь л биелүүлж өгдөг аж. Эдийн засгийн энэ гурвалжинд багтсан гурван хүслийг гурвууланг нь биелүүлсэн улс бараг л байхгүй. Зарим нь ганцыг биелүүлсэн байдаг. Харин манайд хоёр хүсэл биелсэн.

 

Нэгдүгээрх нь бие даасан мөнгөний бодлого. Манайх өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрттэй. Энэ бол улс орны нэр төрийн баталгаа, бас бие даасан байх нэг том шалгуур.

 

Хоёрдугаарх нь, хөрөнгийн чөлөөтэй урсгал. Манай улсын хууль дүрмийг мөрдсөн хэн ч болов чөлөөтэй хөрөнгөө оруулж, ашиг олж, мөн манайд татвараа төлдөг. Энэ урсгалын чөлөөтэй байдал эдийн засагт эерэг үр дүн үзүүлж байгааг дурьдах нь илүүц биз. Хөрөнгө оруулалтыг бид хорьдоггүй, түүнээс алдаад байсан зүйл байхгүй. Хятад шиг хүчирхэг болтлоо хөгжиж чадаагүй нөхцөлд хө­рөнгө оруулалтыг хянах боломж ч байхгүй.

 

Харин энэ тохиолдолд ганц биелэхгүй хүсэл нь тогтмол ханш. Энгийнээр тайлбарлавал, өөрийн гэсэн мөнгөн тэмдгээр гүйлгээ хийдэг, хөрөнгө оруулалтын урсгал чөлөөтэй улс оронд валютын ханшийг яг нэг хэмжээнд барина гэж байдаггүй юм байна. Бурхан ч зөвшөөрөхгүй. Тиймээс өнөөдөр 1800 хол давчихаад байгаа ам.долларын ханшийн өсөлтөд буруу өгч боломгүй байгаа юм. Гэхдээ бурхан зөвшөөрөөгүй юм гээд бид зүгээр хараад 2000 хол давуулаад алдах эрхгүй.

 

Яагаад гэвэл, улс орны эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнэ долларын ханшаас шалтгаалж хэлбэлзэж байгаа нөхцөлд аль болох тогтвортой барих, өсөлтийн шаптгааныг олж, хариу үйлдэл үзүүлэх байдлаар дээшээ алдчихгүй, учиргүй доошоо буулгачихгүй хэвийн байдалд байлгах үүрэгтэй. Энэ үүргийг Монголбанкны ажилтнууд хариуцаж, арилжааны банкуудтайгаа харилдан ойлгоцож ажиллах учиртай ч долларын ханш өсөх, төсөөлж байгаа хүнд цохилт эдийн засагт ирэх дарамтын гол шалтгаан нь улстөржилт байдаг аж. Үүнийг ямар ч эдийн засагч хэлдэг, бас хүлээн зөвшөөрдөг. Монгол руу чиглэсэн их хөрөнгийн урсгал улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн болчимгүй хийсэн үйлдэл, үгнээс болж саардаг. Үр дүн нь эдийн засагт хүндээр тусдаг.

 

Өнөөдөр Оюутолгойг элдвээр улстөржүүлж, Оюутолгой шиг дампуу зүйл байхгүй хэмээн баахан улстөржсөний гор гарч эхэлчихээд байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоонгуут эдийн засаг элгээрээ мөлхөж, тогтмол барьж бай­сан долларын ханш өсөөд явчихсан. Үр дүнд нь улстөрчид биш ард түмэн л хохирч байна. Улстөржилт гэдэг ийм л хортой зүйл. Энэ хавар ч адилхан элдэв улстөржилтөөс үүдэж доллар 1800 хол давж, цаашлаад улс ор­ны амьдрал хэцүүдчихлээ. Max, өндөгний үнэ өсч байгаа нь ч на­рийн яривал МАН, АН хоёрын улс төрийн маргаан мэтгэлцээнээс үүдэлтэй. Энэ хаврын улс төрийн нөхцөл байдал эдийн засагт эерэг үр дүн дагуулсан гэж хэн ч хэлэхгүй.

 

МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг хүчин болсноос хойш байнга тавьсан. Засгийн газрын нэг сайдаар оролдох болгонд эдийн засагт нэг өөрчлөлт орж байсныг хангалттай олон жишээ баримтаар ярьж болж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг нараар оролдож эхэлснээс хойш хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжиж, далд уурхайн бүтээн байгуулалт саарч, долларын ханш дээшилж эхэлсэн. Тэтгэвэр тэтгэмж бага байна, цалин тэт­гэвэр хэцүүдлээ гэх жагсаал болгон эерэг үр дүн дагуулаагүй. Нэг үгээр хэлбэл сөрөг хүчний улстөржилт дандаа саар үр дүнг араасаа дагуулж байжээ. Гарцаа эрэхээсээ өмнө улс төрийн томилгоо сайдын сандал суудлын араас хэрэлдэж байх зуур доллар дахиад хэдэн төгрөгөөр өсөхийг тааж хэлэх аргагүй. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг нэг cap гацааж байгаа атлаа өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн, эсвэл хэн нэгнийг сандал суудлаас буулгах асуудлаар тэд долоо хоногт шийдвэр гаргадаг.

 

Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлэг сайдуудад хариуцлага тооцох талаар дахиад ярьж эхэлжээ. Давхар дээлийг улстөржүүлж, яамдын тоог цөөлөх, тэтгэврээ ахмадууд голж байна гэх мэтээр долоо хоног болгон нэг шинэ сэдэв олж түүгээрээ шоу хийж, улстөрждөг болоод байгаа МАН-ын дараагийн нүүдэл нь танхимын бүх сайдуудаар оролдох юм гэнэ. Тэр дундаа Ерөнхий сайдын суудлаар дахиж оролдохоор шийджээ. Ирэх долоо хоногт МАН-ын зүгээс Ерөнхий сайдыг танхимын гишүүдийг тэр чигээр нь огцруулах асуудлыг оруулж ирэх юм гэнэ. Харин баримт нь ямар байх нь одоогоор тодорхой бус. Эдийн засгийг унагасан салбарын сайдууд байгаа ч энд эрчимтэй ажиллаж байгаа сайдууд чамгүй олон бий. Нийгмийн, хөдөлмөрийн гадаад харилцаа, батлан хамгаалах, боловсрол, үйлдвэржилтийн салбаруудын дэвшил, сайдуудынх нь ажлын арга барил МАН-ын хэдэн  сайдаас хол давуу байгааг хүн бүхэн хэлж чадна. Шинэчлэлийн Засгийн газрыг ерөнхийд нь сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн судалгаа, өгсөн үнэлэлт дүгнэлтээрээ харуулчихсан. Тиймээс МАН-ын энэ нүүдэл дахиад л ялагдлын нүүдэл болох нь ээ. Гэхдээ энэ нүүдэл нэг л хор дагуулна. Тэр нь дахиад л эдийн засагт дарамт болж очиж байгаа юм.

 

Уг нь энэ долоо хоногт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, төрийн хатуу бодлогыг арай зөөлрүүлснээр Монголд хөрөнгө оруулах хүсэлтээ, хуулийн хатуу заалтад захирагдаж байсан хө­рөнгө оруулагчид наашлах чимээ дуулдаж эхэлсэн. Харин Засгийн газраар оролдож, дахиад сандал суудлаа хэлэлцэж, хэрэлдэж суух хооронд хуулийн төсөл хойшилж, хөрөнгө оруулагчид ч улам бүр алсрах вий. Яая даа, энэ сөрөг хүчнийг. Яачихсан улстөрчид гэхээрээ, эдийн засаг, улс орны нийгмийн амьдралаар дэнчин тавьж суудлын төлөө үхдэг байна аа.

Монголын мэдээ

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button