Төсвийн хөрөнгөнөөс гарсан зоос бүр үнэ цэнэтэй

“20 саяын тоглоомын талбай” гэх гарчигтай мэдээлэл цахим хэвлэлүүдийг нэг хэсэг чимлээ. Яагаад 20 сая төгрөгийн өртөгтэй тоглоомын талбай ингэтлээ олны анхаарлын төвд орох болов. Сая байтугай тэрбум тэрбумаар нь идчихсэн тендерийн хэргүүд олон байгаа ч тэднээс илүү олны анхаарал татаж чадаж байгаа энэ асуудлыг тодруулах шаардлагатай боллоо. Тэгэхээр юуны талаар бичих гэж байгаагаа тайлбарлах нь илүүц биз.

Сонгинохайрхан дүүргээс 2013 оны наймдугаар сард тендер зарласан байна. Ингээд тендерийн шалгаруулалт явагдаж “СБУ”ХХК шалгарчээ. Тус компанийн материалыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шалгаад ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон байгаа юм.

Тэд есдүгээр сарын 27-ны өдөр ажлаа эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 28-ны өдөр дуусах ёстой байж. Гэвч ажлын гүйцэтгэлийн явцад алдаа, зөрчил гарсан учраас хугацааг сунгахаас аргагүйд хүрч хүүхдийн тоглоомын талбайг 2013 оын 12 дугаар сарын дундуур хүлээлгэн өгчээ./Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хүлээн авсан/

  Харин 2014 оны эхээр тоглоомын талбайн чанарын асуудлаас болоод маргаан дэгдэж эхэлсэн байна.

Энэ талаар СХД-ийн 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Гантулга “Яг хэдэн төгрөгийн тендер зарлаж, хэдэн төгрөгөөр дээрх тоглоомын талбайг байгуулсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Сонгинохайрхан дүүрэг мэднэ. Манай хорооны хувьд тухайн бүтээн байгуулалтын чанар болон гүйцэтгэлд хяналт тавьсан. Ингээд хяналт тавихад үнэхээр чанаргүй ажил болсон нь тогтоогдоод байна. Тэгээд гүйцэтгэгч “СБУ”ХХК-нд хэлтэл төрийн байгууллагын дарамталж байна гэж ярьсан байна лээ. Ямартай ч холбогдох байгууллагуудад нь хэлсэн байгаа. Чанаргүй ажлаа засна гэж найдаж байна” гэж мэдэгдлээ.

Сонгинохайрхан дүүрэгт уг асуудлаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тиймээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг зорьлоо. Уг асуудалд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн асуудал хариуцсан орлогч дарга С.Цэдэнсодном хариулт өгөхөөр болсон юм.

 

Хүйтний улиралд гүйцэтгэсэн ажил учраас алдаа дутагдал бий

-СХД-ийн 30 дугаар хорооны тоглоомын талбайг чанар муу хийгдсэн хэмээн хорооны зүгээс үзсэн байна. Гэтэл ажил гүйцэтгэл дээр танайхаас хяналт тавьсан байх юм. Тоглоомын талбайг байгуулж байх үед алдаа, зөрчил гарч байгаагүй юу?

Манай дүүрэг, төрийн байгууллагууд тендерийг цаг хугацаандаа зарлаж чадахгүй байна. Үүнээс болоод дээрх ажил хүйтний буюу 9, 10 дугаар сард хийгдсэн. Хүйтний улиралд технологийн дагуу бүхий л барилгын ажил зогсох ёстой байдаг. Гэхдээ “СБУ” компанид хүйтний улиралд ажиллах технологийн шаардлагуудыг хангаж ажиллахыг манай зүгээс зөвлөж байсан. Тухайн үед чанар муутай хийгдсэн зүйлүүд байгаа. Тэр бүрт бид шаардлага тавьж алдаа дутагдлыг засуулж ажилласан. Мөн зарим алдаа дутагдлыг нь засуулахын тулд санхүүжилтээс нь тодорхой хувийг нь барьцаа хөрөнгө болгон аваад байгаа.

Гэхдээ “СБУ” цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэж дүүрэг, хорооны удирдлагууд ирж хүлээн авсан. Хүйтний улирлаас шалтгаалсан хийгдээгүй эсвэл урин дулаан цагт хийгдэх ёстой ажлууд байгаа. Түүнийг цаг тухай бүрт нь хийлгэхээр ажиллаж байна.

-СБУ компанийн гүйцэтгэсэн ажил 20 сая төгрөгийн төсөвтөө багтаж байгаа юу?    

-СХД-ээс тендер зарласан. Тус дүүрэгтээ үнэлгээний хороотой. Манай зүгээс тендерийн бичиг баримтад тусгасан төсөвт өртгийг санхүүжүүлж, захиалагчийн хяналт тавьж ажилласан байгаа.

-Зун зарласан тендерээс болоод ажил хүйтний улиралд хийгдлээ гэж ярилаа. Тэгэхээр анхнаасаа өвөл тендерээ зарлаж, зуны улиралд ажлаа хийлгэж болдоггүй юм уу. Чанаргүй ажил гүйцэтгэхэд тендер зарлагчдын буруу байгаа юм биш үү?

– Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас технологийн хувьд зогсоодог. Гэвч дүүргийнхэн энэ ондоо багтааж яаралтай гүйцэтгэх ёстой. Төлөвлөгөөнд тусгагдсан ажил хэмээн тайлбарлаж хөрөнгө оруулалт шаарддаг. СБУ компанийн хувьд хүйтний улиралд ажиллах учраас нэмэлттэй бетон зуурмаг ашигласан. Гэхдээ цочир хүйтрэх асуудлууд байсан учраас алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Харин гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч компани цаг тухай бүрт нь засаж янзлах үүрэгтэй.

-СБУ компани дахиж нэмэлт санхүүжилт авахгүйгээр засварын ажлыг гүйцэтгэх үү?

– Тэгнэ. Барилгын тухай хуулийн 16.1.3-т гурван жилийн дотор зөрчил дутагдал гарвал тухайн гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр засварын ажлыг хийнэ гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг л дагаж мөрдөх ёстой.

 

Тэд тендерийн ажлаа хугацаа хожимдуулж өгдөг

СБУ компанийн зүгээс энэ асуудал тайлбар өгөхийг хүссэнгүй. Учир нь тэд энэ ажлаас ямар ч ашиг олоогүй хохирогч болсон тул санхүүжилтээ гүйцэт авахыг хүсчээ. Хэвлэлээр гарч буй мэдээллүүдээс харахад ашиггүй ажил гүйцэтгэсэн түүнээс гадна ямар ч санхүүжилтгүйгээр дахин ажил гүйцэтгэхээр болсон СБУ компанид хохиролтой байгаа бололтой.

 Уг нь тоглоомын талбайг хүлээлгэн өгсөн нь харж, хянаж байх ёстой хүмүүс нь хариуцлага алдснаас ихэнх тоглоомууд хулгайд алдагдсан. Энэ болгонд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж гүйцэтгэсэн байгаа ч нэмэргүй байна гэж зовлонгоо тоочжээ. Мөн ажил 20 сая төгрөгийн өртөгтэй гэж байгаа ч санхүүжилтийн 20 хувийг "СБУ" ХХК өнөөдрийг хүртэл аваагүй байгаа гэнэ. Хотын зүгээс хорооны даргаас албан бичиг авчир гэсэн шаардлага тавьсан. Харин хорооны дарга нь албан бичиг өгөхгүй байгаа учраас цаашдын ажлаа гүйцэтгэхэд хүндрэл учраад байгаа аж.

Гэтэл СБУ гэх компани тендерийн ажлаа цаг хугацаанд нь өгдөггүй, чанаргүй гүйцэтгэдэг гэсэн мэдээллүүд олдлоо. Тодруулбал, тус компани 2012 онд  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Дашбалбар сумын Соёлын төвийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан ч хугацаа хожимдуулж, чанаргүй гүйцэтгэсэн байна. Мөн өмнө нь хэд хэдэн засварын ажлыг чанаргүй, хугацаа хожимдуулсан гэх асуудалд орж байсныг Дорнод аймгийн хэвлэлээр мэдээлж байсан байна. Өөрөөр хэлбэл СБУ компани нь тус аймагт “хар жагсаалт”-д оржээ. Энэ мэдээлэл  СБУ компани гэх нэрээр мэдээлэл хайх явцад хайлтын google сайтаас олдсон юм.

 

Төсөвт өртөг хэд ч бай татвар төлөгчдийн
 мөнгө гэдгийг мартаж болохгүй

Энд яагаад чанарын шаардлага хангахгүй тоглоомын талбайг хүлээн авсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, эсвэл ажлыг хүлээн авсан хүмүүсээс асуух ёстой байлаа. Одоо нэгэнтээ хүлээгээд авчихсан. Тэгээд хөрөнгө мөнгөгүйн зовлон тоочиж байгаа СБУ компанийг хэзээ засварын ажлаа гүйцэтгэх вэ гээд хараад сууж байх. Мөн засварын ажил дууссаны дараа эвдүүлчихгүй хамгаалах асуудал л үлдэж байна. Түүнээс хэн нэгэнтээ хариуцлага ярьж 20 сая төгрөгийг үргүй зүйл зарцуулсан тухай яриад ч хэрэггүй болжээ. Гэтэл энэ мөнгө хэний халааснаас гараад байгаа бид мартсан бололтой. 20 сая ч байна уу 2 сая ч байна уу ажил эхлүүлсэн бол чанартай гүйцэтгэж, хүлээн авсан бол эвдүүлчихгүй хамгаалах ёстой. Учир нь төсвийн хөрөнгөнөөс гарсан зоос бүр үнэ цэнэтэй.  

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button