888 төсөлд есөн хувийн хүүтэй зээл олгоно гэв
Ерөнхий сайд “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгээ импортыг орлох 888 төслийн төлөөлөл болон Засгийн газрын гишүүд, Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтран хийсэн.
Тэдний нийтлэг сонирхсон асуудал нь санхүүжилтийг хэрхэн хийх тухай байсан юм. Эцсийн байдлаар шалгарсан төслүүдийн жагсаалтыг санхүүжилт олгох 13 арилжааны банкинд илгээгээд байгаа аж. Бондын хөрөнгийг Хөгжлийн банкнаас Арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх зарчмаар явах гэнэ.
Хэдий төсөл нь удаан хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой ч барьцаа хөрөнгөний асуудалтай иргэд мөн цөөнгүй байгаа аж. Энэ тохиодолд үндэсний даатгалын корпорациар даатгал гаргуулж барьцаа хөрөнгөний дутууг нөхөх боломжтой хэмээн албаныхан тайлбарласан юм.
Одоогийн байдлаар Чингис бондын үлдэгдэл нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөг бий. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм байна. Үүний зэрэгцээ Самурай бондын 24,3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний эх үүсвэр байгааг ч дурдаж байв. Тиймээс 888 төслийн санхүүжилт бэлэн байгааг Ерөнхий сайд онцолсон юм.
Мөн энэ үеэр арилжааны банкуудаас зээл яаж шийдэгдэж гарах юм бэ гэх асуудлыг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас тодруулахад “ Юуны өмнө зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатай олгоно. Хүүний хувьд есөөс дээшгүй хувьд олгох юм. Зээлээс чөлөөлөгдөх хугацаа нь дор хаяж 12 жил байх гэсэн шаардлагатай. Санхүүжилт олгох мөнгө бэлэн байгаа. Тиймээс 888 төслийн эзэд арилжааны банктай тулж ажиллах шаардлагатай байна” хэмээн тайлбарлалаа.
Оллоо.мн