Томоохон гол мөрний ус жил ирэх тусам татарч, жижиг гол горхинууд хэдэн арваараа ширгэж байна

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай газрын баялаг ихтэй орны хувьд хөгжил маш ойр харагдаж байна хэмээн эрх мэдэлтнүүд хэлдэг ч үнэн хэрэгтээ сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад эвдэрч сүйдсэн эх дэлхий, ширгэж, үгүй болсон гол мөрний сайр л улам бүр олширсоор байгаа юм. Өдгөө Монголд “мөрөн” гэх тодотголд багтах их уст гол бараг үгүй болжээ. Жижиг гол горхи, булаг шандууд бидэнд мэдэгдэхгүй хатаж үгүй болсоор өдгөө томоохон гол мөрөнүүдийн ус илт татарч зарим газраараа ширгэж хатан тасархад хүрээд байна.

2010 оноос баруун таван аймгийн нутгийг дамнан 1000 гаруй км газар урсдаг “Орхон”  мөрөн устаж үгүй болж байгаа тухай шуугиан гарч байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй уг асуудал өнөөдөртэй золголоо. “Орхон” голын эрэг дагуу олборлолт явуулдаг алтны компаниудын далан сэтэрч, ус татдаг  хоолой удаа дараа хагарч байснаас голын ус хэмжээгээр бохирдож, улаан шороогоор урсч, ойр орчмын ой мод хатжээ. Энэ  бол өмнө нь тохиолдсон хойшид ч тохиолдох олон арван жишээний нэг нь юм.

Харин томоохон гол мөрний ус ийнхүү татарч байхтай зэрэгцэн Монгол орны жижиг гол горхи, булаг шандууд хэдэн арваараа ширгэж үгүй болсоор байна. Тодруулбал 2007 оны гол усны тооллогоор Монголд 18610 гол нуур, горхи булаг тооллогдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байна. Монгол орны гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан билээ. Тиймээс энэ тоо өнөөдөр ч гэсэн нэмэгдсээр байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button