Н.Төмөрхуяг: Цээжинд хадаатай, дуулагдаагүй дуу олон бий
Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа уянгын дууны мастер гэгддэг нэгэн эрхмийг урилаа. Тэрбээр өнөөг хэр нь хэзээний танил болсон урт үс, бүрх малгай, шаргал гитартайгаа “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор үрээ уучлаач ээжээ” гээд дуулдаг нь хэвээрээ. Ингээд Монгол Улсын гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуягтай уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Тантай уулзаж, ярилцахыг хэдэн сарын өмнөөс л хүсч байлаа. Шалтгаан нь маш энгийн. Зөвхөн гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэх гэж л тэр шүү дээ?
-Өө, маш их баярлалаа.
-Ганц би ч биш танд баяр хүргэхийг хүссэн олон хүн байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Нөгөөтэйгүүр тэр бүх хүн таныг гавьяат цол авахыг тэгтлээ их хүсэн хүлээсэн байх нь?
-Баярлалаа.
-Их л хожуу авлаа даа?
-За, тэр яах вэ.
-Ийм даруухан загнах шаардлага байна уу. Төр засаг ч тэр аль эрт өгчих цолыг их оройтож олголоо?
-Ах нь нэг их зүйл ярихгүй ээ. Гол нь хүний хийж, бүтээсэн зүйлийг л зөв үнэлэх хэрэгтэй. Үнэндээ цаг хугацааны хувьд хойшлогдсон, хоцорсон бүр орхигдсон юм байдаг л юм. Жишээ нь Адарсүрэн ах байна. Үнэхээр цагийг эзэлсэн мундаг дуучин байлаа. Энэ мэт эртний олон сайхан дуучид байна шүү дээ. Одоо бол яагаа ч үгүй байж том цол авчихсан залуус явж л харагдах юм. Төр засаг ч гэсэн арай л яаруу шагнал олгоод байна уу даа гэх бодол төрдөг.
-Тэр хэрээр аливаа цол, шагнал үнэгүйдэж байна шүү дээ?
-Тэглээ гээд яах ч билээ. Би ямар дүгнэж цэгнэдэг хүн нь биш. Олон юм яриад яах вэ.
-Ойлголоо, энэ сэдвийг ингээд орхие. Ингэхэд таныг гэр хороололд амьдардаг гэж сонссон?
-Тийм ээ, манайх Толгойтын 10-н буудалд байдаг.
-Хэн, хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Ганцаараа. Ингэж хэлэх муухай ч болоод л байна.
-Хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хэчнээн муудсан ч мах цусны минь тасархайнууд шүү дээ. Одоохондоо хотын төвд том хүүгийндээ байгаа. Тоглолтоо дуустал байх санаатай. Манайх чинь их хол шүү дээ. Тэр холоос хотын төв рүү ирж, очих гэсээр хамаг цаг маань өнгөрчих юм. /Инээв/
-Ач, зээ олон биз?
-Өө, байлгүй яах вэ. Нэг ачтай. Одоо зургаан настай. Яг л аавыгаа дуурайсан алаг нүдтэй охин бий. Хүн чинь өөрийнхөө үр хүүхдээс илүү ач, зээгээ л гэдэг юм байна. Түүндээ их хайртай, амь байдаг юм.
-Таныг ижий, ааваасаа олуулаа гэдгийг мэднэ. Одоо ах, дүү нар тань хаана, юу хийж явна вэ?
-Бид ээжээсээ наймуулаа. Гэтэл хоёр дүү маань бурханы оронд явчих юм байна шүү дээ. Үнэхээр хатуу хорвоо юм. Ах нар нь байсаар байтал залуу гэлтгүй хоёр дүүг маань аваад явчихлаа. Үлдсэн хэд нь өөр өөрийн тавилангаар амьдарч л явна.
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг гуайн хэдэн сайхан дууг та дуулж амьдруулсан байдаг?
-Тийм ээ. “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж” зэрэг гурав, дөрвөн дууг нь дуулсан.
Үүнээс “Хорвоод ганцхан ээждээ” дуу нь л гэхэд гайхамшигтай түүхтэй. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгчийн шүлэг. С.Оюун эгч Чинжигийн ээжид зориулж энэ дууны шүлгээ бичсэн юм. Яагаад ч юм хаана явсан би энэ дууг дуулах дуртай.
-Би хувьдаа үнэхээр сайхан дуу гэж хэлнэ. Энэ дуугаа ижийдээ зориулж дуулж өгч байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Би энэ дууг анх 1990 онд Монголын радиогийн алтан фондод бичиж хадгалуулсан байдаг. Миний ээж 1998 онд бурхан болсон гэхээр их олон жил сонссон байх нь. Ээжийгээ бодохоор, тэр эмэгтэйн тухай ярихаар уйлмаар болдог юм. Тиймээс аль болох ярихгүй байхыг хичээдэг. Сэтгэл үймрээд хэцүү шүү дээ.
-Уучлаарай, таныг эмзэглүүлчих шиг боллоо. Гэхдээ ард түмэн таныг уянгын дууны мастер гэж хүндэтгэн хайрладаг. Нөгөөтэйгүүр “гэгэлгэн дуу дуулдаг хүн жаргадаггүй” гэх яриа ч бий?
-За даа, бараг үнэн байх шүү. Би боддог л юм.
-Юуг тэр вэ?
-Хүн яг л өөрийнхөө амьдралыг дуулдаг юм болов уу гэж. Тиймээс олны үг ортой ч байж мэдэх юм.
-Тэгээд л та нэг хэсэг бор дарсанд хөлчүүрхсэн байх нь?
-Үгүй гэж хэлэхгүй ээ. Нэг их хүнд гайхуулаад яриад байх зүйл ч биш. Архи ууж явсан үе надад байсан.
-Хүнд хамаатан садангаас илүү сайн найз нөхөд, сайхан нөхөрлөл гэж заяадаг. Та тавилангаар учирсан хэчнээн найзтай вэ. Зовж явахад тань хэд нь түшиж үлдэв?
-Нэг л их олон найзтай хүн шиг санаж явж. Эргээд бодоход их цөөхөн. Гарын арван хуруунд багтахаар л найзууд байдаг.
Тэдэнтэйгээ их ойр дотно байдаг. Гэхдээ яах вэ, энд тэнд очиход найз нөхөд мундахгүй ээ
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр таны дуунууд үнэхээр хит болж байлаа. Одоо ч таны дуунуудыг ард түмэн сонсдог. Бас үгүйлдэг. Янз нь та олон жил ярьсан тоглолтоо хийхээр болжээ дээ?
-Тийм ээ, гавьяат авсан өдөр маань л намайг хүндэлж явдаг дүү нар минь тоглолт зохион байгуулья гээд бэлтгэл ажилдаа орсон. Энэ тоглолтдоо дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Балдантай хамтрах юм. Учир нь “Хорвоод ганцхан ээждээ” дуугаа Д.Балдантай хамтран дуулсан.
-Та хамгийн сүүлд хэдэн онд тоглолт хийсэн билээ?
-1993 онд “Болор цом”-ын эзэн Ц.Чимиддоржтой хамтран тоглолт зохион байгуулж байлаа. Дараа нь 1996 онд дуучин С.Цэрэнчимэд, Г.Мөнхбаяр нартай хамтран “Уянгын дууны гурван уулзвар” гэж тоглолт хийсэн. Тэрнээс хойш 18 жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Олон жил тоглолт хийнэ гэж ярьж байгаа юм. Одоо л цаг нь болсон юм байлгүй.
-Яагаад заавал залуу дуучин Д.Балдантай хамтарч тоглолт хийхээр болов оо?
-Д.Балдан бид хоёр нэг нутаг. Аав нь миний ангийн хүүхэд байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын студи дээр дуу бичүүлж байхад нь танилцсан. Аль нутаг вэ гэсэн Хэнтийнх гэнэ. Хэний хүүхэд вэ гэлээ. Дэмбэрэлваанчигийнх гэнэ. Багын найзын маань хүү болж таарсан. Тоглолтын бүх бэлтгэл ажлыг Д.Балдан маань хариуцаад, голыг нь нугалж явна. Энэ сарын 19-нд болно.
Гэтэл зарим дуучинд маш дураараа. Ямар ч зөвшөөрөлгүй үг, аялгууг нь ч бүтэн сураагүй, дуу яаж бүтсэн түүхийг нь ч мэдэхгүй байж дуулчихсан л сонсогддог.
Дуулж байгаа дууныхаа эхний хоёр бадгийг нь мэдчихээд гуравдугаар бадгийг нь үг зохиогоод хүртэл дуулж байна шүү дээ, миний дуунаас. Болохгүй биз дээ. Зохиогчийн эрх гэдгийг уландаа гишгэж байгаа биз дээ.
-Тэр ч тийм шүү. Ингэхэд таны урын санд хэчнээн дуу байна вэ?
-Би тоолж үзээгүй.
-Тоолох юм бол?
-Гэхдээ 100-гаад дуу бий шүү. Миний өөрийн аялгуу хийсэн дуу ч бий.
-Цаг нь болохоор дуулна даа гэсэн дуу бий юу?
-Надад дуулах дуу хэдэн арваараа байна. Түүнээс биш одооны залуус шинэ дуу эрж хайгаад явдаггүй. Надад дуулаагүй маш их дуу байна даа.
Тэр ч битгий хэл 1960, 1970-аад оны үед зохиогдсон багшийн маань дуу хүртэл байна. Цээжинд хадаатай л явна даа.
Өглөөний сонин
Б.Төрбат