Ашигт малтмалын хуульд ашигтай нэмэлт, өөрчлөлт орохгүй

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн сарын сүүлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа.

Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа аж. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль, “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоол зэрэг хууль тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгааг төсөл санаачлагч онцолж байсан юм.

 Салбарын сайд  өргөн барьсан хууль  нь батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч үзэж байгаа гэнэ.

Харин уул уурхайн салбарынхан энэ хуулийн өөрчлөлт ямар нэгэн шинэчлэл авчрахгүй гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ.

Анх  1994 онд “Ашигт малтмалын тухай” анхны хууль батлагдаж байсан юм. Ашигт малтмалын тухай хууль гэсэн албан ёсны утга бүхийн хууль өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. 1997 онд “Ашигт малтмалын тухай” хоёрдахь шинэ хууль, 2006 онд “Ашигт малтмалын тухай” хуулийн шинэчлэсэн найруулгаар өнөөдрийг хүртэл монголд үйлчилж байгаа юм.

Харин Д.Ганхуяг сайдын өргөн бариад байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ашигта малтмалын хуулийн  хамгийн их зөрчилтэй заалтуудыг нэг ч хөндөөгүй.

Харин геологийн албыг агентлагийн харъяа газар болгох тухай оруулсан байна. Энэ нь мэдээж геологчдод таалагдсангүй. Учир нь өнөөдөр геологийн албыг агентлагын харъяа болголоо гээд Монголын геологи сэргэж чадахгүй гэнэ. Геологчдын зүгээс 1997 оны хуульд л үндэсний геологийн албыг устгасан заалтыг оруулж өгсөн өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа гэх. Тухайн үед буюу 1997 оны хуулийг дэлхийн банкны санхүүжилтээр өөрчилсөн гэдэг. Гэтэл Дэлхийн банк тусламж үзүүлэх нөхцөлдөө “Та нар төсвийн хөрөнгөө хэмнэ. Геологид зарж байгаа хөрөнгөө зогсоо” гэснийг оруулж өгчээ. Ингээд 2000 оны үед 200 сая төгрөгийн санхүүжилттэй 4000 мянган инженер техникийн ажилтантай, нийт ажиллагсад нь 6000 мянга хүрдэг салбарыг устгахад хүргээд зогсохгүй гадаадынханд бүх эрхийг олгосон тухай ч геологичид ярих нь бий.  

Ямар ч байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байгаа. Геологийн салбарынхныг багагүй бухимдуулаад байгаа уг хууль батлагдаад хөрөнгө оруулалтыг татах эсэхийг цаг хугацаа харуулна  биз.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button