ШӨХТГ-тай заргалдаж буй “Тайгам Алтай”-н эзэд их хэмжээний мөнгө татвараас “нуужээ”
Иргэдийг хохироож олон сая төгрөг хууль бусаар завшсан гэх “Тайгам Алтай” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар цуцлуулах хүсэлтийг ШӨХТГ-аас Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлжээ. Тодруулбал дээрх компани иргэдийг хууран мэхэлж метр квадрат нь дутуу орон сууц худалдасанаас болж өдгөө хуулийн байгууллагаар шалгагдах болсон байна. Өөрөөр хэлбэл тус компани 47 иргэнд 166 метр квадратыг дутуу нийлүүлж нийтдээ 227 сая төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогджээ.
Тиймээс иргэдийн гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж тэдний булхайг олон нийтэд ил болгон 10 сая төгрөгийн торгууль ногдуулж асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Гэтэл тус компани хэрэглэгчдийн хохирлыг төлөхгүй хэмээн гүрийж дээрх мөнгөн торгуулийг Хан-Уул дүүргийн шүүгч Тунгалагсайхан гэгчээр шийдвэр гаргуулж хүчингүй болгуулжээ. Уг нь ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл тус компанийн гаргасан хүсэлтийн дагуу яагаад Тунгалагсайхан шүүгч шийдвэрийг хүчингүй болгов гэдэг нь хачирхалтай. Түүнчлэн тэд ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх тэдний хүсэлтийг хүлээн авахгүй хэмээн мэдэгдэж шаардлага биелүүлэхийг хэвээр үлдээсэн байна.
Ингээд тус компанийг улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэж үзэн ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 дугаар шийтгэврийн хуудсаар 59 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Хэрвээ тэд анхны мөнгөн торгуулийн 10 сая төгрөгийг төлсөн бол ийм их хэмжээний мөнгө төлөхгүй байсан гэсэн үг. Арга заль ихтэй тус компанийн ноцтой үйлдэл үүгээр дууссангүй.
Тус компани бидний сайн мэдэх Нарны гүүрний баруун талд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших “Алтай хотхон”-ны бүтээн байгуулалтын ажлыг хийж их мөнгийг хууль бусаар хувьдаа халаасалсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
“Тайгам Алтай” компанийн эзэд метр квадратыг илүү бодож өөрсдийнхөө хувийн данс руу хийсэн нь тогтоогдвол татвараас зайлсхийсэн гэх хэрэгт унах аж. Ямартай ч нөхцөл байдал ийм дээрээ тулсан учраас холбогдох албаны хүмүүс тус компанийн удирдлагууд болон эздийг нь УМБГ-т шалгуулахаар болоод байгаа юм. Иргэдийн хуруу хумсаа хуйхлан байж байртай болох гэсэн мөрөөдлийг ийм ёс жудаггүй компаниуд дэвсэлж ашиг олохыг илүүд үзэж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг албаныхан хүртэл онцлон хэлж байв. Тиймээс чанаргүй барилга барьж иргэдийг олноор нь хохироож байгаа “Тайгам Алтай” мэтийн компанийн тусгай зөвшөөрлийг яагаад цуцалж болохгүй гэж. Албаны хүний хэлж буйгаар “Тус компанийн тусгай зөвшөөрлийг харьяа яаманд нь хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөхгүй байна.
Иймэрхүү хууль бус үйлдэл хийж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх тус яаманд байдаг” гэсэн юм. Хэдийгээр өнөөдөр ШӨХТГ тэдний буруутай үйлдлийг тогтоож арга хэмжээ авсан ч харилцан уялдаа холбоотой ажилладаг төрийн бусад байгууллага нь энэ мэт аашлаад байвал цаашид маш олон иргэн хохирсоор байх болно.
Тиймээс Барилга хот байгуулалтын яам нэг компанийн эрх ашгийн төлөө бус олон сая төгрөгөөрөө хохирч үлдээд байгаа ард иргэдийн эрх ашгийг илүүд үзэж тус компанийн тусгай зөвшөөрлийг нэн түрүүнд цуцлах хэрэгтэй гэдгийг оршин суугчид манай сониндамжуулсан юм.
Одоогоор ШӨХТГ-т тус хотхоноос метр квадратын зөрүү мөнгөө нэхэмжилж өгөхийг хүссэн иргэдийн тоо 230-д хүрээд байгаа юм билээ. Метр квадратын зөрүүнээс мөнгө хумсалж хувийнхаа данс руу хийсэн, дунд голын хөвөөн дээр голын эрэгтэй залгаа шахам барилга барьж, иргэдтэй хууль зөрчин гэрээ байгуулсан компанийн эздийн тухай цааш эрэн сурвалжлаж хүргэх болно.
Өглөөний сонин
Р.Саруул