Газарчин дээд сургууль оюутнуудынхаа замын зардлаас татаас авчээ
Алслагдсан аймаг, орон нутгаас оюутан болж ирэгсэд буюу оршин суугаа газраасаа 500 км болон түүнээс хол байршилтай их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд ирэх, очих замын зардлын мөнгөө буцаан авах эрхтэй. Үүнийг Засгийн газрын 2011 оны тогтоолоор жил бүр тухайн сургуулийн санхүүгийн албадаар дамжуулан 100 хувь олгож байхаар тогтсон.
Гэтэл зарим нэгэн сургууль орон нутгийн оюутнуудад очих ёстой уг мөнгөнөөс юу нь тодорхойгүй шимтгэл авч байгаа талаар нэгэн сургуулийн оюутан ярьж байна.
Тухайлбал, “Газарчин” дээд сургууль нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудынхаа ирж, буцах замын зардлыг энэ өдрүүдэд тараажээ. Тэгэхдээ Сургалтын төрийн сангаас оюутнуудын замын зардалд зориулагдан орж ирж байгаа мөнгөөс хүүхэд тус бүрээс нь 10 мянган төгрөг суутгасан байна. Оюутнууд ямар учраас ийн мөнгө суутгаж байгааг нь асуухад сургалтын албанаас нь “шимтгэл” гэхээс өөр тайлбар өгөөгүй байна.
Үүнээс гадна бичгийн цаасны тал цаас гэмээр хуудсан дээр “…тухайн оюутны хоёр талын замын зардлыг олгов” гэсэн бичигтэй цаасыг өгөхдөө, баримтын мөнгө гэж 100 төгрөг ч хураасан талаар тус сургуулийн оюутнууд ярьж байна. Оюутнуудын хэлж буйгаар, тэдэнд очих ёстой мөнгөнөөс тус сургууль бодлогоор татаас авч байгаа нь журамд хийцэхгүй гэнэ. Учир нь өмнө ийм шимтгэл авдаггү байсан ажээ. Бусад сургуулийн оюутан багш нараас замын зардлын мөнгийг буцаан олгохдоо сургуулиас нь ямар нэгэн шимтгэл авч байгаа эсэхийг лавлахад “аваагүй" хэмээн хариулж байв.
Өнгөрсөн жил гэхэд л зарим их дээд сургуулиуд хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудынхаа замын зардлыг дансаар нь шилжүүлж байсан. Тэгэхээр элдэв асуудал гаргахгүйн тулд оюутнуудын мөнгийг дансаар нь шилжүүлж яагаад болохгүй гэж.
Дашрамд дуулгахад, суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан зардлыг очсон, ирсэн баримт буюу хот хоорондын зорчих тээврийн хэрэгсэлд мөнгө төлсөн тасалбарыг үндэслэн Сургалтын төрийн сангаар дамжуулан жилд нэг удаа олгодог. Гэхдээ үүнд зөвхөн аймгийн төв хүртэлх зай болон зардал хамаарна. Иймд дээрх шаардлагыг хангасан оюутан, суралцагч өөрийн орон нутагт явсан замын хоёр талын тасалбарыг эх хувиар нь сургалтын албандаа өгснөөр замын зардлын мөнгөө буцаан авдаг. Сүүлийн дөрвөн жилийн судалгаанаас үзэхэд жилд дунджаар 11 мянга орчим оюутан хоёр талын замын зардлаа авчээ.
Г.Аянга
оллоо.мн