Орон сууцны захиалах эрх хожвол даваа гаригаас гэрээгээ хийж болно
“Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах эрхийн сугалааг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн II сувагаар шууд дамжуулна. Үүнтэй холбоотойгоор ТОСК-аас хэвлэлийн бага хурал хийв. Нийт 9094 хүн захиалга өгснөөс НДЕГ-аас нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 24 сар тасралтгүй төлөх шаардлага хангаагүй 1610 хүн, Монголбанкны мэдээгээр 408 хүн арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаас авсан зээл нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэж мэдэгджээ.
Гэвч зарим иргэд дээрх нөхцлүүдийг хангасан ТОСК дутуу шалгалаа хэмээн үзэж гомдол гаргаад байгаа аж. Тиймээс өргөдөл гомдлыг дахин нягтлаад маргааш 12.00 цагаас өмнө хэдэн иргэн нь сугалаанд оролцох эрхтэй болсон талаар мэдээлэх аж.
“Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалаанд оролцох эрхтэй болсон иргэдийн сугалааг камерийн хяналт дор явуулахыг ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргал хурлын үеэр хэллээ. Мөн АТГ, ШӨХТГ, ТОСК-ийн Дотоод аудитын газар болон орон сууц захиалсан иргэдийн төлөөллийг оролцуулан сугалааг уламжлалт аргаар буюу хүүхдээр сугалуулна гэлээ.
Сугалаа ирэх бямба гарагийн 10.00-14.00 цагийн хооронд МҮОНТ-ийн 2 дугаар сувгаар зорилтот бүлгийн иргэд буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сугалааг явуулах юм байна. Харин маргааш нь буюу ням гарагийн 10.00 цагаас төрийн албан хаагчдийн дунд орон сууцны сугалаа явагдах аж. Ингээд орон сууц захиалах эрх нь үүссэн иргэд ирэх даваа гаригаас эхлэн ТОСК дээр очиж, орон сууц худалдан авах гэрээгээ байгуулах юм байна.
Т.Ами
Оллоо.мн