Х.Тэмүүжин албан тушаалдаа үлдэх бололтой
УИХ-ын чуулган өчигдөржингөө хаалттай хуралдлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх гэж тэр. Чуулганы хуралдаан эхэлсэн цаг үеэс эхлээд шүүх хуралдааны горимоор ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, Х.Тэмүүжингээс асуулт асуухаар 45 гишүүн нэрсээ өгснөөс тэдний олонхи нь сайдаас өөрөөс нь гэхээс илүүтэй Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нараас асуусан сурагтай.
Ялангуяа, гишүүд Х.Тэмүүжиний танил байсан гэх хар тамхи хэрэглэж байгаад баригдсан бүсгүйн талаар асууж лавлаж байсан тухай мэдээлэл байна. Энэ нь Хууль зүйн сайд нь өөрөө гар утасны хулгайчид тусалдаг, өмгөөлөгч олж өгдөг байж таарахгүй гэсэн маргаан өрнүүлэх гол шалтгаан болсон юм байх. Хаалттай хуралдааны өөр нэг онцлог нь Х.Тэмүүжинийг огцрох ёстой гэж үзэж байсан гишүүдийн санаа зорилго өөрчлөгдсөн нь байлаа. УИХ-ын гишүүн М.Зоригт цахим хуудаснаа “Х.Тэмүүжингээ дэмжинэ ээ. Өнгөрсөн үйл явцууд залуу сайдад том сургамж ухаарал өгсөн гэж итгэж найдаж байна” хэмээн бичжээ.
Анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан энэ эрхэмд олон гишүүний эсэргүүцэл, шүүмжлэл түүний үзэл бодлыг өөрчилсөн мэт харагдаж байгаа юм. Мөн огцруулах үндэслэлийг оруулсан О.Баасанхүү гишүүний нэг намын бүсгүй болох З.Баянсэлэнгэ ч гэсэн хаалттай хуралдаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж буйгаа чуулганы завсарлагаанаар сэтгүүлчдэд хэлнэ лээ. Тэрээр “Хуралдаан биш шүүх хурал болж байгаа юм биш үү. Тал талаас нь гишүүд байцааж, бүр хуулийнхан ч гэсэн ирчихсэн мэдээлэл өгч байх жишээтэй.
Төрийн эрх барих дээд байгууллага ийм коммунист зарчмаар ажиллаж болно гэж үү” гэсэн. Түүнээс гадна УИХ-ын дарга З.Энхболд, сайдын албанаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүд Х.Тэмүүжинийг огцруулахыг дэмжиж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн онцолж байсан. Харин сөрөг хүчнийхэн буюу МАН-ынхан огцруулах үндэслэлийг төдийлөн дэмжихгүй байгаа талаар ч хэлэх хүн байлаа.
Мөн хуульчдын дунд “Х.Тэмүүжин огцрохгүй. Тохиролцоо хийсэн” гэх яриа ч бас гарсан байлаа. Ийнхүү өдөржин хуралдсан чуулганы хуралдаан сонин буух цаг үед нэгдсэн шийдвэрээ гаргаагүй л байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөртөө /өчигдөр/ гишүүд асуулт асууж, харин маргааш /өнөөдөр/ шийдвэрээ гаргаж магадгүй гэх мэдээлэл Төрийн ордонд тарсан байв. Гэхдээ асуудал Х.Тэмүүжиний талд эргэж магадгүйг гишүүд онцолж байсан юм.
Р.Гончигдорж: ХУУЛИЙНХНЫГ БАЙЛЦУУЛЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоос хуралдааны талаар асууж сонирхсон юм.
–Чуулганы хуралдаан дээр хуулийн байгууллагынхныг оролцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болох уу. Мөн Х.Тэмүүжин сайдын эрхийг зөрчиж байгаа гэж зарим гишүүд үзэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Тийм. Хууль зөрчиж байна. Хаалттай хуралдаан байх шаардлагагүй. Чуулганы хуралдааны үеэр мөрдөн байцаах болон тагнуулын байгууллагуудыг байлцуулж хэргийн талаарх мэдээллийг асууж болохгүй. Хариулах ч ёсгүй. УИХ зүгээр л гурван үндэслэлээр огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг ярих ёстой. Тийм байхад дуусаагүй байгаа мөрдөн шалгах үйл ажиллагаанаас мэдээлэл авч байна.
–Өмнөх парламентад ийм зүйл тохиож байсан уу?
-Үе, үе гардаг байсан. Би Ц.Нямдорж сайдад хэлж байсан. Та нар хуулийн байгууллагынхныг энд шүүгээд байж болохгүй шүү гэж хэлсэн. Парламентын үйл ажиллагааны зарчимд байж болохгүй зүйл. Шүүх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл холилдох вий гэсэн сэрэмж байна.
О.Баасанхүү: МИНИЙ АРД З.ЭНХБОЛД БИШ АРД ТҮМЭН БАЙГАА
Харин тогтоолыг төслийг өргөн барьсан О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.
–Хаалттай хуралдааны явц ямар байна вэ?
-Чуулганы хуралдаан хаалттай болсон учир ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй.
–Та Х.Тэмүүжинийг албан ёсоор уучлал гуйвал огцруулах шаардлагагүй гэдгээ мэдэгдэж байсан. Уучлалт гуйсан уу?
-Х.Тэмүүжинийг надаас уучлал гуйсан гэж би хэлээгүй. “Хүлцэл өчье” гэсэн бичиг явуулсан.
–Тэр бичиг нь таныг өргөдлөө буцааж татах үндэслэл болох уу?
-Болохгүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болон дотор нь байрлах “MRI” аппарат бүгд хэвэндээ ороогүй. Тэр асуудлууд шийдэгдээгүй байна. Миний эцсийн зорилго бол Х.Тэмүүжин гэдэг хүнийг огцруулахдаа биш тэр эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашиглах. Мөн тэр үнэтэй “MRI” аппарат эвдэрсэнийг хүлээн зөвшөөрүүлэх, ёс зүйгүй байгааг нь батлахдаа байгаа юм.
–Ёс зүйтэй холбоотой асуудалд Х.Тэмүүжин сайд ямар хариулт өгч байна вэ?
-Хаалттай хуралдааны явцыг хэлэх боломжгүй.
–Гишүүд таны тавьж буй үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Би бол бодитой гэж үзэж байгаа. Нотлох баримт ч бий. Ерөнхийдөө гишүүд өөр, өөрийн үзэмжээр асуулт асууж, хариулт авах нь нээлттэй.
–Х.Тэмүүжин сайдыг албан тушаалд нь авч үлдэх эсэх нь “Шударга ёс” эвслийн бүлгээс хамаарна гэсэн зүйл яригдаж байна?
-Үүнд хариу өгөх боломжгүй. Байнгын хорооны дүгнэлт байгаа шүү дээ. Түүнд бүх зүйл нь тодорхой тусгагдсан.
–Таны ард З.Энхболд байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Миний ард З.Энхболд дарга биш Монголын ард түмэн байгаа. Эмнэлэг иргэдэд л хэрэгтэй биз дээ.
–УИХ-ын чуулганыг шүүх хуралдаан шиг болж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хүмүүс өөр, өөрийнхөөрөө хариулах байх. УИХ-ын чуулганы хуралдаан дэгийнхээ дагуу явж байна.
Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ