Хувийн хэвшлийнхэнд төрийн бодлого дутагдаж байна

Чөлөөт зах зээл чөлөөтэй эдийн засагтай улсад бизнесмэнүүд хэнээр ч хэлүүлэлгүй ажлын байр бий  болгож улсад татвар төлснөөр эдийн засгаа өөдөн татдаг. Харин төр энэ үйл ажиллагаанд зөвхөн бодлогын хувьд оролцож зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хувийн хэвшлийнхэн зам тээвэр, цахилгаан халаалт, аюулгүй байдал гэх мэт нийтийг хамарсан үйлчилгээг зах зээлийн хүрээнд хүргэх боломжгүй бол төр засаг үүнийг хариуцан зохицуулдаг байна. Гадны улс орнууд боломжтой бүх үйлчилгээнд  хувийн хэвшлийнхэнийг өрсөлдүүлэн  хүргэх нь урт хугацаанд хамгийн өгөөжтэй гэж үздэг байна. Харин манай улсад төрийн өмчит компаниудад хэтэрхий их эрх мэдлийг өгснөөр хувийн хэвшлийнхэнийг зохицуулах эрх зүйн орчинг дутмаг гэх хүмүүс олон. Тухайлбал,Төрийн өмчит гэх тодотголтой компаниуд улсаас их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан байж үйл ажиллагаагаа явуулдаг ч дампуурах тохиолдол нилээдгүй гардаг. Тэр ч үүднээсээ зарим компаниудыг хувьчилж эхэлсэн. Харин хувийн хэвшил эсрэгээрээ. Төрөөс авах дэмжлэг нь бага ч төрд нэмэр болох хувь нь илүү. Учир нь хувийн хэвшил Монгол улсын албан татварын 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүгээр барахгүй ажлын байр, хот тохижилт цаашлаад эдийн засгийн гол тулгуур болж ч ирсэн.

Тэгвэл төр хувийн хэвшлийнхэнийг эрх зүйн орчноор хангах үүргээ биелүүлж чадаж байна уу.

Зах зээлийн чөлөөт эдийн засагтай ардчилсан орнуудад хувийн хэвшилд үйл ажиллагаа эрхлэгчид тухайн орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүний наяас ерэн хувийг дангаараа бий болгон бүрдүүлдэг аж. Энэ нь нэг үгээр төрийн ачааг хөнгөвчилж өгч байгаа хэрэг юм байна. Харин тэдгээр баялаг бүтээгчдийн төрд төлсөн татварийн мөнгийг төр оновчтойгоор захиран зарцуулж энгийнээр тайлбарлавал иргэдээ өлсгөхгүй, ажлын байраар дутаахгүй  байх үүрэг хүлээдэг гэхэд болно. Тэр тусмаа төр мөнгө олох гэж тархиа гашилгах биш баялаг бүтээдэг үндэсний хэмжээний хувийн томоохон үйлдвэрлэгчдээ хууль эрх зүйн тогтвортой орчноор хангаж, нөгөөтэйгүүр гадаад, дотоодоос мөнгө босгох хөрөнгө оруулалтын нөхцөлийг нь хангалтай бүрдүүлж өгөх юм байна. Товчхондоо бол урт хугацаанд хэрэгжих оновчтой бодлогыг л боловсруулах аж. Яг энэ зарчмаар богино хугацаанд асар хурдацтай хөгжсөн улс орнууд замнасан бөгөөд өнөөдөр ч мөн адил тэр л зарчмаар явж байгаа.

Гэтэл манайд энэ нь шал эсрэгээрээ байдаг гэнэ. Үүний хамгийн тод жишээ бол яг өнөөдрийн байдлаар гадны томоохон компаниуд манай зах зээлд нийлүүлээд байсан асар их хэмжээний хөрөнгө оруулалтаа багасгасан. Улмаар үүнээс үүдэж манай улсын эдийн засаг зогсонги байдалд орсон нь асуудлын зангилааг дахин авч үзэх шаардлага бий болгож байна.  Ганцхан гадны гэлтгүй дотоодын томоохон үйлдвэрлэгчид ч хөрөнгө оруулалтаа таг зогсоон төр засаг ямар шийдэлд хүрэхийг нь хүлээсэн нөхцөл байдалд байгаа аж. Жишээлбэл, хувийн хэвшлийн төлөөлөл болсон манай томоохон бизнес эрхлэгч “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл энэ тухай онцлоод Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75-80 хувийг хувийн хэвшил дангаараа бүрдүүлж байгаа гэв. Мөн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нөгөө л хувийн хэвшлээс хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын нийт хувийг төр засагт ад үзэгдээд байгаа хувийн секторынхон дангаараа бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Энэ тохиолдолд Монголын төр ямар арга хэмжээ авч байна гэхээр хувийн секторуудыг дэмжихийн оронд тэдний цар хүрээг улам хумьж, заримыг нь татан буулгаж  өөр дээрээ ачааг нэмэгдүүлэн данхайлгаж байгаа нь үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл, ядуурлын түвшинг улам гааруулж өгч байна гэж хэлж болно. Эндээс үүдэн төр, засаг хувийн хэвшлүүдийг өдөр шөнөгүй хянаж цагдаж, болохгүй бол татан буулгана, өөртөө нэгтгэнэ гэж айлган сүрдүүлэхийн оронд улс орноо аль болох түргэн хугацаанд эрчимтэйгээр хөгжүүлье л гэж зорьж байгаа бол эрх зүйн орчноо улам боловсронгуй болгож аль болох урт хугацаанд тогтвортой хэрэгжих хуулийг амьдралд нэвтрүүлэх нь юун түрүүнд хэрэгтэй байгааг онцолмоор санагдаж байна. Үүний тулд хамгийн чухал нь хувийн хэвшлийнхээ санаа оноог сонсож хуульдаа тусгадаг байх нь юу юунаас илүү чухал юм.

 

Бусад улс орнууд хувийн хэвшлийг илүүд үзэж төрөөс дэмжлэг үзүүлдэг

 

Дэлхийн улс орнуудад хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих чиглэлээр шинэтгэлийн олон ажлуудыг хэрэгжүүлсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг шинээр бий болгосон жишиг туршлагууд байдаг. Тухайлбал, Сингапур Улс 2003 онд бизнесийн бүртгэлийг нэг цэг, цахим тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнээр бизнес эрхлэгчдийн үргүй зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэж, улмаар бизнес эрхлэх аж ахуйн нэгжийн тоо өссөн ба энэ нь шударга өрсөлдөөний орчин, нөхцөлийг бий болгож, экспортын бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлсэн гэж үздэг.

Вьетнам Улсад 2000 оноос хойш бизнесийн орчныг таатай болгох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр “Компанийн тухай хууль”, “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль” зэрэг чухал эрх зүйн баримтыг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, ажлын байрны тоо жил бүр дорвитой өссөөр иржээ.

Харин манай улсад хувийн хэвшлийнхэнийг дэмжихээс илүүтэй шахаж гаргах тохиолдол их байдаг гэнэ. Инноваци, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат  энэ талаар хэлэхдээ “Монгол Улсад төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Төрийн хийж чадахгүй байгаа, хийх боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх нь зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад байдаг. Олон улсад концессын ойлголт бол шинэ зүйл биш. Төр-хувийн хэвшлийн оролцоог хангах, томоохон мега төслүүдэд хамтран ажиллах гол хөшүүргийг концессын гэрээ тавьдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийнхний чадамжид суурилуулан бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгоход урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлдэг. Харин манай улсад ийм тогтолцоо байдаг ч хэрэгжүүлдэггүй” хэмээсэн юм. Энэ мэтчилэнгээс үзэхэд хувийн хэвшлийнхэнд, бичил бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл их.

Арилжааны  банкны зээлийн хүү өндөр, түрээсийн дарамт их, элдэв тусгай зөвшөөрөл, Засгийн газрын бизнесийг дэмжсэн бодлого сул, татварын буруу тогтолцоо, авилга, хувь тооцдог буруу жишиг зэрэг нь бизнест дарамт болсоор байна. Өмнөд хөршид үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ тогттол нь хэсэг хугацаанд татвар авдаггүй жишигтэй. Өнгөрсөн жил л гэхэд хямралын улмаас компаниуд хүнд байдалд орсон тул жижиг аж ахуйн нэгжүүдээ хэсэг хугацаанд татвараас чөлөөлсөн байх жишээтэй. Ингэснээр 600 мянган хүний ажлын байрыг хадгалж үлдэх боломж бүрджээ. Тэгвэл Монголд компани дөнгөж байгуулагдлаа, гэрчилгээгээ авлаа бараг л маргаашнаас нь татварын байцаагчид нэхэн ирж татвараа төл, эсвэл шийтгэлээ хүлээ гэсэн маягаар харьцаж байна.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Татвар бол эрүүгийн гэмт хэрэг биш. Энэ бол нэр хүнд, захиргааны хэрэг болохоос биш шоронд хийгээд байх асуудал биш. Энэ бол төрийн гар мушгилт, дарамтын хамгийн тод илэрхийлэл. Тиймээс бид татвар авах аргачлалаа өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн нэрийн өмнөөс торгодог байцаагч нарын эрхийг багасгахгүй бол төрийн дарамт хэтэрхий ихэсч байна” гэсэн юм.  Энэ мэтээр хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засгийн хөгжилд чухал байр суурьтай хүмүүс юм. Тиймээс төр цаашдаа улам данхайна гэлгүйгээр хөгжлийн жолоог аль болох хувийн хэвшлийнхэнд атгуулах хэрэгтэй байх. Үүний эхлэлийг 2013 онд тавьсан. Тодруулбал, Монголбанкныхан эдийн засгийг дэмжих бодлогуудаа 100 хувь хувийн хэвшилд тулгуурлан хийсэн. Үр дүнд нь эдийн засаг ч тогтворжиж, ажлын байр хадгалагдсан. Мөн хувийн хэвшлийнхэн ч үйл ажиллагаагаа тэлж, томорч чадсан. Хамгийн ойрын жишээ барилгын салбар дээр гарч ирж буй. Энэ салбар өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй өндөр өсөлт буюу 154 хувиар өссөн. Энэ бүхний ард эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болж байгаа юм

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button