Христийн сүмд хууль бусаар үзлэг, эмчилгээ хийж байжээ

-Жуулчны визтэй эмч нар хууль бусаар 600 гаруй хүнд эмчилгээ хийжээ-

Хэл нэвтрэлцэхгүй, зүс өөр, эмч гэх “сэтэртэй” хүмүүс Монголд ирж долоохон хоногийн хугацаанд гурван дүүргийн 600 гаруй хүнд   “буян” үйлдчихээд нутаг буцжээ. Хамгийн гол нь жуулчны визтэй хоёр нөхөр Монголд орж ирээд, эмнэлгийн зориулалтын бус орчинд, ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа дургиж байгаад явсан байх юм.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Ирээдүй” гэх Христийн сүмд үе мөч, гэмтлийн нөхөн сэргээх үзлэг хийж байгаа тухай мэдээлэл Баянзүрх дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ сарын 6-нд иржээ.

Мэдээллийн мөрөөр Эмнэлэг, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч О.Ёндонцоо, н.Төгсмаа нар очиж шалгахад, Монголын тав, гадны хоёр эмч сүмд олон зуун хүнийг цуглуулж, зориулалтын бус газар үзлэг, эмчилгээ хийж байсан аж. Энэ тухай тодруулахаар бид Баянзүрх дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийг зорилоо. Улмаар тус газарт хяналт, шалгалт хийсэн улсын байцаагч нартай уулзсан юм.

О.Ёндонцоо: Гурван дүүргийн 600 гаруй хүнд хууль бусаар эмчилгээ хийсэн

-Болсон үйл явдлын талаар ма­най уншигчдад тодорхой мэ­дээ­лэл өгөхгүй юу. Гадны эмч нар Монголд зөвшөөрөлгүй үзлэг, эмчилгээ хийж, “Эрүүл мэн­дийн тухай” хуулийг зөрч­сөн талаар мэдээлэл цацаг­даад байна?

-Баянзүрх дүүрэг дэх Мэр­гэж­лийн хяналтын хэлтсээс иргэний мэдээллийн дагуу энэ са­рын 6-нд “Гэрэлт ирээдүй” Христийн цуглааны байранд ир­гэ­дэд үнэ төлбөргүй хийгдэж бай­гаа эмчилгээ, үйлчилгээг шал­га­сан. Шалгалтаар АНУ-ын ир­гэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson, P.Wong нарын хоёр, Монгол Улсын иргэн таван  их эмч нар хамтран  иргэдийн биеийн үений холбоосонд та­рил­гын холимог хийж байсан.

\Тод­руул­бал, глюкоз 20 хувь, ли­до­каин хоёр хувь, витамин В12-ыг хооронд нь хольж, шингэн та­рил­га бэлтгэснээрээ иргэдэд та­рьж,  үйлчилж байсан. Иргэдэд үйлч­лэх­дээ найруулсан тарилгын уус­ма­лыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн 500 хүн/тун/, эм­нэл­гийн тусгай хог хаягдлыг заав­рын дагуу цуглуулаагүй, шал, ши­рээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэ­рэг­лэ­сэн бохир зүү тариур, хэ­рэг­лэ­хээр бэлтгэсэн тарилгын уус­мал­тай тариурыг нэг ширээнд зэ­рэг­цүүлэн байрлуулсан, гар угаах нөхцлөөр хангагдаагүй бай­сан.

Үүнээс гадна  нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, ан­ти­септик баримтлахгүйгээр өв­дөг­ний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хат­галт хийж тарилгын уусмал ша­хаж байгаа нь халдвар хам­гаал­лын дэглэмийг ноцтой зөрчсөн дүр зураг харагдсан л даа.  Бид дар­гаа­саа үүрэг авсны дагуу эхлээд тан­­дах судалгаа хийсэн юм. Шууд шал­галт хийнэ гэвэл хүмүүс чинь та­раад зугтчихдаг байхгүй юу. Тий­мээс эхлээд тандах судалгаа хийж, үзлэг хийж байгаа өрөөг тойрч, зураг авч, баримтжуулсан. Тэ­гээд болж байгаа үйл явдлыг дар­га­даа шуурхай танилцуулсан.

\-Гадны эмч нар монголд ямар журмаар орж ирсэн бай­сан юм бэ. Тэднийг шалгаж бай­гаа юу?

-АНУ-ын хоёр эмч жуулчлалын ви­зээр Монголд орж ирсэн юм би­лээ. Тэгээд хэрэг явдал ман­дан­гуут шууд нутаг буцчихаж байгаа юм. Анхнаасаа долоо хоногийн ху­га­цаа­тай ирсэн байсан гээд энэ са­рын 8-нд тэд нутаг буцсан. Нэг нь Хятад гаралтай Америк хүн бай­сан. Гэхдээ Монголд Хонг­кон­гийн паспортоор орж ирсэн юм би­лээ. Харин нөгөө нь АНУ-ын ир­гэн.

Тэд нутаг буцсан учраас шал­гах боломжгүй л дээ. Бидний чиг үүрэг бол хяналт, шалгалт хийж, зөр­чил илэрсэн тохиолдолд тас­лан зогсоох, торгууль тавих. Түү­нээс биш хэргийг шалгах чиг үүрэг бүхий байгууллага биш. Тэ­дэнд бид 1.5 сая төгрөгийн тор­гууль тавьж, эм, тариаг нь ху­рааж, устгалд оруулж, улсын ор­лого болгосон.

Харин монгол эмч нарын хувьд хууль, хяналтын бай­гуул­лагад шилжүүлэх хэм­жээ­ний зөрчил гаргаагүй гэж үз­сэн учраас мөнгөн торгууль та­виад л өнгөрч байгаа юм. Учир нь тэд гаж, буруу эмчилгээ хий­гээ­гүй, хүний эрүүл мэнд, бие мах­бодид ноцтой хохирол учруу­лаа­гүй болохоор цагдаагийн бай­гуул­лагад шилжүүлэх хууль, эрх зүйн үн­дэс­лэл байхгүй. Эрүүл мэндийн ту­хай хуулийн 25.4-д  хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 5-10 дахин мөн­гөн торгууль ногдуулах гэж заа­сан байдаг юм.

\-Гадны хоёр эмчийг хэн Мон­голд урьж, авчирсан юм бэ. Монгол эмч нарын хувьд тор­гуу­лаад л өнгөрчихөж байгаа юм уу?

-Хамгийн гол нь тэд Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай хууль”-ийг зөрчсөн. Бид эрх үүр­­гийн­хээ дагуу шалгахад, АНУ-ын ир­гэн гэх хоёр эмч ЭМЯ-наас эмч­лэх эрхийн зөвшөөрөл аваа­гүй байсан. Уг нь эмчлэх эрхийг ЭМЯ-аас олгодог юм шүү дээ.

Тэ­гээд бид яагаад зөвшөөрөл ч авалгүй, зориулалтын бус бай­ранд эмчилгээ хийж байгаа юм бэ гэхэд монгол эмч нар өөдөөс ин­­гэж хариулж байгаа юм. “ЭМЯ чи­нь хүнд сурталтай шүү дээ. Бид төрийн байгууллагын хүнд сурт­лыг дийлэхгүй. Тэгээд ч хэ­тэр­хий хатуу, амьдралд нийцэхгүй хууль, эрх зүйн зохицуулалттай” гэж ха­риулж байгаа юм. Өмнө нь ч гэсэн гад­ны эмч нар зориулалтын бус бай­ранд хууль бус үзлэг, эмчилгээ хийж л байсан.

Энэ бүхэн юуг ха­руу­лаад байна вэ гэхээр ЭМЯ, нийс­лэлийн Эрүүл мэндийн газ­рын уялдаа холбоо, ажлын ха­риуц­лагыг илтгээд байна шүү дээ. Тэд яагаад ажлаа хийхгүй бай­на вэ. Яагаад гадаадын эмч гэх сэтэртэй хүмүүс жуулчны ви­зээр Монголд орж, ирээд Монгол Ул­сын хууль, журмыг зөрчөөд бай­гаа юм бэ.

Нэг сүмд ширээ дэл­гэ­чи­хээд хүмүүсийг үзээд байж бай­хад салбарын яам нь юу ч мэ­дээ­гүй гээд сууж байж бо­лох­гүй ээ. Тэгэхээр энэ бүхэн Монголд хууль эрх зүйн нарийн зохи­цуулалт хэрэгтэй байгааг ха­руулж байгаа юм.

\-Иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлсэн гэсэн. Яагаад тэгсэн юм бэ?

-Биднийг тус сүмд очиход хү­мүүс гадуур хувцастайгаа, цамцаа сө­хөөд бөхийгөөд зогсчихсон, ну­рууг нь дагаж цус урсаад л, ха­ра­хаас ч нүд хальтирмаар тийм дүр зураг харагдсан юм. Тэгээд бид тэнд цугласан хү­мүүст учир байдлаа хэлээд, хэлж тайлбарлахад иргэд юу гэ­сэн гээч. “Гадны мундаг эмч нар ирээд бидэнд үнэ төлбөргүй үйл­чил­гээ үзүүлж байхад та нар хорьж, цагддаг хэн юм. Муусайн гай болсон юмнууд. Хэрэв та нар байгаагүй бол бид эмчлүүлэх байсан” гэж бухимдацгааж байсан.

Үнэндээ хаанахын хэн гэгч этгээд Монголд ирчихээд ямар эмчилгээ хийж байгааг тэд мэдэхгүй. Бид  “Та нарт ямар тариа тарьж байгаа юм бэ” гэж иргэдээс асуусан л даа. Гэтэл иргэд “Юуг нь мэдэхгүй ч үнэгүй юм чинь ямар хамаатай юм бэ” гэж хариулж байгаа юм. Арай дэндүү байгаа биз дээ. Бид ямар хээр талд давхиж яваа хүмүүс биш.

Ийм байж болохгүй. Эхлээд биднийг эсэргүүцэж, дургүйцсэн боловч хэлж, ойлгуулсны үндсэн дээр тарцгаасан. Ер нь бид гадныхан гэхээр л алгаа тосоод л, өмнө нь бөхөлзөж гүйдэг. Гэтэл гадаад юм бүхэн сайн биш, гадаад хүн бүхэн сайхан сэтгэлтэй биш шүү дээ. Тэгээд бид тэнд цугласан хүмүүст хэлсэн л дээ.

\“Уучлаарай та нар, монголын ард түмэн. Бидэнтэй л адил монгол хүмүүс. Тиймээс харсаар байж, гадныхан ингэж монголын хууль, журмыг зөрчүүлж чадахгүй” гэж. Улмаар  Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн X зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн тус сүм дээр хийгдэж байсан эмчилгээ, үйлчилгээг зогсоож, хэрэглэж байсан эм, эмнэлгийн хэрэгслийг хураасан.

Монгол хүний эрүүл мэнд, амь насаар “тоглосоор” байх уу

“Гэрэлт-Ирээдүй” сүмд товч­хондоо иймэрхүү зүйл болоод өн­гөр­чээ. Бид Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлт­сээс гараад “Гэрэлт-Ирээдүй” Хрис­тийн сүмийг зорилоо.  Гэр бүлийн радио 104.5-ийн баруун хойд талд гур­ван давхар саарал байшинд тус сүм үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Гаднаас нь харахад сүм, хийд гэж хэлэхээргүй. Дүнсгэр, саа­рал байшин. Дотор нь хэн гэгч этгээд ямар үйл ажиллагаа явуулж буй нь хаалттай.

Том тө­мөр хаалгыг түгжиж, дотроос нь но­ход хуцах чимээ л сонстоно. Ха­рин амьд хүн байгаа шинж алга. Ул­сын байцаагч нарын ярианаас үз­вэл тэд өөрсдийгөө энэ хэрэгт ямар ч хамаагүй гэж тайлбарлаж бай­гаа бөгөөд зөвхөн сүмийнхээ нэг хэсгийг түрээслүүлсэн гэж бай­гаа аж. Энэ мэт Монголд эзэн, хаяг нь тодорхойгүй байшин, ба­рил­га олон. Дотор нь хэн гэгч эт­гээд Монгол Улсын хууль, жур­мыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус.

\Үүний нэгээхэн жишээ нь дээрх хэ­рэг явдал. Өөрсдийгөө эмч гэж танилцуулсан АНУ-ын иргэн гэх хоёр этгээд хэдхэн хоногийн ху­га­цаанд гурван дүүргийн 600 га­руй хүнд эмчилгээ хийж, тариа тарь­сан байгаа юм. АНУ-ын Кали­форни мужийн Бэллфловэр, План­сентиа хотын нөхөн, сэр­гээх эмчилгээний доктор, ана­гаах ухааны доктор Хансон Вон гэх этгээд үе мөч, гэмтлийн нө­хөн сэргээх үзлэг, эмчилгээ хий­хээр Монголд иржээ. Түүний цол гун­шин философи, шашин суд­ла­лын ухааны доктор, эмийн бус аргаар эмчлэх анагаах ухааны доктор зэргээр үргэлжлэх аж.

Гэхдээ түүнийг үнэхээр 1983 онд Калифорнийн их сургуулийг төгссөн эсэхийг сургууль нь л батална. Улсын байцаагч нарыг очиход, АНУ-ын хоёр иргэн өөрсдийгөө мэргэжлийн эмч нар гэдгээ тайлбарлаж, бөөн бичиг цаас, сертификат үзүүлжээ. Тэгвэл энэ бичиг цаас нь АНУ-даа л хүчинтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт эмчилгээ эрхлэхэд хамаагүй. Хэрэв Америкт ийм зүйл болвол ямар асуудал босох нь ойлгомжтой.

Гэтэл хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллагаа, дээрээс нь монголчуудын боловсролгүй, ухам­сар дорой байдлыг ашиглах гэ­сэн нөхдүүд жуулчны виз өвөрт­лөн “Чингис хаан”-д га­зард­даг болжээ. Өнгөрсөн онд БНСУ-ын иргэн гэх хоёр эмэгтэй зочид бууд­лын өрөөнд уламжлалт эм­чил­гээ хийж байгаа баригдсан. Энэ мэт хууль бус үйлдлийг тас­лан зогсоож, гадныхныг өөг­шүү­лэх­гүй байхад иргэдийн орол­цоо  ч чухал. Зочид буудлын өрөөнд зүү тавиулж л байдаг, хрис­тийн сүмд тариа хийлгэж л байх.

\Монголчууд минь ин­гэт­лээ мун­ха­гийн зовлонд нэр­вэгд­чи­хээ­гүй байлтай. Тий­мээс ч хууль, хя­нал­тын бай­гуул­лага, ир­гэн, салбарын яамны ха­рил­­цан уял­­даа­­тай ажиллагаа энэ бүх­­нийг тас­лан зогсооход нэн тэр­­гүү­­ний асуудал болчихжээ. Энэ мэт­­чи­лэн хууль бус үйл ажил­­­ла­­гаа зохион байгуулдаг сүл­­­жээ ажиллаж байна.

Үүнийг ил­­­­рүүлж, таслан зогсоохгүй бол цаашид өөрсдийгөө эмч гэж та­нил­цуулж, сертификат өвөрт­­­лө­­сөн харийнхан монгол хү­­ний амь нас, эрүүл мэндээр тог­­лож, хохироох нь. Сонин, сэт­­гүү­лийн зарын хэсгээс өвөр­­монголын эмч, хятадын ба­риач урьд хожид үзэгдэж, ха­раг­даа­гүй эмчилгээ хийж байгаа ту­хай зарыг бишгүйдээ л уншиж бай­сан биз.

Тэднийг хэн Монголд урьж, авчраад байна вэ, бас хэн Монголд амьдрах орчин, нөхц­лийг нь бүрдүүлээд байна вэ. Уг нь Монгол Улсад ГИХГ гэж нэг байгууллага бий. Тэгвэл тэд Монголд ажиллаж, амьдарч бай­гаа гадаад иргэдийн хууль бус үйлдлийг яагаад таслан зогсоохгүй байна вэ.

Монголын мэдээ

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button